m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.23 05:26
160
Төрийн далбаа мандуулж Их цагаан тугаа цэнгүүлэв

Их эзэн Чингис хааны мэндэлсний 852 жилийн ой, Монгол бахархлын өдөр өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр өнөөдөр тохиож буй.  Энэ өдөр зориулан Их эзэн Чингис хааны талбайд Монгол Улсын Төрийн далбаа мандуулах ёслол боллоо. Харин үүний дараа Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол болсон юм.

Есөн хөлт Их цагаан тугийг Төрийн ордноос  Чингис хааны талбайд залж, есөн шарга морьт цэрэг Төрийн ордныг нар зөв гороолон цэнгүүлэв. Их цагаан тугийг цэнгүүлэхэд хээр зүсмийн морьд хүлэглэсэн торгон цэрэг, төрийн тусгай хамгаалалтынхан дагалдаж, зэвсэгт хүчний үлээвэр найрал хөгжим хүндэтгэлийн ая эгшиглүүлэн хүндэтгэл үзүүлэв.

Төрийн ордныг нар зөв тойруулан цэнгүүлсний дараа Их цагаан тугийг торгон цэргүүд Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд буцаан залав.