m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.22 10:07
48
Сүүлийн өдрийн сүүлийн барилдаанаас түрүү бөхийн нэр тодорно

Башё эхнээсээ аваад эцсээ хүртэл өрсөлдөөнтэй, сонирхолтой байвал холбооныхон баярладаг. Өрсөлдөөн их байхын хэрээр үзэгчид сонирхож, орлого нэмэгддэг учраас тэр. Тэгвэл Кюүшюү башё яг л холбооны удирдлагуудын хүссэний дагуу сонирхолтой өрнөсөөр. Сонирхолтой болгосон бөхчүүд нь мэдээж монголчууд. Тухайлбал, башёгийн түрүү бөхийн нэр сүүлийн өдрийн хамгийн сүүлд болох Монголын хоёр аваргын барилдаанаас шалтгаалах боллоо.

Дээд амжилтын төлөө тэмцэж буй их аварга Хакүхо өнөөдөр 32 дахь түрүүгээ авч магадгүй байсан. Хэрэв Хакүхо өөрөө давж, Какүрюү унавал сүүлийн өдрийг хүлээлгүйгээр эзэн хааны цомыг гардах байлаа. “Цагаан гарьд” ч өөрөөс шалтгаалах бүхнийг хийж, нутгийн аварга Харүмафүжиг өвдөг шороодуулав. Хоёр бөх халз тулангуут Хакүхо Харүмафүжигийн гарыг таллаж гүйлгээд ард нь гарч, хялбархан даваа авав. Үүний дараа дохён дээр гарсан Какүрюү аварга озэки Котошёогикүг сугадсан барьцнаас мэдэрч зайлаад 12 дахь даваагаа авсан юм. Ингэснээр тэрбээр Хакүхогоос нэг унааны дутуу хэвээр үлдэж, түрүүлэх боломжоо хадгалж чадлаа. Маргааш 69, 71 дэх аваргууд хоорондоо халз тулж, хэн нь түрүү бөхөөр тодрохоо шийдэх болно. Тэдний өрсөлдөөнд Хакүхо аварга харьцангуй давуу талтай байгаа. Тэрбээр маргааш давбал шууд түрүүлнэ, хэрэв унавал нэмэлт барилдаан гарах юм. Тиймээс Какүрюү дээд зиндааны хоёр дахь түрүүгээ авахын тулд хүчтэй аваргыг хоёр дараалан ялах хүндхэн даалгавартай үлдэж байна.

Котошёогикү унаснаар Японы хоёр озэки тавиас дээш хувийн амжилтаа үзүүлж чадсангүй. Харин шинэ сэкивакэ Ичиножёо Японы өөр нэг озэки Кисеносатог өвдөглүүлснээр тавиас дээш хувийн амжилтаа үзүүлсэн юм.