m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.22 07:03
95
Ш.Буянзаяа: Хүссэн медалиа авах цагт баярын нулимс унагах байх

Энэ удаагийн баялаг бүтээгч буландаа Аварга спорт хорооны дэргэдэх Аварга клубийн тамирчин, буудлагын спортын мастер Ш.Буянзаяаг урьж оролцууллаа. Тэрээр өнгөрөгч есдүгээр сард болсон 51 дэхь удаагийн  Буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс залуучуудын төрөлд алтан медаль хүртсэн. Одоо зэвсэгт хүчний 015 дугаар ангид цэргийн алба хааж байгаа юм.

-Яагаад буудлагын спортоор хичээллэх болсон бэ. Энэ спортоор хичээллээд хэр удаж байна?

-Хүүхэд байхдаа спортод их сонирхолтой байсан. Буудлагаар хичээллэхээсээ өмнө өөр спортоор хичээллэдэг байлаа. Тэгээд төдийлөн амжилт гаргаж чадахгүй байсан юм. Манай ээж анх буудлагаар хичээллэх саналыг надад тавьж байсан. Энэ спортоор хичээллээд таван жил болж байна.

Ээж маань анх буудлагаар хичээллэх саналыг тавьж байсан.

-Ээж чинь анх энэ саналыг тавьсан гэлээ. Өөрөө энэ спортод хэр сонирхолтой байсан бэ?

-Аав маань цэргийн хүн. Буудлагын спортоор армийн тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан. Би ерөнхийдөө цэрэг, армийн холбогдолтой зүйлд их дуртай байсан. Буудлагын спортоор хичээллээд анхны тэмцээндээ оролцоод хоёрдугаар зэрэгтэй болсон. Энэ амжилтандаа урамшаад  энэ спортод илүү татагдах болсон. 

-Анх ямар багшийн шавь болж байсан бэ. Одоо ямар багшийн удирдлаган дор бэлтгэл сургуулилтаа базааж байна?

-Анх Булган аймгийн Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн дарга н.Ганхуяг багшийн шавь болж байлаа. Тэнд хоёр жилийн хичээллэсэн.  Оюутан болоод Б.Ундралбат багшийн удирдлаган дор бэлтгэл сургуулилтаа хийж байгаа.

-Анхны томоохон тэмцээнд оролцож байсан үеээ дурсвал. Хэр сандарч байсан бэ?

-Анх Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан. Тэр тэмцээнд оролцоод дөрөвдүгээр байр эзэлсэн. 2011 онд Өсвөрийн хүүхдийн их наадамд хийн буугаар алтан медаль, 25 метрийн буудлагаар мөнгөн медаль хүртэж байсан. Олон улсын чанартай тэмцээнд оролцож байхдаа л их сандарч байсан.

Олон улсын чанартай тэмцээнд оролцож байхдаа л их сандарч байсан.

-Олон улсын чанартай тэмцээнд анх хэзээ оролцож байсан бэ?

-Мөн 2011 онд Кувеит улсад болсон Өсвөр үеийн азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Тэр тэмцээнээс хүрэл медаль хүртэж байлаа.

-Буудлагын спортын ямар төрлөөр хичээллэдэг  вэ?

-Таван төрлөөр хичээллэдэг. Анхан шатандаа хийн буугаар 10, 50 метрт бууддаг байсан. Зэрэглэл ахисны дараа 25, 50 метрийн буудлага, хурдан буудлагаар хичээллэдэг.

-Есдүгээр сард болсон ДАШТ тэмцээн оролцож залуучуудын төрөлд алтан медаль хүртсэн. Энэ тэмцээнд оролцсоноор ямар шинэ зүйлийг сурч авсан бэ?

Испани Улсын Гранада хотод 51 дэх удаагийн буудлагын спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн  есдүгээр сарын 6-20-ний  хооронд болж өнгрөсөн.  Үндэсний шигшээ багийн хамт манай клубээс зургаан тамирчин оролцсон. Тус тэмцээнд залуучуудын төрөлд багаараа алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлсэндээ баяртай байна. Тус тэмцээнд 50 гаруй орны 200-аад тамирчин оролцсон.

Цэргийн алба хааж байх хугацаандаа энэ тэмцээнд оролцсон. Энэ тэмцээнд оролцоход туслаж дэмжсэн 015 дугаар ангийн захирагч, хурандаа С.Түвшинбаяр болон удирдлагууд, ангийн хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна.

Дараагийн тэмцээнд орохдоо бэлтгэл сургуулилтаа хэрхэн хийх тэр аргачлалыг сурч авсан нь хамгийн том ололт болов уу.

-Алтан медалийн тавцанд зогсож байхад ямар мэдрэмж төрж байсан бэ?

-Дэлхийн аваргын алтан медалийн тавцанд зогсож байхад өмнө нь мэдэрч үзээгүй мэдрэмж төрдөг юм байна лээ. Төрийн дуулал эгшиглэж эхлэхэд үнэхээр сайхан байсан. Гэхдээ тэр үед  яагаад гэдгийг мэдэхгүй баярын нулимс гараагүй. Өөрийнхөө хүссэн медалиа авах цагт баярын нулимс гарах байхаа.

Өөрийнхөө хүссэн медалиа авах цагт баярын нулимс гарах байхаа.

-Дэлхийн аварга болчихоод ирэхэд анги хамт олон чинь хэрхэн угтаж авсан бэ?

-Их хүндэтгэлтэй угтаж авсан. Захирагч болон удирдлага хүлээж авч уулзан баяр хүргэсэн. Сэтгэгдэл их өндөр байсан.

-Буудлагын спорт гэхээр О.Гүндэгмаа, Д.Мөнхбаяр, Ц.Мөнхзул гэдэг хүмүүсийг л мэддэг. Харин тэдний халаа болсон залуу тамирчид хэр сайн бэлтгэгдэж байна вэ?

- Буудлагын спортыг Монгол Улсын  топ спорт болгож чадсан хүмүүс бол дээрхи хүмүүс яах аргагүй мөн. Эрэгтэй баг төдийлөн олонд танигдаж амжаагүй байсан. Сүүлийн үеэс эрчимтэй хөгжиж байна гэж хэлж болно.  Олон улсын тэмцээнд амжилттай оролцож байна.

-Буудлагын спортын багш дасгалжуулагчдын хувьд хэр хангалттай байдаг вэ?

-Буудлагын багш дасгалжуулагч цөөн. Гавьяат дасгалжуулагч Ц.Өлзийбаяр, Б.Ундралбат хүмүүс байна. Намайг дасгалжуулж байгаа хүн бол Б.Ундралбат багш маань. Мөн шигшээ багийн хоёр дасгалжуулагч байгаа.

-Олон улсын тэмцээнд явахад санхүүгийн асуудлыг хаанаас шийддэг вэ. Нэг тэмцээнд орлоцоход ойролцоогоор хичнээн төгрөг шаардлагатай вэ?

-Санхүүгийн асуудал  их хэцүү л дээ. Жишээлбэл: Би олон улсын чанартай таван  тэмцээнд оролцож байсан. Нэг тэмцээнийг л оюутны холбооноос зардлыг дааж явуулж байсан. Бусад тохиолдолд өөрөө зардлаа даагаад тэмцээнд явдаг.

Олон улсын тэмцээнд оролцоход хамгийн багадаа гурван сая орчим төгрөг шаардлагатай байдаг. Сая дэлхийн аваргад оролцоход долоон сая төгрөгний зардал гарсан.

-Залуу тамирчидтай байгууллагууд хэр хамтран ажиллах сонирхолтой байдаг вэ?

-Ер нь амжилтыг хардаг болохоор тийм ч их нааштай хандаад байдаггүй. Нэрд гарсны дараа л тэр хүмүүс өөрсдөө хамтран ажиллах санал тавьдаг. Бид нарыг нэг тэмцээнд оролцоход туслаач гээд очиход ямар ч байгууллага хүлээж авдаггүй. Амжилт гаргасан хойно биш амжилт үзүүлэхээс нь өмнө туслах хэрэгтэй гэж боддог.

Ер нь амжилтыг хардаг болохоор тийм ч их нааштай хандаад байдаггүй.

-Монголын буудлаг спортын хороо хэр сайн ажилладаг вэ?

-Монголын буудлага спортын хороог сайн ажилладаг гэж боддог. Бид нарыг олон улсын чанартай тэмцээн уралдаанд алгасалгүй оролцуулахыг хичээдэг. Мөн дотоодын өрсөлдөөнийг сайжруулах тал дээр нилээдгүй ажлуудыг зохион байгуулдаг.

-Ирээдүйд олимпийн наадамд оролцоход хэр их хугацаа шаардлагатай байгаа вэ?

-Миний хувьд бэлтгэл сургуулилтаа сайн базаагаад олон улсын чанартай тэмцээнд амжилттай оролцож 2016 оны олимпод оролцох зорилготой байгаа.  Олон улсын тэмцээнд оролцож медаль авах юм бол олимпийн эрх олгодог.

-Сая оролцсон тэмцээнийхээ сониноос хуучлахгүй юу?

-Саяхан Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Уг тэмцээнд хийн гар бууны 10 метрийн төрөлд мөнгөн медаль хүртсэн.

-Буудлагын спорт хүнээс ямар төрлийн авьяас, чадварыг шаарддаг вэ?

-Хувь хүнээс тэсвэр тэвчээр, найдвартай ажиллагаа, хөдөлмөрч байдлыг шаардана. Мөн өөрийгөө удирдах чадварыг их шаарддаг.

-Энэ спортоос шантрах үе байсан уу. Өөрийгөө яаж зоригжуулдаг вэ?

-Энэ спортоос шантрах үе байгаагүй. Нэг хэсэг рейтинг буурах үе байсан л даа. Тэр үед өөрийгөө зоригжуулж, бэлтгэл сургуулилтаа хийгээд өөрийн хэмжээндээ хүрч очиж чадсан. Тамирчин хүн бүрт өөрийн гэсэн зорилго байдаг. Зорилгодоо хүрэхийн төлөө бүрт аяндаа зоригжож эхэлдэг.

-Таны мөрөөдөл юу вэ?

-Миний хамгийн том зорилго бол олимпийн наадмаас медаль авах. Тэр үе ойрхон байгаа байх гэдэгт итгэдэг.

-Гадаад улс оронд тамирчдыг багаас нь дасгалжуулаад бүх асуудлыг нь шийдээд зөвхөн спортод нь анхаарлыг нь төвлөрүүлдэг шүү дээ. Харин манайд тэр боломж хэр байдаг вэ?

-Миний бодлоор спорт, ажил хөдөлмөр хоёр тусдаа зүйл шүү дээ. Ажлаа хийгээд спортоор амжилт үзүүлэхэд хэцүү. Энэ хоёрыг хослуулах тун бэрх шүү дээ. Хэрвээ хослуулж чадвал өөрт ямар ч хохиролгүй л байх болов уу.

-Цэргийн алба хаах ямар байна. Цэргийн алба хааснаар тамирчин хүний хувьд ямар ахиц дэвшил гарсан бэ?

-Эр хүн болж төрсөн учраас энэ албыг заавал хаах ёстой гэж боддог. Цэргийн алба хааснаар өөрийнхөө илүү хөдөлгөөнийг хянаж сурдаг болсон. Илүү төлөвлөгөөтэй ажиллаж сурсан.

-Монголын буудлагын спорт дэлхийн түвшинд ямар байна вэ. Улам сайжруулахын тулд ямар алхмуудыг хийх ёстой гэж харж байна?

-Буудлагын спорт манай улсад хөгжиж байна. Харин тамирчдын амжилт гаргах боломж их байгаа. Дэлхийн тавцанд бусад орны тамирчидтай тэнцүү өрсөлдөж зарим үед илүү байж чаддаг. Улам сайжруулахын тулд бэлтгэл сургуулилт хийх бүх боломжийг хангаж өгвөл бидний амжилтанд сайнаар нөлөөлнө.

-Бэлтгэл сургуулилтаа хэрхэн хийдэг вэ. Гадаадын сайн тамирчдаас сурах зүйл байдаг уу?

-Гадаадын сайн тамирчдаас сурах зүйл байдаг л даа. Гэхдээ өөрийнхөө багш дасгалжуулагчийн өгсөн чиглэлийн дагуу бэлтгэл сургуулилтаа хийсэн нь илүү үр дүнтэй. Өдөр бүр бага ч гэсэн хугацаанд чанартай бэлтгэл хийхийг хичээдэг. Тэмцээнд орох гээд эрчимтэй бэлтгэл хийхэд 6-8 цагийг зарцуулдаг.

Энэ завшаанийг ашиглаад уг амжилтанд хүрэхэд туслаж дэмжиж байсан хүмүүстээ хандаж сэтгэлийн үгээ хэлэхгүй юу?

Өнөөдрийн энэ бага ч гэсэн амжилтанд хүрэхэд их олон хүн нөлөөлсөн. 015 дугаар ангийн удирдлагууд,  “Champion” клубийн багш нар болон намайг дэмжиж байсан аав ээж, ах дүү, найз нөхөд бүх хүмүүст баярлаж байгаагаа хэлмээр байна.

Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.