m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 09:18
47
Хакүхо ганцаар тэргүүлж эхэллээ

Кюүшюү башёгийн 13 дахь өдөр Монголын хоёр аварга хоорондоо таарч барилдлаа. Энэ дуэльд ах аварга Харүмафүжи дүү аварга Какүрюүг сугадаж дайраад дэвжээнээс гаргаж, 10 дахь даваагаа авав. Харин Какүрюү сүүлийн гурван өдөр хоёр дахь унаагаа авснаар 11-2 амжилттай боллоо. Үүний дараа их аварга Хакүхо озэки Котошёогикүг барьцаар ааглан гаргаж, 12 дахь даваагаа авсан юм. Ингэснээр “Цагаан гарьд” башёг ганцаараа тэргүүлж эхлэв. Одоо Хакүхо сүүлийн хоёр өдөр нутгийн хоёр аваргатайгаа барилдана. Ялангуяа 15 дахь өдөр Какүрюүгийн эсрэг хийх барилдаан хамгийн чухал байх нь гарцаагүй. Хакүхо дээд зиндаанд 31 түрүүлсэн амжилтаар бүх цаг үеийн хоёр жагсаж буй. Хэрэв Кюүшюүд өнгөлж чадвал Тайхо аваргын дээд амжилттай зэрэгцэх билээ. Харин Какүрюү хоёр дахь түрүүнийхээ төлөө тэмцэж байгаа юм.

Одоогоор энэ хоёроос гадна 10 даваатай ёкозүна Харүмафүжи, озэки Кисеносато, маэгашира Точиношин нар түрүүлэх онолын боломжтой яваа. Гэхдээ Хакүхо сүүлийн хоёр өдөр дараалан унаж, тэдэнд боломж олгоно гэдэг бараг бүтэшгүй зүйл гэдэг нь тодорхой.

Өнөөдөр Ичиножёо Гүржийн Точиношинийг хүч шавхсан барилдааны эцэст ялж долоо дахь даваагаа авсан. Харин башёгийн хамгийн ахмад бөх Кёкүтэнхо тавин хувийн амжилтаа үзүүлснээс хойш гурав дараалан унаад байна.