m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 05:53
77
Хог тээвэрлэлтийг хөнгөвчлөх бүтээлийн уралдаан зарлажээ

Хог хаягдлыг бууруулах, хог ачих зардлыг багасгах зорилгоор Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хог ачих шинэ бүтээл, оновчтой санааг шалгаруулах уралдаан зарлажээ. 

Гэр хорооллын айлуудын ихэнх нь 200 кг-ийн төмөр торхонд үнс нурам, хог хаягдлаа хийдэг.

Үүнийг ТҮК-ийн ажилтнууд хоёр метр өндөр тэвштэй машинд ачихад хүндрэл их гардаг. Тухайлбал, торхтой хогийг өргөж гаргахад хүч хүрэхгүйгээс иргэдээр туслуулах, хүрздэж ачих, агаарт тоосжилт, үнс нурам бургих , дээрээс асгарах асуудлууд байдаг аж. 

Иймээс энэхүү ажлыг хөнгөвчлөх шинэ бүтээл шалгаруулах уралдааныг Сонгинохайрхан дүүргийн ИТХ-аас зарлаж байна. Эрхэм зохион бүтээгч, шинийг санаачлагч та бүхнийг энэхүү уралдаанд оролцохыг урьж байна. 

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс зөвхөн нэг бүтээлийг шилдгээр шалгаруулж таван сая төгрөгөөр шагнаж бүтээлийг оюуны өмчийн патентаар баталгаажуулж үйлдвэрлэлд нэвтрүүлнэ. 

 

Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг СХД-ийн ИТХ-ын Ажлын Албаны 70008874 дугаарын утсаар лавлах буюу өөрийн биеэр ирж уулзана уу?