m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.24 02:18
56
Түүхэн амжилттай зэрэгцсэн хүүгээ Монголын төр хэрхэн үнэлэх бол

Сүмо бөхийн 2014 оны сүүлийн башё сонирхолтой өрнөж, урьдын адил монгол бөхчүүд илт давамгайллаа. Дээд зиндаанд барилдсан 10 монгол бөхийн ес нь тавиас дээш хувийн амжилтаа үзүүлж, дөрөв нь 10-аас дээш даваа авав. Мөн жюүрёо зиндаанд улсын начин Ж.Алтангадасын хүү Токитэнкү А.Хүчитбаатар 12 даваагаар түрүүлсэн гээд бахархах, омогших мэдээ олонтой байв. Энэ дундаас их аварга Хакүхогийн амжилт онцгой байлаа.

Мэргэжлийн сүмогийн 48 дахь ёкозүна Тайхо 1960-1971 оны хооронд дээд зиндаанд 32 удаа түрүүлсэн байдаг. Түүнээс хойш сүмо бөхөд 20 гаруй ёкозүна төрөн гарсан ч амжилтыг нь эвдэж чадаагүй юм. Тэгвэл өчигдөр тохиосон үндэсний бахархлын өдөр 69 дэх аварга Хакүхо М.Даваажаргал мөнхийн гэгдэж байсан энэ амжилттай зэрэгцэж, түүхэнд нэрээ тодоор үлдээлээ. Тайхо аварга өнгөрсөн жилийн долдугаар сард бурхны оронд заларсан. Түүнийг нас барахаас хоёрхон хоногийн өмнө Хакүхо эргэн очиж, ярилцаж суусан байдаг. Энэ үед Тайхо аварга Хакүход өөрийнх нь амжилтыг заавал эвдээрэй хэмээн захижээ. Тэгвэл “Цагаан гарьд” маань тусалж дэмжиж явсан домогт аваргынхаа ачийг хариулж, дээд амжилттай нь зэрэгцлээ. Одоо тэрбээр 29 настай. Дахин 4-5 жил өндөр түвшинд барилдах нөөц байна гэсэн үг. Тиймээс 32 түрүүг давж, дээд амжилтыг дангаар эзэмших нь цаг хугацааны л асуудал байх болно. Магадгүй шинэ оны эхний башёд  бид түүхэн үйл явдлын гэрч болж болох юм. Сүмогийн холбооны тэргүүн Китаноүми “Хакүход өрсөлдөгч алга. Тиймээс дор хаяж 40 түрүүлэх байх” хэмээн ярьсан нь нэгийг хэлэх байх.

Тайхо аварга 32 түрүүлэхийн тулд 11 жил зарцуулсан бол Хакүхо найман жилийн дотор л зэрэгцэж иржээ. Тэрбээр 2006 оны тавдугаар сарын тэмцээнд озэки цолтой барилдсан эхний башёдоо 14-1 амжилтаар түрүүлсэн байдаг. Дараагийн гурван жил нь тус бүр дөрөв түрүүлсэн бол 2010, 2011 онд тав, 2012 онд хоёр, 2013 онд дөрөв, энэ жил таван түрүү авч, рекордыг давтсан юм.

Монголын их аварга өнгөрсөн хугацаанд сүмо бөхийн хэд хэдэн дээд амжилтад нэрээ бичүүлжээ. Тухайлбал, 2009 онд нийт 90 барилдааныхаа 86-д нь ялж, нутгийн аварга Асашёорюүгийн рекордыг эвдсэн. Мөн 2010 оны нэгдүгээр сарын башёгийн 14 дэх өдрөөс эхлээд арваннэгдүгээр сарын башёгийн хоёр дахь өдрийг хүртэл 63 барилдаан дараалж ялсан нь бүх цаг үеийн хоёрт орох үзүүлэлт билээ. Тэрбээр Футабаяма аваргын амжилтад хүрэхэд ердөө зургаан даваа дутсан юм. Түүнчлэн 10 башёд уналгүй, долоо башёд дараалан түрүүлсэн зэрэг нь бүх цаг үеийн дээд амжилт болжээ. Хакүхо 32 удаа түрүүлснээс гадна дөрвөн удаа 14-1, таван удаа 13-2 амжилт үзүүлсэн. Түрүүнийх нь тоо бараг арваар илүү байх боломжтой байсан гэсэн үг. Ингээд бодохоор яах аргагүй цагийг эзэлсэн их аварга юм даа.

Ийнхүү улсынхаа нэрийг Япон төдийгүй дэлхий дахинд гаргаж яваа домогт аварга маань гавьяат тамирчин гэсэн даруухан цолтой байсаар өдийг хүрлээ. Одоо М.Даваажаргалыг Хөдөлмөрийн баатар цолоор шагнавал уурлаж, дургүйцэх хүн гарахгүй гэдэгт итгэлтэй байна. Учир нь тэр ийм алдар хүртэх гавьяаг хэдийнэ байгуулсан. Магадгүй Монголын төр дээд амжилт эвдсэнийх нь дараа баатар цолоо өгөх гээд хадгалаад байгаа юм болов уу. Ямартай ч өнөө цагийн амьд домог Хакүхо М.Даваажаргал Хөдөлмөрийн баатар гээд дуудуулаад явах цаг холгүй болов уу.