m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 02:51
29
Г.Уянга: Оюутолгойн гэрээг дордуулах юм бол огцруулах саналыг өргөн барина гэдгээ томилогдохоос чинь өмнө хэлчихье

УИХ-ын чуулганаар Ерөнхий сайдад томилох асуудлыг хэлэлцэж байна. Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлаар гишүүдийн асуултад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг хариулж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн болон Ц.Оюунбаатар нар Ерөнхий сайдаар томилогдвол эдийн засгийн хямралаас гаргахын тулд хэрхэн ажиллах талаар асуусан.

Ч.Сайханбилэг "Эдийн засгийн болон улс төрийн хямралаас гарахын тулд шинэ байгуулагдах Засгийн газар идэвхтэй, бүтээлч зарчмаар хандана. Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөр үргэлжлээд явах хэдий ч эдийн засгийн хямралаас гаргах өөрчлөлтүүдийг хийнэ. Харин Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийг хуулийн дагуу хийх бөгөөд нийгмийн захиалгаар Засгийн газар байгуулах тал дээр анхаарч ажиллана" гэв.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайдад томилогдвол танхимаа хэрхэн бүрдүүлэх талаар асуусан. Харин нэр дэвшигч "Ерөнхий сайд дангаараа танхимаа бүрдүүлэх эрх байхгүй. УИХ-д суудалтай нам, эвсэлүүдэд зөвшилцөх бичиг хүргүүлсэн. Намууд зөвшилцөөд хамтран ажиллахаа өөрсдөө шийднэ" гэлээ. 

Л.Эрдэнэчимэг гишүүн тэтгэвэр, тэтгэмж хэзээ нэмэх талаар асуусан. Харин нэр дэвшигч Ч.Сайханбилэг "Шинэ Засгийн газрын гол зорилго эдийн засгийн өсөлтийг хангах юм. Ирэх жилд цалин тэтгэвэрт 500 тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа" гэв.

УИХ-ын гишүүн Г.Уянга нэр дэвшигчийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр энэ талаар "Өмнөх Засгийн газар нүүрээ угаагаад нөгөө хувцасаа өмсөөд гаргаад ирлээ гэж харж байна. Мөн таныг Ерөнхий сайд болгохын тулд таны найз С.Баярцогт гишүүн нэлээд зүтгэлээ. Та хоёрыг Оюутолгойтой холбож хараад би айж байна. Учир нь Оюутолгойд төр 34 хувь эзэмшдэг. Энэ гэрээг одоо байгаагаас нь илүү дордуулах вий гэхээс айж байна. Тиймээс дэмжихгүй байгаа юм. Гэхдээ та өнөөдөр томилогдох нь ойлгомжтой ч ялагдаж томилогдож байгаа юм. Та Оюутолгойн гэрээг одоо байгаагаас нь дордуулах даалгавартайгаар сонгогдож байгаа бол, тэрийгээ ажил болгохоор завдах юм бол огцруулах саналыг би өргөн барих болно гэдгийг томилогдохоос чинь өмнө хэлчихье" гэлээ.

Ч.Сайханбилэг "Шинэ Засгийн газар Оюу толгой болон Тавантолгойн төслийг хамгийн зөв гэсэн зарчмаар шийднэ" хэмээн хэллээ.

УИХ-ын гишүүн М.Батчимэг Монгол Улс төрийн нэгдмэл гадаад бодлоготой байх ёстой. Бид гадаад бодлогын хувьд ямар нэгэн бүлэглэл, фракцаас хамаарах ёсгүй. Тиймээс энэ асуудалд ямар зарчим баримталж ажиллах талаар асуухад нэр дэвшигч Ч.Сайханбилэг Гадаад харилцаа болон бусад бүх харилцаа дээр танхимын зарчмыг баримталж ажиллана гэдгийг хэллээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.