m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.23 10:55
45
“Цагаан гарьд” бүхний манлайд

Сүмо бөхийн түүхэнд домог болон үлдсэн 48 дахь ёкозүна Тайхо Коки хамгийн сүүлд 1971 оны нэгдүгээр сарын башёд түрүүлсэн байдаг. Энэ нь түүний дээд зиндааны 32 дахь түрүү болж, бүх цаг үеийн дээд амжилтаар тэмдэглэгдсэн түүхтэй. Түүнээс хойш 20 гаруй аварга төрөн гарсан ч дээд амжилтыг нь эвдэж чадаагүй юм. Чиёонофүжи аварга 31 удаа түрүүлсэн ч рекордыг нь эвдэж чадалгүй зодог тайлж байлаа. Тэгвэл жижиг биетэй хэмээн сүмод гологдож байсан Монголын бөх Хакүхо М.Даваажаргал Кюүшюү башёд өнгөлснөөр мөнхийн гэгдэж байсан дээд амжилттай зэрэгцлээ. Өнөөдөр их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдөр. Тэгвэл баярын энэ өдөр “Цагаан гарьд” маань түүхэн амжилттай зэрэгцсэн нь гайхалтай тохиолдол байлаа.

Хакүхогийн хувьд сүүлийн өдөр Какүрюүтэй хийх барилдаанаас түрүүлэх эсэх нь тодрох байв. Гэхдээ 69 дэх аварга гол өрсөлдөгчөөсөө нэг даваа илүү тул давуу байдалтайгаар дуэльд орсон юм. Хэрвээ Хакүхо давбал шууд түрүүлнэ, Какүрюү давбал нэмэлт барилдаан гарах болно. Гэхдээ Хакүхо нэмэлт барилдаан хийж аз туршихыг хүссэнгүй, тачиан дээр л давуу байдал олж авч, давхар мавашины барьцнаас түрж гаргаад дүү аваргаа давсан юм. Хакүхо шагналаа гардан авах мөчид сэтгүүлчид ярилцлага өгөхдөө Монголынхоо ард түмэнд хандан монголоор мэндчилгээ дэвшүүлсэн нь элэг нэгтнүүдээ баярлуулсан явдал болов. Тэрбээр “Бөртэ чоно, Гуа маралын удмын хүү би өөрийн хайртай Тайхо аваргынхаа ачийг хариулж, Монголын ард түмэн хүчтэй, эвтэй байвал юманд хүрч чаддаг юмаа гэдгийг харуулж чадсандаа туйлын их баяртай байна” хэмээн хэллээ.

Хакүхогийн хувьд өдгөө 29 настай. Харих яагаа ч үгүй байна гэсэн үг. Тиймээс дахин нэг түрүүлж, дээд амжилтыг дангаар эзэмших нь цаг хугацааны л асуудал. Тэр ч байтугай 40 түрүү рүү ч зүтгэх боломж дүүрэн байна. Хакүхо 2006 оны тавдугаар сарын башёд 14-1 амжилтаар анхны түрүүгээ авч байлаа. Үүнээс хойшхи найман жилийн хугацаанд 32 түрүүтэй зэрэгцэж чаджээ. 

Дээд зиндаанд барилдсан бусад монгол бөхчүүдийн тухайд Харүмафүжи 11-4, Какүрюү 12-3, Ичиножёо 8-7, Тэронофүжи 8-7, Таканоива 3-12, Араваши 8-7, Кёкүшюүхо 9-6, Тамаваши 8-7, Кёкүтэнхо 10-5 амжилтаар башёг өндөрлүүлэв. Дээд зиндааны 10 бөхийн ес нь тавиас дээш хувийн амжилт үзүүлсэн сайхан мэдээтэй зэрэгцээд жюүрёод барилдсан хашир туршлагатай Токитэнкү А.Хүчитбаатар 12-3 амжилтаар түрүүлж, баяр дээр баяр нэмлээ. Кюүшюү башё яах аргагүй монгол бөхчүүдийн давамгайлал дор болж өндөрлөлөө.