m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.24 02:31
65
Итгэл алдарсан өдрүүд...

“Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцсон  нь олны анхаарал татаж, өнгөрсөн долоо хоногийн ярилцах сэдвийн нэг боллоо. Асуулт, хариулт бүрийг хүн бүхэн чих тавин сонсож, хэн нь хэн бэ гэдгийг түүний хариултаас сонирхлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч асан тэрбээр яагаад аавын хаалга татав, хэн түүнд юу хэлж, ямар шийдвэр гаргасных нь төлөө ийм нөхцөл байдал үүсэв гээд сонирхолтой сэдэв олон болохоор ийн олны анхаарал татаж буй.

Н.Энхбаяр эх орондоо ирсэнээсээ хойш “Уучлаарай гэдэг үгийг хэлэх цаг нь болсон” гэж олонтоо өчив. Хүний нутагт олон сар амьдрахдаа тухайн орны  хөгжил, хүмүүсийн аж амьдрал, нийгмийн тогтолцоог нь хараад цагаан атаархал төрж байсан талаар тэрбээр манай сайтад өгсөн ярилцлагадаа онцолсон. Тиймээс ч буруу замаар будаа тээн 24 жилийг үдсэнээ ухааран ийн хэлсээр байгаа болов уу.

 

Албан тушаалтан тайлбар хийвэл бүр ч итгэж, маргашгүй болдог байж билээ. Одоо тэгвэл хэнд ч итгэх арга алга. Тэр ч бүү хэл төрийн тэргүүн, түшээд ч итгэлтгүй гэдгийг “шар дээлт мангас”-ын яриа батлаад өглөө.

Монголын төрд  итгэхийн арга алга. Төр түшилцэж байгаа хүмүүс нь өөрийнхөө цэвэр ариуныг гайхан, камерийн өмнө ярих. УИХ-ын гишүүн болоогүй, Засгийн газрын бялуунаас хуваалцаж чадаагүй нэг хэсэг нь буруу бодлого, бульхайг нь дэлгэх. Үнэн гэж хаана байна вэ. Нэг хэсэг бид төрийн төв хэвлэлийг үнэн, зөвийн бамбар болгон , сонин, телевизээр гарсан юм чинь гэж итгэдэг байсан. Албан тушаалтан тайлбар хийвэл бүр ч итгэж, маргашгүй болдог байж билээ. Одоо тэгвэл хэнд ч итгэх арга алга. Тэр ч бүү хэл төрийн тэргүүн, түшээд ч итгэлтгүй гэдгийг “шар дээлт мангас”-ын яриа батлаад өглөө.

Н.Энхбаярыг ноцтой гэмт хэрэг үйлдсэн, улсын хөрөнгө рүү хуруугаа хайр найргүй дүрж, ах дүү, өөрийн тойрон хүрээлэгсдийн халаасыг түнтийлгэсэн аймшигтай шар дээлт л гээд байсан. Гэтэл үнэн хэрэгтээ хэдэн ном зөөснийх нь төлөө ийн яллаж, нэр хүндийг нь уландаа гишгэж байсан гэж үү. Түүний ярианаас ийм ойлголт авахад хүрч байна. Өнөөх сүр дуулиан болгоод байсан хэвлэх үйлдвэрийн газрын бичиг нь Н.Энхбаярын дүү Н.Энхтуяагийн нэр дээр бус хотын мэдэлд байсан гэж тэр онцоллоо. Н.Энхбаярын ярьж буй үнэн бол хууль хяналтын байгууллагынхан ялангуяа АТГ-ынхан болон шүүхийнхэн  түүнээс болон ард түмнээс уучлал гуйх ёстой бус уу. Болсон үйл явдалд хэн буруутай юм бэ. Хэдэн зуун цагдаа гэрээс нь хөлийг нь гозолзуулаад аваад гарсныг л олон нийт мэдэж байна. Бусад бүх зүйл хөшигний цаана болсон. Олон нийт   үнэнийг л мэдэхийг хүсч байна.

Н.Энхбаярын ярьж буй үнэн бол хууль хяналтын байгууллагынхан ялангуяа АТГ-ынхан болон шүүхийнхэн  түүнээс болон ард түмнээс уучлал гуйх ёстой бус уу.

Нам харгалзахгүй нэг “хөнжилд” ордгийг  Ц.Нямдорж ярина лээ. Хүний амьдралын хамгийн хүнд хэцүү цаг үе Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр нарыг зэрэг дайрч. Бяцхан охиныхоо амийг аварч үлдэхийн тулд багш Бакула Ренбүүчигээс нэр залахдаа Ц. Элбэгдоржийн хүүг тэр орхисонгүй. Хорвоо гэдэг хатуу хойно Элбэгдоржийн Цэрэндорж эсэн мэнд үлдэн, Энхбаярын Цэрэндулам ертөнцийн мөнх бусыг үзүүлэв. Аминаас нь тасарсан алаг үрийнх ньтөлөө сэтгэл гарган тус хүргэсэн хүнд хар буруу санаж, хатуурхаж хэрхэвч боломгүй санагдана. Тэр тусмаа улстөрийн асуудлаар бүр ч байж болохгүй.

Хэнбугай ч халдах эрхгүй шүүхийн шийдвэрт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун нөлөөлсөн гэдгийг Н.Энхбаярын гэргий О.Цолмон  хэллээ.

Ямар бодлого хэрэгжүүлж, эх орныхоо эрх ашигт нийцсэн ямар шийдвэр гаргах бол хэмээн харж, итгэн суудаг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг тэр утсаар загнасан гэсэн. Үнэндээ манай улсын дотоод асуудал, шүүхийн шийдвэр Бан Ги Мунд хамаатай гэж үү. Хэрвээ ийм  үйл явдал болсон бол Монголыг бие даасан улс гэж хэлэхэд бэрх болжээ. “Н.Энхбаяр үнэнийг ярилаа, тэр ийм цаг үед худлаа ярих ямар ч шаардлага байхгүй”  гэх мессеж цахим хуудсаар нисч байна. Олон нийтийн үзэл бодол хоёрдож, төрдөө итгэх итгэл алдарсаар.

Н.Энхбаяр ийн ярьснаар хариу цохилт ирнэ гэдгийг мэдэж байсан нь ойлгомжтой. Маргааш нь манай туршлагатай парламентч, “хатуу самар” Ц.Нямдорж бас л баахан зүйл ярилаа.

Үнэндээ тэдний яриа аяга цай уунгаа хуучилж буй авгай нарын ярианаас ч дор сонсогдоно. Улстөрчид, төрийн түшээдэд нэг айдас баймаар санагдах юм. Төрдөө итгэдэггүй ард түмэнтэй болчихвол тэд яах вэ. Хамгийн аймшигтай зүйл энэ л баймаар. Төрийн түшээд энэ талаар боддог болов уу. Тойрон хүрээлэгсэд, “бөгс долоогчид”-оос л Монголын амьдрал, олон нийтийн үзэл бодлыг дамжуулан мэдэрч буй хүмүүс Монголыг Монгол шиг авч явж чадна гэж үү. Түмний амьдрал тартагтаа тулж, тал талхаар өдрийг өнгөрөөж буй хүмүүсийг тэд мэддэг болов уу. Хөгшид сүү авч дийлэхээ болиод ганц аяга усаар өдрийг өнгөрөөж буйг тэд хараагүй ч сонссон болов уу...

Тойрон хүрээлэгсэд, “бөгс долоогчид”-оос л Монголын амьдрал, олон нийтийн үзэл бодлыг дамжуулан мэдэрч буй хүмүүс Монголыг Монгол шиг авч явж чадна гэж үү.

Төрд, төрийн түшээдэд итгэх арга алга. Төр шиг төртэй, улс шиг улстай болохын тулд төрийн албыг төрлийн алба болгогсод, түмний хэргийг өөрийн эрх ашгийн хойно тавигсдыг бус, нам биш хүнийг сонгодог болцгооё. Тэгж гэмээнэ түнэр харанхуйгаас бага ч болов гарах зам нээгдэнэ.