m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.23 06:52
36
Шинэ Ерөнхий сайд анхны хурлаа хийв

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хүүхдийн эрхийн тухай конвенцийн Мэдээлэл хүргүүлэх журмын тухай нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжлээ.

Тус төслийг хэлэлцэн дэмжээд хуралдааны үеэр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Хууль зүйн сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд нар хамтран үзэл баримтлалыг батлах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улс энэхүү Нэмэлт Протоколд нэгдсэнээр хүүхдийн эрхийг хангах, хамгаалах үйлсийг урагшлуулах, өргөдөл гомдлоо олон улсын эрх бүхий байгууллагад мэдээлж, олон улсын тусламжийг ашиглах боломж бүрдэнэ. Мөн Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийг сайжруулах, хянах, хүүхдээс өргөдөл гомдол хүлээн авч, хянан шийдвэрлэх үйл ажиллагааны Үндсэний нэгдсэн механизм бий болгон бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм. Түүнчлэн хүүхдийн эрх зөрчигдсөн тохиолдолд Монгол Улсын Засгийн газар, ХАХНХЯ, ГХЭЗХАЯ-аас Олон улсын байгууллагад гомдол гаргах эрхийг олгох юм.   

Энэ хурлаар мөн Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын Конвенцийн хэрэгжилтийн талаарх Үндэсний 5 дугаар тайлангийн төслийг хэлэлцэн дэмжлээ.

-Тодорхой төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд ашиглах тоног төхөөрөмж бүхий лабораторийн тухай танилцуулгыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлэхээр тогтлоо. Хэрэг илрүүлэх, хэргийн газарт үзлэг хийх байгууллага, албан хаагчдад бичил ул мөр илрүүлэх, бэхжүүлэх, шинжлэх багаж хангалтгүй байгаа тул орчин үеийн өндөр нарийвчлалтай багаж төхөөрөмж авч суурилуулахаар төлөвлөж байгаа юм.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан боловсруулсан Захиргааны ерөнхий хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж, саналыг хууль санаачлагчид уламжлахаар тогтлоо.

-Органик хүнсний тухай хуулийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжээд гишүүдийн гаргасан саналыг тусган батлахыг холбогдох сайд нарт даалгав. Манай улсад органик хөдөө аж ахуй, хүнсний боловсруулах үйлдвэрлэл болон үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг бүртгэж, шинжилж баталгаажуулах эрх зүйн орчин бүрдээгүй байна. Иймд ийм хүнс үйлдвэрлэгч, борлуулагч нарт тавих нийтлэг шаардлага, тэднийг урамшуулах, дэмжих эрх зүйн зохицуулалт шаардлагатай байна гэж үзэж байна.

-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын тухай асуудлыг хэлэлцэн дэмжээд батлах нь зүйтэй гэж үзлээ.

-Шүүхийн шийдвэрийг үндэслэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар Ш.Солонгыг эргүүлэн томиллоо.