m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 12:27
48
Хүнсний гол нэрийн барааны үнэ буурчээ

Хүнсний гол нэрийн барааны үнэ энэ сарын 19-ний өдрийн байдлаар өмнөх сарынхаас 0.6 хувь, өмнөх долоо хоногийнхоос 0.4 хувиар буурсан байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн байна.

Хүнсний гол нэрийн барааны үнэ буурчээ

Тухайлбал, өмнөх сарынхаас дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 0.9 хувь, хоёрдугаар зэргийн савласан гурилын үнэ 1.8 хувиар өсч, нэгдүгээр зэргийн гурилын үнэ 0.5 хувиар буурсан бол, дээд гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Харин өмнөх долоо хоногийнхоос гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Үнийн дүнгээр авч үзвэл, нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1100-1500 төгрөг, I зэргийнх 950-1300 төгрөг, II зэргийнх 750-910 төгрөг байна. Харин “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1100-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, I зэргийн гурил 900 төгрөгөөр тус тус зарагдаж байгаа юм байна.

Мөн цагаан будааны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас 6.5 хувиар буурсан бол, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Харин төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 4.1 хувь, луувангийн үнэ 1.8 хувиар буурч, байцааны үнэ 4.2 хувь, манжингийн үнэ 4.3 хувь, сонгины үнэ 1.3 хувиар өссөн байна.