m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.23 08:02
65
АХХ-ны Ерөнхийлөгчөөр С.Эрдэнийг сонголоо

Ардчилсан Хүчний холбооны (АХХ) ээлжит бус IV чуулган боллоо. Энэхүү чуулганаар ААХ-ны Ерөнхийлөгчийг сонгох асуудлаар  удирдах зөвлөлийн гишүүд хэлэлцэж чуулган товлон хуралдуулсан байна. Чуулганд нийт 110 гишүүн оролцохоос 90 гишүүн хүрэлцэн ирж,  81.8 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Тус чуулганы нээж ХАХНХ сайд, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ үг хэлсэн юм. Үүний дараа АХХ-ны Ерөнхийлөгч З.Энхболд үүрэгт ажлаа хүлээлгэн өгч холбооны билэг тэмдэг болох Шонхорыг шилжүүлэн өгч, нийт гишүүддээ амжилт хүсэж,  хамтарч ажиллахаа мэдэгдлээ.

АХХ-ны Ерөнхийлөгч З.Энхболд үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн тул дараагийн тэргүүнийг сонгох санал хураалт явагдлаа. Ингээд АХХ-ны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн С.Эрдэнийг 100 хувийн саналаар сонголоо. Тэрээр гишүүдэд хандан итгэл хүлээлгэж байгаад талархан ирэх 2015 оны сонгуульд Ардчилсан хүчний шонхорууд илүү их амжилт гаргана гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байгаагаа илэрхийлэн,  хичээн ажиллахаа амлалаа.

Энэ удаагийн чуулганаар мөн холбооны зохион байгуулалт, дүрэм болон ирэх онд болох Их хурлын товыг батлахаар хуралдаж буй юм.

Хэлэлцэх асуудлын өмнө чуулганы тэргүүлэгч гурван хүнтэй байхаар санал дэвшүүлж, дэмжигдлээ. Үүнд С.Одонтуяа, Д.Ганхуяг, Ж.Батзандан нарын нэрийг дэвшүүлсэн юм. Харин Д.Ганхуяг гишүүн өөрийн хүсэлтээр нэрээ татаж, оронд нь залуу төлөөлөгч М.Алзахгүйг дэвшүүлэн дэмжигдэж бүх гишүүдийн саналаар чуулганыг тэргүүлсэн юм. Ингээд чуулганы  тэргүүлэгчдээс хурлын даргаар  С.Одонтуяа гишүүн сонгогдлоо. Түүнчлэн тооллогын комиссыг мөн гурван хүний бүрэлдэхүүнтэй байхаар санал хурааж Д.Үүрийнтуяа, Г.Цэндсүрэн, Д.Гантулга нарыг сонголоо. Редакцийн комиссоор И.Нарантуяа, н.Халиунаа нарыг сонгосон юм.

Чуулган үргэлжилж байна.