m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 04:33
29
Зээлдэгч нар хэт өрийн дарамтад орж болзошгүй

Гадаадын хөрөнгө оруулалт багасч, банкны зээл хумигдсан, МонголУлсын зээлжих зэрэглэл буурсан гэж аль хэзээний цээжилсэн тангад ном шигээ дур муутайхан дуржигнуулж суудаг болсоор удав, бид. Цаг төр нь ороо бусгаа, эдийн засгийн барометр нь нэг л таагүй байгааг санхүүгийн хүндрэл, удвал хямрал болно хэмээн оношилсон. Үнэндээ бол улс орны эдийн засаг сэхээнд байна.

Ийм үед хонгилын үзүүр дэх гэрлийг хайж санхүүгийн салбарынхан чуулав. Санхүүгийн зохицуулах хорооноос өчигдөр зохион байгуулсан тус чуулга уулзалтад даатгал, үнэт цаас, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоодын төлөөлөл нэлээд идэвхтэй оролцсон.

Санхүүгийн зах зээлд банкны салбар чухал хэдий ч сүүлийн жилүүдэд банк бус санхүүгийн байгууллагууд хүч түрэн орж ирж байна

Манай улсын санхүүгийн зах зээлийн нийт хөрөнгийн 95 хувийг арилжааны банк, гурав орчим хувийг банкбус санхүүгийн байгууллага, үлдсэнийг нь бусад салбар бүрдүүлж буй аж. Санхүүгийн зах зээлд банкны салбар чухал хэдий ч сүүлийн жилүүдэд банк бус санхүүгийн байгууллагууд хүч түрэн орж ирж байгааг чуулганд оролцогчид онцолсон. Тухайлбал, 2013 онд 54 тусгай зөвшөөрөл авч байсан бол энэ онд хоёр дахин нэмэгдэж, 104 банк бус санхүүгийн байгууллага тусгай зөвшөөрөл авчээ. Одоогоор улсын хэмжээнд 370 банк бус санхүүгийн байгууллага албан ёсны зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны ту­хай хууль 2002 онд батлагд­жээ. Банк бус санхүүгийн байгууллага нь  хуулиараа 10 төрлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй. Гэвч дийлэнх буюу 296 нь зээл олгох үйлчилгээ үзүүлдэг. Энэ нь сүүлийн хоёр жилд банкны зээл багассан, бичил бизнесийн зээл авах хүмүүсийн тоо нэмэгдсэнтэй холбоотой юм. Нөгөөтэйгүүр, зээлдэгч нар  хэт өрийн дарамтад орж болзошгүй гэсэн болгоомжлол байна. Тиймээс энэ хуулийг шинэчлэн бо­ловс­руулж, цаашид тус­гай зөвшөөрлийн тоог цөөрүүлсэн нь дээр гэдэг саналыг оролцогчид хэлж байсан. Мөн үйл ажил­ла­гаагаа валют, зээл, сан­хүү­гийн гэсэн гурван тө­рөлд хуваах сонирхол ч за­римд нь байна. Ингэвэл бай­гууллагуудын дүр­мийн сан, тавих шаард­лага, хяналт ч өөрчлөгдөх аж.

Банк бус санхүүгийн байгууллага хуулиараа 10 төрлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй. Гэвч дийлэнх буюу 296 нь зээл олгох үйлчилгээ үзүүлдэг

Гэхдээ нэг асуудал бий. Бүх нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлж, иргэдийн итгэлийг сэргээхгүйгээр энэ салбар хөгжихгүй. Тухайлбал, санхүүгийн зах зээлийн нэг чухал салбар нь үнэт цаасны зах зээл. Энэ зах зээлд сүүлийн үед хэд, хэдэн өөрчлөлт гарсан. Засгийн газрын үнэт цаасыг Хөрөнгийн биржээр дамжуулан нийтэд арилжиж эхэллээ. Гэвч анхных гэдэг утгаараа алдаа, дутагдал байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тодруулбал, Засгийн газрын бондыг Хөрөнгийн биржээр арилжиж байгаа ч Монголбанк бас л ийм арилжаа хийдэг. Үүнийгээ нэг тийш нь шийдэж, Хөрөнгийн биржээр энэ арилжааг хийвэл том дэмжлэг болно гэдэг санал энэ үеэр гарав. Мөн 16 хувийн хүүтэй, эрсдэлгүй, татвараас чөлөөлөгддөг гээд бүх зүйлээрээ банкны хадгаламжаас давуу байтал хүмүүс энэ бондыг хангалттай хэмжээгээр худалдаж авсангүй. Энэ нь иргэд, аж ахуйн нэгж үнэт цаасны мэдлэг муу, хөрөнгийн зах зээлдээр тоглолт хийх бэлтгэлгүйг харууллаа хэмээн албаны хүмүүс дүгнэж байна. Өөрөөр хэлбэл, банк хадгаламжийн хүүгээ 12 хувиар санал болгож байхад Засгийн газрын үнэт цаасыг авбал 16 хувийн хүүсанал болголоо. Иргэд, аж ахуйн нэгжүүд өндөр хүүний ашиг хүртэхийг сонирхохгүй байна гэдэг нь хөрөнгө оруулагчид бэлэн биш байна гэсэн үг. Тиймээс цаашид жижиг гэж гололгүйгээр хөрөнгө оруулагч на­раа идэвхжүүлэх нь чу­хал. Ингэхийн тулд хүү­хэд, залуучуудад зориул­сан санхүүгийн зэх зээ­лийн мэдлэг олгох үндэс­ний хөтөлбөрийг бо­ловсруулъя гэдэг саналыг зарим нь гаргалаа.

Үүнээс гадна даатгал, үнэт цаас, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоодыг 2020 он хүртэл хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг гаргажээ. Хөтөлбөрийн төслөө Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлсэн байна.