m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.23 06:46
41
Хүүхдийн спортын V их наадмыг ирэх онд орон даяар зохион байгуулна

Иргэдийн спортоор хичээллэх хүсэл сонирхлыг дэмжиж дөрвөн жил тутамд хүүхдийн, оюутны, үндэсний, бүх ард түмний спортын их наадмыг орон даяар зохион байгуулдаг. Үүний нэг болох хүүхдийн спортын V их наадмыг 2015 онд өвөл, зуны төрлүүдээр зохион байгуулахыг ССАЖЯ, БШУЯ, аймаг, нийслэлийн удирдлагуудад даалгалаа.

Их наадмыг хөгжлийн бэршээлтэй хүүхдүүдийн дунд найман төрлөөр ирэх оны зургадугаар сард, ЕБС-ийн сурагчдын дунд зуны спортын 15 төрлөөр есдүгээр сард, өвлийн спортын таван төрлөөр 12 дугаар сард тус тус нийслэл хотноо зохион байгуулахаар төлөвлөж байна.

Өмнөх наадмуудыг гурван үе шатаар явуулж байсан бол энэ удаа тухайн спортын төрлийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс эрх авсан баг тамирчдыг оролцуулан их наадмыг Улаанбаатар хотноо нэгэн зэрэг эхлүүлж, 5-7 хоногт багтаан зохион байгуулах юм. Түүнчлэн, оролцогчдыг урлаг соёлын тусгай хөтөлбөрүүдэд өргөнөөр хамруулна.

Хүүхдийн спортын их наадмыг 1999 онд анх зохион байгуулж байжээ. Олон улсын хэмжээнд ч хүүхэд залуус спортоор хичээллэхийг дэмжин 2010 оноос эхлэн өсвөр үеийнхний Олимпийн наадам зохион байгуулах шийдвэрийг Олон улсын Олимпийн хорооноос гаргасан байдаг.