m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 03:47
507
Үхэл амьдралыг мэдэгч эмч

П.Н.Шастиний нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн түүхэн ой энэ жил тохиож байгаа билээ. Тус эмнэлэгт 1988 оноос хойш ажиллаж байгаа П.Чулуунцэцэг  эмчийг энэ удаагийн “Масс зочин” буландаа урьсан юм. Тэрбээр мэс заслын өмнөх болон дараах амьдралыг шийддэг чухал мэргэжилтэй нэгэн юм.

- Өөрийнхөө талаар танилцуулахгүй юу?

-Намайг Паламын Чулуунцэцэг гэдэг. 1982 онд Анагаахын дээд сургуулийг төгссөн, мэрэгжлээрээ Мэдээгүйжүүлэх эрчимт эмчилгээний эмчээр 32 жил ажиллаж байна.

-Ажлынхаа гарааг хаанаас эхэлж байв?

-Манай гэрийн хүн цэргийн хүн байсан учир сургуулиа төгсөөд Дорноговь аймгийн Зүүнбаянгын цэргийн мэс заслын эмчээр ажиллаж эхэлсэн. Тэндээ таван жил ажиллаж байгаад гуравдугаар эмнэлэгт мэс заслын залуу эмч шалгаруулж авна гэсний дагуу шалгалт өгөн тэнцээд энэ эмнэлэгтээ ирж байсан.

- Мэргэжлийнхээ  сайхныг мэдэрч байв уу залуу эмч байх даа?

-Ажилдаа дуртай  тангарагтаа үнэнч байсаар ирсэн. Би хоёр тангараг өргөсөн хүн. Нэг нь эмчийн тангараг нөгөө нь цэргийн эмчийн тангараг өргөсөн. Цэргийн эмч бол чанга дэглэмтэй, жагсаж сурна, команд өгч сурна, машин жолоодох гээд л байлдааны үед хэрхэн ажиллах тал дээр хүртэл ажиллаж буудаж сурсан. Тангарагтаа  үнэнч байх хамгийн сайхан.

- Цэргийн эмчээр ажиллаж байх хугацаанд гэнэтийн халдлагад өртөж байсан уу?

- Хятад Монголын харилцаа таагүй үе байсан. Хятад Улс цэргээ урд хил дээр бөөгнөрүүлсэн байдалтай байсан бол манай улс ч гэсэн томоохон цэргийн ангиа Зүүнбаянд байрлуулж байсан. 1985 онд Орос, Монголын хамтарсан хээрийн сургуулилалт хил дээр  болсон. Энэ нь Хятадыг айлгаж дээгүүр онгоц явуулаад, танк гээл цэргийн бүхий л зүйлийг дэлгэсэн. Танк гэхэд 5-6 эгнээ байсан тэр үед би монголынхоо зэвсэгт хүчнээр бахархаж байсан. Байлдааны үеэр эмч хэрхэн тусламж үзүүлэх тал дээр ажиллаж сургуулалт хийсэн. Нүүдлийн мэс заслын эмнэлэгээ дэлгэн үзүүлсэн юм. Залуу эмч байхад ийм томоохон зүйл үзээд мэргэжлээрээ бахархаж байлаа.

-Цэргийн эмч, энгийн эмчээр ажиллах эхэндээ ямар байсан бэ?

- Таван жилийн хугацаанд би нэлээн цэрэгжсэн байсан. Алхаа гишгээ хүртэл шүрүүн дап, тип гэсэн өнгө аястай байсныг хараад, надаас эмнэлгийнхэн маань асууж байсан л даа. “Хаана ажиллаж байсан вэ?” гэж. Хариуд нь би цэргийн эмнэлэгт ажиллаж байсан гэхэд тийм байх аа гэцгээж байсан юм. /инээв/. Ерөнхийдөө шаардлага өндөртэй болдог юм.

-Эмнэлгийнхээ үйлчилгээний талаар танилцуулах уу?

- 80-иад онд бол Ерөнхий сэхээн амьдруулах тасаг, Мэдээгүйжүүлэх эрчит эмчилгээний тасаг цуг байсан. Бид  бол хоёр мэргэжилтэй гэж явдаг байсан. Нэгдүгээрт мэдээгүйжүүлэх эмч, хоёрдугаарт эрчимт эмчилгээ сэхээн амьдруулахын эмч гэсэн үг. Ачаалал ихтэй гэдэг үүднээс  90-ээд онд тусдана салгасан. Хагалгаанд орохын өмнө мэдээгүйжүүлнэ, хагалгааны дараа хүнээ сэрээнэ, сэрээсний дараа эрчимт эмчилгээний бүх зүйлийг хариуцан ажиллаж байна. Манайх Ерөнхий сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасаг, Тархины цус харвалтын дараах эрчимт эмчилгээний тасаг, Зүрхний шигдээсийн дараах эрчимт эмчилгээний тасаг, Мэдээгүйжүүлэх эрчимт эмчилгээний хагалгааны дараах эрчимт эмчилгээний тасаг гэсэн дөрвөн том тасагтай үйл ажиллагаагаа явуулж байна. Хагалгааны тасаг нь дотроо Яаралтай мэс заслын эрчимт эмчилгээний тасаг, тархины мэс заслын эрчимт эмчилгээний тасаг, зүрхний мэс заслын дараах эрчимт эмчилгээний тасагтай.

-Хүмүүс хагалгаа хийдэг эмч талаар мэддэг хирнээ мэдээгүйжүүлэх эмчилгээний  эмчийн нарын талаар тэр бүр мэддэггүй. Энэ талаар?

-Мэдээгүйжүүлэх эмчилгээ хийнэ гэдэг хагалгааны бэлтгэл юм. Хагалгаанд орохын өмнө хүнээ үзнэ. Тайвшруулна хүн хагалгаанд  өмнө айж байдаг. Айдсыг дарж хүнтэйгээ ярилцана. Ерөөсөө л хагалгааны орох уу үгүй юу гэдгийг Коркоосны эмч мэддэг. Сүүлд нь хүндрэл гарвал тэр эмч өөрөө даах ёстой. Сэхээний эмч бүх төрлийн эмчийн мэдлэгтэй байхыг  шаарддаг  чухал мэргэжил. Оношоо зөв тодорхойлох нь үнэхээр чухал.  Хагалгааны дараах сэрээх явц маш чухал. Хагалгаанд 01:30 цаг ороход тэр хүнийг хугацаанд нь сэрээх ёстой. Сүүлийн оёдол тавьж байхад өвчтөн сэрж байх ёстой. Их унтуулбал хүн тэр чигээрээ унтаж, үхэх аюултай. Бид нарын мэргэжил бол амьд үхсэн хоёр хүний зааг дээрх мэргэжил. Нэгдүгээрт унтуулна гэдэг бол хүний амьсгалыг зогсоочдог. Тэр үед ганцхан зүрх л цохилж байдаг. 

-Сэрээх явц маш чухал уу ?

-Чухал байлгүй яахав, маш чухал. Жишээлбэл, хүүхэд хагалгаанд орохоор бол уйлаад ордог. Уйлж байх үеийг нь таслаад унтуулдаг.  Норкоз нь дуусаад ирэхээр залгуулаад уйлдаг. Унтуулах сэрээх бол тийм их чухал. Анхаарал, хянамгай байх хэрэгтэй. Зарим хагалгаа 7-14 цаг хүртэл үргэлжилдэг байх жишээтэй. Сэрээсний дараа булчин суларсан байдаг. Сэрж байгаад амьсгал нь зогсох тохиолдол байдаг. Бүх явцыг нь хянаж байх хэрэгтэй. Хүн болгоны бие организм өөр өөр байдаг.

-Унтуулгын бодис хүний биед хэрхэн нөлөөлдөг вэ ?

-Хагалгааны дараа энэ бодис 1-2 цагийн дараа гарах ёстой. Гарахдаа элгээр гардаг, шингэнээр гадагшилдаг. Манайх барууны орноос бодисоо авч хэрэглэдэг. Удаан унтуулах явцад бөөрөнд нөлөөлдөг муу талтай.

-Хагалгааны төрлүүдээс аль  төрлийн хагалгаа хамгийн хүнд байдаг вэ?

-Нойр булчирхай, хэвлийн хагалгаанууд их хүнд байдаг. Мөн тархи, зүрхний хагалгаанд олон цаг зарцуулна. Унтуулах бодисыг хүний жинд тохируулж хийдэг. Хагалгааны бүх явцыг тооцоолдог  доо.