m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.23 06:44
639
Монгол тууль

Монгол тууль нь монгол ардын аман билгийн нэн эртний төрөл хэлбэрийн нэг бөгөөд хэдэн зуугаас хэдэн түмэн мөр шүлгээс бүрдэл болдог  том туурвил билээ. Нэгэн шөнийн дотор багтаан хайлах бэсрэг туулиудаас гадна хэдэн шөнө дамнан хайлах дэлгэр тууль цөөнгүй байдаг. Туульсийн бүтээлүүд нь эртний цалиг шүтлэг, бөө мөргөл, бурханы шашин, домог зүйн болон уран сайхны сэтгэлгээний олон үе давхрагыг хадгалсан бөгөөд дотроо  үлгэр, домог, ерөөл, магтаал, зүйр цэцэн үг, цацал мялаалга, бэлгэ дэмбрэлийн үг, дом шившлэг зэрэг аман зохиолын олон төрөл зүйлийг багтаан агуулж байдаг онцгой төрөл юм. Монгол туулийн хэл гайхамшигтай уран яруу бөгөөд монгол шүлгийн шилдэг уламжлалыг хадгалсан, эртний хэллэг, монголын олон ястан овогтны аман аялгууны онцлогийг агуулсан байдаг.Тууль бол зөвхөн үгийн урлаг төдийгүй хөгжим аялгуу, туульчийн уран чадвар, хайлах, хэлэх ёс жаяг, зан үйлийг багтаасан нийлмэл урлагийн шинжтэй цогц үзэгдэл юм. Академич Ц.Дамдинсүрэнгийн хэлснээр “олонд алдартай үлгэрч, туульч нар болбоос нүүдэлчин монголчуудын үзэх жүжиг, сонсох хөгжим, унших ном гурвууланг нэгэн зэрэг орлож, нэг жүжигчинтэй театрын үүргийг гүйцэтгэж байсан”  ажгуу. Туулийг товшуур, хуур, экил, хуучир зэрэг хөгжмийн зэмсгийн аль нэгнээр ая хамсран  хайлдаг уламжлалтай. Зарим нутагт хөгжмийн зэмсэг хэрэглэлгүйгээр аялгуулан хэлдэг ёс буй.

Тууль нь Монгол улсаас Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн ЮНЕСКО-гийн жагсаалтад 2009 онд бүртгэгдсэн өв юм.