m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 11:37
698
Монголын эрэлч нохойн албаны 70 жил тохиож байна

Монгол хүний эрхэм анд болох нохой цагдаагийн алба хаагч болсны 70-н жилийн ой өнөөдөр тохиож байна. Монголын цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх, хэв журам хамгаалах ажилд албаны сургуультай нохойг анх 1944 оноос ашиглаж, энэ чиглэлийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэж эхлэснээс хойш ийнхүү 70-н жилийн нүүрийг үзжээ.

Анх ДЯЯ-ны сайдын 144 оны 14 тоот тушаалаар УЦСЕГ-ын гүйцэтгэх албаны хэлтсийн бүрэлдэхүүнд дөрөвдүгээр тасгийг байгуулж, хээ шинжилгээний хэсэг, эрэлч нохойн хэсгийг байгуулснаар ажлын гараагаа эхлэсэн түүхтэй.

Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалахад тусгайлан сургасан албаны нохой ашиглах ажлыг зохион байгуулах үүрэгтэй цагдаагийн төрөл мэргэжлийн алба байгуулагдаж, үүргээ амжилттай биелүүлсээр байна.


.
ЦЕГ-ийн сургалт дадлагын төвийн дэд дарга, хурандаа Б.Цогтбаяр

-Эрэлч нохойн алба анх 1928 болон 1933 онуудад Цагдаагийн албанд нохойг ашиглах шийдвэрүүд гарч байсан. Гэхдээ тухайн үед албанд ашиглах  нохойг сургах боловсон хүчин байхгүйн улмаас ажиллуулах боломжгүй байсан. Ингээд 1944 онд дотоод явдлын яамны тушаалаар дөрөвдүгээр тусгай тасгийг анх байгуулаад энэ тасагт нохойг ашиглаж ирсэн юм. Үүнээс хойш эрэлч нохойн алба болтлоо хөгжиж ирсэн байна. Мөн Нийслэлийн цагдаагийн газар, эрүүгийн цагдаагийн газар, эрэн сурвалжлах  хэлтэс зэрэгт харъяалагдаж ажиллаж байгаа юм.

-Одоогийн байдлаар Цагдаагийн албанд хүчин зүтгэдэг хичнээн нохой байгаа вэ?

-Эрэлч нохойн албанд 56 нохой байна. Мөн хөдөө орон нутгаар 15 аймагт нохойн алба ажиллаж байна.

-Нохойг яаж сургаж ашигладаг вэ?

-Нохойг цагдаагийн албанд зургаан төрлөөр ашиглаж байна. Гаалийн Ерөнхий газарт хил гаалийн үзлэгт, Онцгой байдлын албанд байгалийн гамшигийн үед нурангин доороос хүн олох болон төөрсөн иргэдийг олох зорилгоор ашигладаг. Түүнчлэн Хилийн цэрэг, шүүхийн шийдвэрт харуул хамгаалал болон эрэн сурвалжлах үүргээр ашигладагаас гадна цагдаагийн байгууллагад шууд гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор ажиллуулдаг юм. Нөгөө талаар улсын хэмжээнд ганц байдаг үнэрийн лабороторт нохойг тэсэрч дэлбэрэх бодис болон хар тамхи мансууруулах бодис илрүүлэх чиглэлээр сургаж ажиллуулж байна.

-Энэхүү албанд ямар төрлийн нохойг түлхүү ажиллуулдаг вэ?

-Нохойг албаны болон энгийн гэсэн үндсэн гурван чиглэлээр ангилдаг. Үүнд хамгийн тохиромжтой нохой нь немц овчарк байдаг. Энэхүү нохой гадаа орчинд тэжээх болон үүрэг гүйцэтгэхэд бие бялдарын хөгжил арай илүү үсэрхэг. Мөн тэвчээртэй. Гол нь сургалт авахдаа хурдан учраас түлхүү ашигладаг.

Нохой бүр өөр өөрийн гэсэн онцлог шинж чанар болон давуу талтай байдаг. Овчарк нохойг харахад биеэр жижиг боловч үнэрлэх эрхтэн сайн хөгжсөн байдаг.

-ГЕГ-ийн Хөдөлгөөнт хяналтын албаны дарга Б.Наранбадрах

-Гаалийн байгууллагын хувьд хил гаалийн 16 боомт дээр 46 нохой хориглосон буюу хязгаарласан бараа бүтээгдэхүүн олж илрүүлэхэд зориулан ашиглаж байгаа юм. Өөрөөр хэлбэл хориглосон бараа бүтээгдэхүүн улсын хилээр гаргахгүй мөн оруулахгүй байх тал дээр л онцгой анхаарч олон улсын төвшинд бэлдэж ажиллаж байгаа.

-Үнэрч нохойн илрүүлсэн гавьяаны талаар яривал?

-АНУ-аас орж ирж байгаа чингэлэгтэй ачаан дунд буу болон сум орж ирж байгаа. Үүнтэй холбогдуулан бид буу болон сум тэсрэх бодис үнэртүүлэгч бодис Казкастан улсаас оруулж ирж нохойг сургаснаар сум илрүүлэлт сайн байгаа.

Үүний үр дүнд 27400 сумыг сүүлийн 14 хоногийн байдлаар илрүүлсэн. Жишээлбэл, 27400 амьтны амь таслахыг зогсоолоо гэсэн үг юм. Мэдээж сумаар мод тарьж сайн үйл хийхгүй шүү дээ. Энэ бол нохойны гавьяа.

-Нохойг ашиглах давуу тал нь юу байдаг вэ?

-Жишээ нь хар тамхи мөн эсэхийг нотлохын тулд маш олон хүн ажиллаж мөн хугацаа, хөрөнгө мөнгө ихээр зарцуулан шинжилгээ хийдэг. Энэ бүх дамжлагыг хөнгөвчлөөд эдийн засгаа хэмнэхийн тулд, нөгөө талаас хурдан шуурхай ажиллахын тулд нохойг илүү түлхүү ашиладаг.

-Г.Нэргүй Дархан-Уул аймгийн цагдаагийн ахмад ажилтан, нохой сургагч

-Миний нохой Руслан нь 1971 онд ОХУ-д сургууль төгсөж ирээд Дархан хотод томилогдож улмаар арван жил ажилласан. Энэ  хугацаандаа 130 гаруй ноцтой хэрэг илрүүлэн, аж ахуй нэгжид учирч болох 160 гаруй сая төгрөгийн мөнгөн хохирлыг таслан зогсоож чадсан. Гэмт хэрэгтэнг баривчлах ажиллагааны үед хоёр удаа хутгалуулж амь насанд хүрэхүйц  хүнд гэмтэл авч эдгэрч байсан юм.

 Ингээд гавьяандаа гарсан. Нохойг минь 30 жилийн дараа ажлын амжилтыг нь үнэлж нохойн албаны удирдлагууд Руслан нохойны минь хөшөөг алдаршуулж дурсгахаар болсонд миний бие болон Дархан-Уул аймгийн цагдаагийн байгууллага баяртай байна.

-Та эрэлч нохойг их олон жил сургаж хамт байсан юм байна. Нохойн хамгийн сайн зан чанар юу вэ?

-Нохой бол хамгийн үнэнч амьтан.

НЦГ-ийн Нийтийн хэв журам хамгаалах хэлтсийн үйл ажиллагааны хэрэгжилтийг зохицуулах тасгийн нохойт бүлгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Н.Отгонбаяр

-Та нохойгоо танилцуулахгүй юу?

-Сик гэдэг. Одоо хоёр настай, энэхүү албанд ороод жил гаран болж байна. НЦГ-ийн харьяаны нохой юм. Гудамж талбайд үйлдэгдэж байгаа гэмт хэргүүдийг газар дээр нь таслан зогсоох чиглэлээр ашиглагддаг нохой юм.

-Нохойг сургах ямар бэрхшээл байдаг вэ?

-Ер нь амьтан сургана гэдэг тусгай мэргэжил байдаг. Энэ нарийн мэргэжлийг өөрсдөө эхлээд сайн суралцаж тусгай сургалттай зургаан сарын дамжаанд болон курст сурч байж эзэмшдэг. Энэ хугацаандаа өөрийн дааж авсан нохойтойгоо л хамт байдаг.

Ер нь нохойг анх сонгон шалгаруулж авахдаа албанд тэнцэх, ачаалал даах, идэвхтэй зэрэг чанарыг харж авдаг.

-Нохойг албанд хэдэн жил зүтгүүлдэг вэ?

-Нохойг анх зургаан сартайгаас нь аваад сургаж эхэлдэг. Нохойн албанд 8-10 жил зүтгүүлээд аагтладаг.

Нохойг Монголын цагдаад олон янзаар ашиладаг. Үүнд хил гааль дээр орж гарч буй бараа бүтээгдэхүүн болон тээш зорчигч болгоныг үнэртүүлэн шалгадаг байна. Үнэртэгч нохой нь цагдаагийн нохойг бодоход илүү бие жижиг бөгөөд намхан биетэй байдаг аж. Мөн тэдгээр нохой бүгд дохионы хэлээр командлагддаг. Эзнийхээ гарийн болон биеийн хөдөлгөөнөөр үйлдэл хийх овчарк үйлдвэрийн ноход олны нүдийг хужирлаж байлаа. Гаалийн нохойн гол онцлог нь нэг авсан үнэрийг авсан бодисийг техникээс илүү хурдан хугацаанд үнэртэн илрүүлдэг байна.

Албаны нохойн үүрэг жилээс жилд ихэсч, тэсэрч дэлбэрэх бодис, бөмбөг, мансууруулах бодис, нуранги дороос хүн хайж олох мөн лабораторийн нөхцөлд хадгалсан гэмт этгээдийн үнэрээр хэрэгтний илрүүлэх зэрэгт өргөн ашигладаг болсон.
Түүнчлэн үнэрийн лаборатори ажиллуулснаар гэмт хэрэгтэн этгээд явсан газартаа дахин давтагдашгүй үнэрийн молекулаа үлдээж, түүнийг нь тусгайлан сургасан ноход лабораторийн харьцуулах аргаар олж чаддаг гэдгийг туршлагаар баталжээ.

Нохойн албаны ноход зөвхөн сургагч эзнийхээ командаар дайрах буюу хөөх үйлдэл хийдэг байна. Энгийн нохойтой харьцуулахад эзэн нь дайрах команд өгөөгүй л бол ямар ч нөхцөлд хэн рүү ч халдадгүй ажээ. Нохой тэр дундаа овчарк үйлдвэрийн нохой хүнд хамгийн үнэнч, ой тогтооолт болон нэг хийж сурсан үйлдлээ марталгүй маш сайн сурдаг гэнэ.

Ахлах ахлагч Д.Жамбалсүрэн

-Энэ нохой албаны хэлээр Пума гэдэг дуудлагатай юм. Одоогоор цагдаагийн албанд зүтгээд зургаа дахь жилээ үдэж байна. Ажиллаж буй хугацаандаа хулгайн гэмт хэргийг маш олон удаа илрүүлж байсан. Тоог нь сайн хэлж мэдэхгүй байна. Ноцтой хүн амины хэрэг хоёрыг илрүүлсэн.

-Ямар үйлдвэрийн нохой вэ?

-Зүүн Германы үйлдвэрийн хар овчарк.

-Бусад нохойноос илүү байгаа нь юуных вэ?

-Энэ бүүр хоёр сартайгаас нь сургаад эхэлсэн нохой л доо. Сургалтын тогтоц болон туршлага их байгаа л даа. Ер нь нохой сургах маш их хэцүү шүү.