m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 07:46
53
Д.Шуурай: "Нэг өдрийн хоёр захидал"

Шуудан зөөгч Анагаах Ухааны Дээд сургууль оюутан Сарангаас, нөгөөх нь Завхан аймаг өөрөө хүлээн авах Цэцгээгээс гэсэн захидалуудыг Хүрлээд өглөө. Хүрлээ нүдэндээ итгэж ядан хоромхон зуурын гайхашралд автагдан, тогонд цохиулсон юм шиг хамаг бие нь салганаж байв. Тэрээр эхлээд Сарангийн захиаг задлан ” Сайн байна уу? Ааваа гэснийг уншаад, цагийн эрхээр гал цог нь ширгэн арилж байгаа нүдний аяга нь, нулимсаар дүүрээд ирэв. Хүрлээ сэтгэлээ барин байж захидлыг цааш нь уншлаа. Юуны өмнө танаас амар мэндийг лавлаж, ажил хөдөлмөр болон амьдралд чинь сайн сайхан бүхнийг хүсэн мэндчилъе. Хэдийгээр та биднийгээ тэртээ олон жилийн өмнө, огт эргэж ирэхгүйгээр орхиод явсан ч, таныгаа бодол санаандаа тээсээр яваад, эцсийн эцэст энэ захидлыг бичихээр шийдсэн юм. Би таны эрх танхи охин чинь байсан. Таныг би мөнхийн дэргэд байх юм шиг санаж, хэтэрхий дураараа аашлаж, уйлж урвагнаж, аргадуулан эрхэлдэг байж билээ. Таны тайван дөлгөөн ааш зан, алхаа гишгээ, намайг хараад зүрх сэтгэлээсээ баясан инээж байсныг чинь би мартаж чаддаггүй юм. Тэр ч бүү хэл таны сайхан үнэр одоо ч үнэртэх шиг болдог. 
Тиймээ, тэр нэгэн өдөр ээждээ хөтлөгдөн гэрээс гарахдаа “Аав араас гараад ирнэ дээ” гэсэн бодол надаас салахгүй, өөрийн эрхгүй байн байн хойшоо эргэн эргэн харсаар холдож билээ. Яагаад ч юм бэ, урьд нь таныг тээврээс ирэхийг чинь хоног тоолон хүлээж, ээжээс асуудаг байлаа. Тэгэхэд ээж инээмсэглэн хариулдаг байж билээ. Харин таныг орхиод явсан тэр өдрөөс хойш би асуухыг хичнээн ихээр хүсэж байсан ч, ээжийн гуниг хурсан харцыг хараад бяцхан зүрх сэтгэлдээ болохгүй гэдгийг зөн совингоороо мэдрэн ээжийгээ зовоож огт асуугаагүй билээ. Үе үе дүү маань таныг ээжээс нэхэхэд, ээж огт сонсоогүй дүр үзүүлэн өөр юм яриад өнгөрөөж байлаа. Харин нэг удаа дүү маань “Ааваа “ гээд уйлахад ээж нилээд уцаарлангуй “Аав чинь биднийг олохгүй тийм хол явсан, эргэж бидэндээ хэзээ ч ирэхгүй” гэж хэлээд дүү, бид хоёрыг тэврэн авч, танд гомдсон сэтгэлээ онгойтол уйлсаныг би мартаж чаддаггүй юм. Тэгэхэд танд би, бяцхан биендээ байхгүй ихээр дургүй хүрч билээ. Бас таныг хэзээ ч эргэж ирэхгүй юм байна гэдгийг мэдсэн юм. Гэвч би таныг нэг л өдөр хаалга сэвхийтэл ороод ирэх юм шиг хүлээсээр байсан. Тэр ч бүү хэл аравдугаар ангийн төгсөлтийн баяр дээр таныг битүүхэн харсан. Хачин шүү олон жилийн тэртээ огт эргэж ирэхгүй хаяад явсан эцгээ хүлээгээд байдаг. 
Эцэст нь би танаас яагаад, яагаад тэгтлээ их бидэнд гомдсон юм бэ гэдгийг л асуух гэсэн юм. Саран гэсэн байлаа. Хүрлээ нус нулимстайгаа холилдон “Миний охин намайг үзэн яддаггүй, хүлээдэг юм байна шүү дээ” хэмээн сааралтсан хоолойгоор амандаа бувтнан хэнгэнтэл уйлж байв.

«»
Жил жилийн намар тариа хураалтын ажлаа дуусан, буцаад гэртээ очиход Цэцгээ минь, бас охин, хүү хоёр намайг хараад, өд сөд нь ургасан дэгдээхэй шиг дэрвэж дэгдээд, бөөн баяр угтдаг байсан. Цэцгээ минь намайг санасных юм уу, замынхаа тоосноос салж амжаагүй шахам байхад, тэсэж ядан тэмдэглэлийнхээ дэвтэрт бичсэнийг үзүүлдэг байж билээ. Хүрлээ кино үзэхийн хорхойтой. Цэцгээ ээлжийн ажилтай, бас гэр орны нэргүй ажилд нухлагдан, хоёр хүүхдээ асрах гээд тэр болгон Хүрлээтэй хамт кинод явж чаддаггүй байлаа. Тийм болохоор Хүрлээ ганцаараа кинонд явна. Нэг удаа зэрэгцээ суудалд нүдээрээ инээсэн дугуй цагаан царайтай хүүхэн суулаа. Хүрлээ өөрийн эрхгүй сайхан хүүхэн рүү харц чулуудан, үе үе хэнгэнтэл санаа алдмаар болоод, нэг л хачин ёстой л буруу замаар будлихын цондон байсан юм. Кино тараад, бүсгүйг гэрт чинь хүргээд өгье гэхэд тэрбээр цааргалсангүй. Гэр хүрэх замдаа нэр усаа мэдэлцээд, түүгээр ч барахгүй дараагийн удаа хамт кино үзэхээр тохиролцоод авлаа. Тэр нэгэн өдрөөс хойш Хүрлээ гэдэг хүн амиа бодсон өчүүхэн нэгэн болов. Долгормаатай хэд хэдэн удаа болзсоны дараа сэтгэлийн холбоо улам зузаарч, Цэцгээ болон хоёр сайхан үр нь Хүрлээгийн нүдэнд орсон үрдэс мэт болж хувирсан юм. Богинохон хугацаанд Хүрлээгээс байж боломгүй муухай авир гарч, Цэцгээг байж суухын аргагүй болгон хөөж туудаг боллоо. Цэцгээ учирлан хоёр хүүхдээ бодооч гэсэн боловч, ер тоосонгүй, харин ч сэтгэлийг нь сэвтээх үг урсгаж, санасандаа хүрч Цэцгээг хоёр хүүхэдтэй нь төрхөмд нь буцааж чадлаа. Долгормаатай эхлүүлсэн амьдрал эхэндээ сайхан байлаа. Удалгүй Долгормаагийн үнэн нүүр царай тодорч, Хүрлээг эхнэр хүүхэд рүүгээ зайл, чам шиг тостой хар юмны дэргэд хайран сайхан залуу нас өнгөрлөө хэмээн үглэж янших нь ихсэж, хэрүүл тасрахгүй болов. Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэгчээр Хүрлээ Долгормааг царайчлан, хамаг өнгөтэй сайхнаа зориулсан гурван жил талаар болж, хүнийг хаясан хүн, хүнд хаягдана гэгчээр, Долгормаа нэг өдөр хамаг юмаа ачаад явсан. Тэр цагаас хойш Хүрлээ гон бие, гозон толгой болсон. Цэцгээ болон хүүхдүүд дээрээ очихыг ихээр хүсэж байсан ч, үнсэнд хаясан шалз шиг орхисон болохоор эргээд очих зүрх сэтгэл хүрээгүй юм. Ийнхүү Хүрлээгийн өнгөрсөн амьдрал нүдний өмнүүр жирэлзэн өнгөрөхөд өөрөө өөрийнхөө бодлоос зугтах гэсэндээ цонхоор алсыг ширтэхэд, халиуран шаагих тариан түрүүн дундаас эрвээхэй шиг хоёр сайхан үр нь “Ааваа” хэмээн угтан гүйж ирж байгаа юм шиг санагдаж, хавагнаж цэлхийсэн нүдэнд нь харуусал цөхрөлийн нулимс хурсаар байлаа.


«»
Хүрлээ, Цэцгээс ирсэн захидлыг задлан уншвал:” Сайн байна уу? Хүрлээ” Чиний амар мэндийг энэ олон жилийн хойно алсын алсаас мэдэх болсоны учрыг чи гайхаж байж болох юм. Би чамд зовлон тоочих гээгүй, бас чамайг харааж зүхэх гээгүй, зөвхөн санаж бодсоноо хэлэх гэсэн юм. Саяхан нэг өдөр чамтай амьдарч байхдаа хөтөлж байсан тэмдэглэлээ санаандгүй уншлаа. Чамайг орхиод явснаас хойш огт нээж үзээгүй байсан юм. Тэр үеийн тэмдэглэлийн дэвтрийн хуудас бүрт зөвхөн чамд зориулсан зүйлээр дүүрэн байх юм. Эмзэг цэвэр хайрыг минь хөндөж, амьдрал эхэлсэн тэр намар чамайг би тэсэн ядна хүлээхдээ “ Хайртай чамайгаа хүлээсэн хоёр сар, хорин жилтэй адил хугацаа юм даа гээд” шүлэг зориулан бичиж байжээ.
Одод түгсэн шөнийн тэнгэрт 
Онгон саран мэлтийн гэрэлтэнэ
Онцлон учирсан чиний минь царай
Одноос ч илүү гэрэлтэх юм
Галуу шувууд буцах шаргал намраар 
Ганцхан чамайгаа сэтгэлдээ мөрөөдөн 
Гэргий ёсоор хүлээн суух нь
Гэнэхэн наддаа жаргал юмаа. Ингээд чамайг хүлээж байсан байна. Хавар нь охинтой болж, дараа нь хүүтэй болж бидний аз жаргал нэмэгдсэн. Тээврээс буцаад ирэхэд гэр дүүрч, бид бүхэн бөөн баяр баясгалан болдог байлаа. Чи бид хоёр бараг ам мурийж муудалцаж байсангүй. Гэнэт л чиний ааш тийм гээд хэлэхийн аргагүй хувирч эхэлсэн. “Зөөлөн нь хатуугаа иддэг" гэдэгт би итгэдэг байлаа. Чи надад хайргүй болсон ч би хүүхдүүдийнхээ төлөө чиний бүдүүлэг араншинг чинь тэвчээд, тэсвэрлэхийг хүссэн боловч чадаагүй юм. Тэгэхэд би хатуу нь бас зөөлнөө иддэг юм байна гэдгийг мэдэрсэн. Нэг шөнө согтуу ирээд хором ч унтуулахгүй хөөхөд, би итгэж чадахгүй байсан шүү. Чамд хөөгдөн охиноо хөтлөөд, хүүгээ тэврээд гарахад, чамаас бид гурвыг үүрийн шаргал туяа тосож авсан. Өд сөд нь гүйцэхээр намайг гэх ангирын дэгдээхэй шиг хоёр үртэй яваадаа хямарсан сэтгэл тайвширч байлаа. Ингэж богинохон бөгөөд сонин амьдрал намайг хоёр хөөрхөн үр дагуулаад орхисон юм даа. Тэр мөчөөс хойш хоёр хүүхдээ хүний зэрэгт хүргэх гэж ганцхан зүрх минь хоёр болон цохилсныг чи мэдэхгүй. Он цагийн урсгалд сэтгэлд хурсан хүйтэн хямрал, орчлонгийн сайхан бүхэнд угаагдаж ариуссан юм. Чамайг би хоёр сайхан үрээ хөлөн доор гишигдээд хаягдах, өт хорхойноос дорд үздэг тийм өчүүхэн тэнэг гэдгийг чинь мэдэхгүй, орчлонгийн дээд мэтээр төсөөлж дурлаж, хайрлаж халамжилж явсан миний гэнэн сэтгэл үүрд баяртай. Цэцгээ гэсэн байлаа. 
Тэднийхээ өмнө хүлцэл өчих тэнхээгүй болсон Хүрлээгийн олон жилийн сэтгэлд хурсан сэтгэлийн хямрал дээд цэгтээ тулсан байлаа.