m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 06:39
39
"On’n Off" продакшны 20 жилийн ойн тоглолтонд шижир авьяастнууд чуулна

Монголын хөгжмийн ертөнцийн нэгэн үзэгдэл, нэгэн томоохон зүтгэлтэн On’n Off продакшны 20 жилийн ой тохиож байна. Монголын хамгийн анхны клипийг урласан, амьд тоглолтонд Монголын хамтлаг, дуучдыг уриалсан, “Цэнхэр дэлгэц” телевизийн бүрэн хэмжээний кино концертыг бүтээсэн, “Пентатоник” наадмыг санаачилсан гээд хөгжмийн ертөнцийн хамгийн хамгийн гэсэн олон бахархлаараа On’n Off продакшн үргэлж тэргүүн эгнээнд нь явсаар байна.

Тус продакшн 20 жилийн түүхийнхээ онцлох хэсгийг багтаасан ойн нэвтрүүлгүүдээ  телевизүүдээр цувралаар толилуулж байгаа бөгөөд хамгийн гол арга хэмжээ болох ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд бүртгэлтэй монголын язгуур урлагийн дээжис, орчин үе болон сонгодог урлагийн шилдэг төлөөлөл оролцсон ойн тоглолтоо энэ сарын 29-ний бямба гаригийн 17 цагт СТӨ-нд толилуулах гэж байна.

Тоглолтонд Төрийн хошой соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Хөгжмийн зохиолч, Төрийн шагналт, УГЗ Б.Шарав, Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармони, УДБЭЧ-ын бүжигчид, Монгол Улсын Морин хуурын чуулга, БЦДБЧ-ын найрал дуучид, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, “Харанга”, “Инээмсэглэл”, “Камертон” хамтлагууд, МУУГЗ Б.Батчулуун, МУГЖ Э.Амартүвшин, МУГЖ Ө.Уянга, МУУГЗ хийлч Ч.Чинбат, МУАЖ морин хуурч Ч.Батсайхан, Төрийн соёрхолт дуучин Д.Болд, МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Т.Ариунаа, хийлч Ч.Дэлгэрцэцэг, Төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат, дуучин СТА С.Наран зэрэг уран бүтээлчид, цагийг эзэлж, сэтгэлийг хураасан шижир авьяастнууд On’n Off-ийн зүрхнээ зассан тайзнаа хуран чуулах нь ээ.