m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 08:43
943
П.Ариунаа: Бялуу, нарийн боов гэдэг чинь урлаг болчихсон

Өөрийнхөө хамгийн сайн хийж, чаддаг, дур сонирхолтой зүйлээ хүмүүс хоббигоо болгодог. Тэгвэл энэ удаагийн “Хобби” булангийн зочноороо хүн болгоны амтархан иддэг бялууг урлагийн түвшинд урладаг П.Ариунаа бүсгүйг урьж оролцуулсан юм.

 -Та ямар мэргэжилтэй вэ?

- Уул уурхайн компанид захиргаа, хүний нөөцийн хэлтсийн захирал хийж байгаад сүүлийн нэг жил нэг бяцхан залууг харан гэртээ сууж байна даа. /Инээв/

 -Бялуу хийх их сонирхолтой юм шиг санагдлаа. Хийснийхээ дараа ямар болсон бол гээд л.    Хэзээнээс эхэлж бялуу хийж эхэлсэн бэ?

-  Тийм шүү үнэхээр сайхан  мэдрэмж.  Арван жилийн сургуулийн Хөдөлмөрийн хичээлийн багш маань Орос хүн байсан болохоор бидэнд оёдол болон хоол, нарийн боов, бялуу хийх, ширээр засаж чимэглэх хичээлийг маш сонирхолтойгоор зааж өгдөг байсан. Тэр цагаас эхлэн бялуу, нарийн боов хийх дуртай болсон болов уу. Тухайн үед олж болох  бүхий л номыг цуглуулдаг, ангийн найзууд ч гэсэн хоол, нарийн боов хийх ном бэлэглэдэг байсан.

- Сонирхолтой  учир хийж эхэлсэн үү, яагаад бялуу хийх сонирхолтой болсон бэ?

- Сурч байх үедээ гэрийнхэн, найз нөхөддөө бялуу нарийн боов хийж өгөх маш их сонирхолтой байсан юм. 1990-ээд онд бялууны материал нь олдвол эклер, наполеон, тэргүүн, рулет гэх мэтийг их хийдэг байсан боловч дараа нь ажил төрөл, карьер гээд энэ хоббиндаа нэг их цаг зав гаргах боломж гаргаж чадаагүй саяхныг хүрсэн.  Өнгөрсөн жил АНУ-д явж байхдаа номын дэлгүүрээр нь орж үзэхдээ хуучны хоббиндоо хөтлөгдөн энэ төрлийн ном нээж үзэхэд бялуу, нарийн боов гэдэг чинь урлаг болчихсон юм байна гэдгийг олж мэдсэн гэх үү дээ. Тэгээд хоббигоо шинэ түвшинд эхлүүлсэн дээ.

- Одоогоор хэдэн төрлийн бялуу хийж сурсан байна вэ?

-Сүүлийн нэг жилийн хугацаанд тортны төрөл гэхээсээ түүний чимэглэлд илүү их анхаарах болсон. Монголд бид бялууг зөвхөн крем, эсвэл шоколадаар л чимэглэсэн цэцгэн чимэглэлтэйгээр л ихэвчлэн төсөөлдөг. Гэтэл орчин цагт төрөл бүрийн шинэ чимэглэлийн хэлбэр аргууд түгээмэл болж ашиглагддаг болсон. Иймд би тэр шинэ фондант, ганааш, моделинг шоколад, төрөл бүрийн крем гэх мэт чимэглэлийн материалыг хийж сурч түүгээрээ торт чимэглэх хүсэлтэй болсон. Мэдээж тортны гаднахаас доторх нь ч гэсэн идэж буй хүндээ таалагдах ёстой тул чимэглэлдээ тохируулан бялуу хийх аргыг ч мөн шинээр үзсэн.

-Нэг бялуу хийхэд ямар хугацаа зар цуулдаг  вэ?

- Бялуу хийхэд 40 минутаас нэг цаг орчим зарцуулдаг байхад чимэглэлд нь би хамгийн багадаа 4-5 цаг зарцуулдаг. Шаардлага гарвал нэгээс хоёр  хоногийн өмнө ч эхлүүлж болно. Энэ нь ихэнхдээ төрөл бүрийн том хэлбэр дүрс хийх шаардлага гарсан үед.

-  Бялуу хийхдээ юуг анхаарах ёстой байдаг вэ?

- Анхаарах зүйл гэвэл чимэглэлдээ тохируулан бялуугаа сонгох. Жишээ нь фондантан чимэглэл хийх гэж буй “Мадэйра” төрлийн буюу биетэй болдог бялууг хийх нь зүйтэй, яагаад гэвэл фондант өөрөө их жинтэй чимэглэл болж өгдөг тул бисквитный (sponge) бялуу хийвэл чимэглэлээ даахгүй доошоогоо суучихдаг юм. Кремэн чимэглэл хийхээр бол харин бисквитный гэх мэт сэвсгэр бялууг сонгож болно. Харин мусс, чийз, тарган гэх мэт бялууг тэр болгон чимэглэж болдоггүй юм. Бялуугаа хийхдээ зориулалтын материал,  орцын нарийн хэмжээ, хугацаа нь дуусаагүй материал ашиглаж буй эсэхээ шалгах хэрэгтэй. Жишээ нь маслоны оронд маргарин хугацаа нь дууссан гурил хөөлгөгч ашиглавал бялуу нь хөөхгүй  гэх мэт.

-Хүмүүс таны хийсэн бялууг хараад хэрхэн хүлээж авдаг вэ?

 -Бялуу хийдэг хүмүүс маань бялууныхаа зөвхөн нэг хэсэгт нь анхаарлаа хандуулж болохгүй. Чимэглэл нь төгс байвал доторх бялуу нь ч гэсэн төгс байх учиртай. Мөн хүн шууд идэх тул аюулгүй, найдвартай байгаасай гэж хүсдэг. Миний хувьд хобби болохоор гэр бүл, найз нөхдийнхөө хүсэлтээр бялуу хийж өгдөг. Заримдаа бусад хүмүүс хийж өгөх боломжгүй чимэглэл их шаарддаг бялуу хийж өөрийгөө сорих дуртай байдаг. Өөрийнхөө хоббинд үнэнч байхын тулд өөрөө сураад хийхээс илүү гэрийн эзэгтэй, охид бүсгүйчүүд маань ч гэсэн дэлхийн жишигт хүрсэн бялуу хийж, хэрэглэж сураасай гэсэн үүднээс Facebook-ээр “Hobby Cakes” (Baking Mall) групп байгуулан өөрийн сурсан мэдсэнээ бусдад хүргэхийг бас зорьдог.