m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 03:13
64
ФУТЗАЛЫН БУРХАН

Хоёр жилийн өмнө Тайландад болж өндөрлөсөн футзалын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Бразилийн шигшээгийн ялалтаар өндөрлөсөн билээ. Гэхдээ хөлбөмбөгийн эх орныхон дандаа шулуун дардан замаар яваад тав дахь удаагаа аваргалсан гэвэл үнэнд нийцэхгүй.

Амжилтын товчоон:

ДАШТ-ий хоёр алт (2008, 2012), нэг мөнгө (2000), нэг хүрэл (2004) медальтай. 1998, 1999, 2000, 2008, 2011 оны “Америкийн цом”-ын аварга. Тус тэмцээнээс 2003 онд мөнгөн медаль хүртэж байв. Өмнөд Америкийн клубуудын аваргаар найман удаа (2001, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008), Бразилийн аваргаар зургаан удаа (1999, 2005, 2007, 2008, 2010, 2011) тодорсон. Бразилийн цомд мөн зургаан удаа (1998, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008) аваргалжээ.

Хувийн амжилтын тухайд 2004, 2006, 2011 онд дэлхийн шилдэг тоглогчоор шалгарсан. ДАШТ-ий мэргэн буучийн алдрыг 2004 онд, шилдэг тоглогчийн “Алтан бөмбөг” шагналыг 2004, 2008 онд хүртсэн. Бразилийн АШТ-ий шилдэг довтлогчоор 2005, 2008, 2009, 2010, 2011 онд тодорсон.

Бразилийн шигшээд нийт 201 тоглолт хийж, 339 гоол оруулаад байна.

Тэд шөвгийн наймд магадгүй энэ тэмцээний хамгийн хүнд тоглолтоо хөрш Аргентиний эсрэг хийсэн. “Цагаан-цэнхрүүд” нэгдүгээр үеийн төгсгөлд хоёр гоол оруулчихаад хойш шигдэж, хамгаалалтдаа хамаг хүчээ хаях болсон нь бразилчуудад ихээхэн төвөг удсан юм. Ийм хүнд үед Бразилийн дасгалжуулагч Маркос Сорато “хашир хандгай” Фалькаог талбайд гаргасан нь тун оновчтой шийдвэр болсон. ДАШТ-ий нэжгээд алт, мөнгө, хүрэл медальтай, тус тэмцээний мэргэн буучаар гурвантаа, шилдгийн шилдэг тоглогчоор хоёронтаа тодорч байсан, футзалын ертөнцөд өвөрмөц финтээрээ алдаршсан энэ тоглогч нас ахиж, жин нэмсэн, мөн хүнд гэмтлийн улмаас сүүлийн үед голдуу сэлгээгээр гарч, талбайд маш цөөхөн минутыг өнгөрүүлдэг болоод байв. Гэвч хур их туршлагатай Фалькао орж ирснээр тетракампеонуудын тоглолт эрс сэргэж, Аргентиний багийн хаалгач бөгөөд ахлагч Элиасыг сандаргаж эхлэв. Тоглолтын 33 дахь минутад Нето багийнхаа эхний бөмбөгийг оруулсан бол түүнээс ердөө ганцхан минутын дараа Фалькао тоог тэнцүүллээ. Нэмэлт цагийн тав дахь минутад тэрбээр булангийн цохилтоос дамжуулсан бөмбөгийг солгой хөлийн хүчтэй цохилтоор Элиасын хаалганд зоож, хожлын гоолыг оруулсан юм.

Хэцүүхэн учраагаа ур чадвар, туршлагын хүчээр буулган авсан бразилчууд хагас шигшээд Колумбыг 3:1-ээр бутниргээд дэлхийн хошой аварга Испанитай аваргын төлөө тулалдах эрхийг олов. Шигшээ тоглолт өмнөд америкчуудын давамгайллаар эхэлсэн ч дунд үед испаничууд дараалан хоёр бөмбөг оруулах нь тэр. Соратогийн шавь нарт үлдсэн арван минутын хугацаанд бүх хүчээрээ довтлохоос өөр арга үлдсэнгүй. Гэвч испаничууд хий зайгүй хамгаалж, үе үе аюултай сөрөг довтолгоо гүйцэтгэж байлаа. 35 дахь минутаас хаалгач Тьяго байраа орхин довтолгоонд хүч нэмсний үр дүн удалгүй гарч, түүний оновчтой дамжуулалтаар Фалькао тэнцээний бөмбөгийг хийв. Улмаар нэмэлт арван минутын хугацаа дуусч байхад Нето “алтан гоол”-ыг оруулснаар бразилчууд тав дахь удаагаа дэлхийн аварга болов.

Бразилийг аварсан Фалькао гэж хэн бэ? Алессандро Роза Виейра буюу зүгээр л Фалькао 1977 оны зургадугаар сарын 8-нд Сан-Паулуд төржээ. Биеийн өндөр 177 см, жин 74 кг. Хувийн дугаар 12. Довтлогчоор тоглодог.

Тэрбээр заалны хөлбөмбөгч болох гараагаа “Гуапира”-гийн залуучуудын багаас эхэлсэн бөгөөд “Коринтианс”, “ГМ Шевроле”, “Атлетико Минейро”, “Рио де Жанейро”, “Сан-Паулу”, “Банеспу” багуудад тоглож байгаад Жарагуа хотын “Малви” багт гол амжилтаа гаргасан аж. 2010 оны сүүлчээр “Малви” ивээн тэтгэгчгүй болж дампуурсан тул Фалькао “Сантос”-ын тоглогч болжээ.

Фалькао Бразилийн шигшээд 1998 оноос хойш тоглох болсноос хойш багийнхаа салшгүй нэгэн хэсэг нь болжээ. 2000 онд бразилчууд дэлхийн аваргын дэвжээнээ анхны ялагдлаа амсан, мөнгөн медаль хүртэхэд тэр зургаан гоол оруулсан юм. Дөрвөн жилийн дараа “Шар цамцтанууд”-ын амжилт буурч, хүрэл медаль дээр буухад Фалькао тэмцээний мэргэн буучийн алдрыг шилдэг тоглогчийн шагналын хамт хүртэв. Харин 2008 онд бразилчууд түүний ачаар аваргын титмээ эргүүлэн авсан гэхэд болно. Бразилчууд нутагтаа Испанийг азаар хожсон уу, эсвэл “Ялагдашгүй Армада”-гийн ноёрхлыг бүрмөсөн унагаж, урьдын адил №1 баг болсон уу гэдгийг харуулах тэмцээн нь энэ удаагийн ДАШТ байлаа. Хэдийгээр урьдынх шигээ ачааны хүндийг үүрч чадахаа больсон ч “Футзалын бурхан” Фалькао шийдвэрлэх тулааны чухал гоолуудыг оруулж, Бразилд тав дахь түрүүг нь авчирсан бөлгөө.