m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 06:51
551
Брэнд бүтээх нь сонирхолтой, бүтээлч ажиллагаа юм

Байгууллагын сурталчилгааны иж бүрдэл болон бүтээгдэхүүн үйлчилгээний брэнд бүтээх, дизайн, эх бэлтгэл хийдэг мэргэжлийн дизайны компани  болох “Номун Ерөөл” ХХК-ийг энэ удаагийн “Баялаг бүтээгч”  буландаа оролцууллаа. Тус байгууллагын гүйцэтгэх захирал, дизайнер, маркетер Ч.Шинэбаяртай ярилцлаа.

-Компанийнхаа талаар танилцуулахгүй юу ?

-Бид компаниа 2008 онд “Номун Ерөөл” ХХК нэртэйгээр байгуулсан. Зар сурталчилгааны салбарт 2003 оноос хойш ажилласан туршлагатай. Тухайн үед энэ салбар эрчимтэй хөгжиж эхэлж байсан үе. Бид захиалагч бүрийн сэтгэл ханамж, үр дүнд анхаарч ажилладаг бөгөөд Монголдоо төдийгүй дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц брэнд бүтээх зорилготой.

-Маркетингийн сурталчилгааны иж бүрдэл гэж юу вэ, энгийнээр ойлгуулбал?

-Сурталчилгааны иж бүрдэл гэдэг нь энгийнээр хэлэхэд тухайн байгууллагын дүр төрх гэж болно. Өөрөөр хэлбэл тухайн байгууллага, бараа бүтээгдэхүүн эсвэл барааны тэмдгийг нүдэнд харагдах байдал болон үгэн агуулгын хувьд нэгэн цул мэдээлэл болгон хэрэглэгчдэд хүргэх гол хэрэгслүүд юм. Маркетинг дизайн хоёр салшгүй холбоотой. Тухайн бүтээгдэхүүний бусдаас ялгарах болоод өрсөлдөх чадварыг дизайн гаргаж байдаг.

-Дизайны санаа хэрхэн гардаг болон шинэ брэнд үүсэхэд хэр их хугацаа ордог бол?

-Бид захиалагчтай ярилцаж, тухайн байгууллагатай танилцаж судалаад, агуулга, зорилго зэргийг ойлгосны үндсэн дээр дизайны ажлаа эхэлдэг. Сурталчилгааны ажил илүү үр дүнд хүрэхийн тулд хоёр талаас байгууллагууд тодорхой ойлголцолд хүрэх нь чухал байдаг.

Брэнд бүтээнэ гэдэг багагүй хугацаа, хөрөнгө шаардагддаг. Судалгаа, агуулга боловсруулалт, дизайны шийдэл гаргах, брэндийн бодлогыг хэрхэн хэрэгжүүлснээр хугацаа их бага байх нь хамаарах болов уу. Брэнд байна гэдэг хэрэглэгчдэд өөрийн гэсэн өнгө төрх, үзэл баримтлал, үнэ цэнийг мэдрүүлэх ёстой.

-Тогтмол харилцагч байгууллага бий юу?

-Захиалагч байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээ болон бараа бүтээгдэхүүний төрөл, зорилгоос хамааран захиалгын хэмжээ өөр өөр байдаг. Жишээ нь сонин сэтгүүл тогтмол үйл ажиллагаа нь явагдаж байдаг бол зарим байгууллагууд шинэ бараа бүтээгдэхүүнтэй болох үедээ хамтран ажилладаг. Бид нэлээд олон найдвартай, тогтмол харилцдаг байгууллагуудтай хамтран ажиллаж байна. 

-Ямар ямар чиглэлээр бүтээгдэхүүн гаргаж байна вэ?

-Бид хэвлэмэл болон интернет мэдээллийн хэрэгслийн дизайн, сурталчилгааны материалууд, лого, сэтгүүл, танилцуулга, урилга, мэндчилгээ, самбар, сав баглаа боодлын дизайн гэх мэт бүтээгдэхүүнийг хийж гүйцэтгэдэг.

Сүүлийн үед бид  хэрэглэгчдийн зах зээлд зориулж, хувь хүнд хандсан бүтээгдэхүүн үйлчилгээг хийж эхэлсэн. Жишээ нь “Миний бяцхан үр” хуанли юм. Хүүхдээ төрөхөөс нь эхлээд нэг нас хүртэл хөтөлдөг энэ хуанли нь ээж нар гэртээ хүүхдээ харах том ажлаа тэмдэглэн хөтлөх, төлөвлөхөд тустай, зугаатай бас  дурсгалтай хуанли байгаа юм. Мөн сургуулийн болон цэцэрлэгийн насны хүүхдүүд, тэмдэглэлт өдөр болон баяр ёслолд зориулсан багцуудыг гаргаж байна.

-Хосуудад зориулсан үйлчилгээ байдаг гэж сонссон. Энэ талаар ?

Хайртай хүнээ баярлуулах сэтгэл хөдөлгөм үгстэй давтагдашгүй онцгой дизайнтай бэлэгийн багц юм. Уг бэлгийг хосууд сэтгэл өндөр хүлээж авдаг.