m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.24 01:34
34
Зөрчилтэй аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцаллаа

“Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, зөвшөөрөл олгох, сунгах, хяналт тавих журам”-ын хэрэгжилтэнд хяналт шалгалт хийх, хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангуулах, илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор Сүхбаатар аймгийн Засаг даргын А/426 тоот захирамжаар батлагдсан ажлын хэсэг энэ сарын 3-14-ний хооронд сумдад ажилласан байна. Аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нийт 146 аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийснээс 35 аж ахуй нэгжийн өндөр агууламжтай согтууруулах ундаа худалдах, 9 аж ахуй нэгжийн өндөр агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх, 4 аж ахуй нэгжийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх, нийт 48 аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгосон байна. Ингэхдээ Аттестачлалд хамрагдаагүй, Стандарт, Галын аюулгүй байдал хангалтгүй, Ажлын байр сольсон, Төрийн албан хаагч ажиллуулдаг, Татан буугдсан болон өөрийн хүсэлтээр гэсэн шалтгааныг үндэслэл болгожээ. Хяналт шалгалтын үеэр хугацаа нь дууссан пиво худалдан борлуулж байсан нийт 24 аж ахуйн нэгжээс 1425 литр пиво тэмдэглэл үйлдэн хураан авсан байна. Түр хураан авсан тусгай зөвшөөрөлд 14 хоногийн хугацаатай үүрэг өгч хэрэв өгсөн үүргийг цаг хугацаанд нь хийж гүйцэтгээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох талаар аж ахуйн нэгж, байгууллагад мэдэгджээ. Баруун-Урт хотод согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдэд энэ сарын 25-наас аттестачлал хийх юм.