m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.24 03:14
72
“ЭМ-ИЗМ” буюу энэ нийгмийн дампуурал

Энэ нийтлэлийн маань нэр эмэгтэйчүүд, бүсгүйчүүдтэй огт холбоогүй болохыг хэлэх хэрэгтэй. Тиймээс ийм гарчиг тавьсныхаа төлөө орчлонг бүтээлцсэн бүсгүй заяаны өмнө хүлцэл өчсү.

Бурхан багш эрийг хүч чадалтай, хатуу ширүүн, эмийг зөөлөн аядуу, хүч бус арга эвээр “ажилладаг” байхаар бүтээжээ. Бөртэ чоно, Гоо марал хоёр ч тус тусын үүрэгтэйгээр ертөнцөд бууж ирсэн байдаг. Ингэж эр эм хосолж байгаа юм. Арга билиг ч гэнэ. Шууд утгаараа бол эр, эм байж энэ хорвоо ертөнцийн юмс үзэгдэл бүтэж байгаа хэрэг. Нэг нь нөгөөгүйгээр орших учиргүй.

Гэхдээ он цагийн элээнд үү, орчлонгийн нас дөхсөн үү, эр байх ёстой “амьтан”-д эм шинж давамгайлах нь үзэгдэх болж.

Чуулганы хуралдаан гэж яг үнэндээ хэдэн авгай “хов базаж” байгаатай л адилхан. Манай нам тэгсэн, танай нам тэгээгүй. Манайх хийсэн, танайх хийгээгүй ... 

Эрчүүд ботинк биш туфли өмсдөг болж. Хүүхэн хүн барвайсан хар сахал ургуулдаг боллоо. Гэсэн шиг л эсрэгцэл бий болчихож.

Монголын нийгмийг давалгаалан эзэлж буй эм шинж эцэстээ Изм-ийн төвшинд хүрэв. Изм бол суртал. Бас урсгал. Коммунизм, социализм, буддизм , капитализмийг бид мэднэ. Түүн шиг Эм-изм гэгч шинэ суртал ёстой л халдварт эбола шиг газар авч байна. Энэ утгаараа эм-измийг ч манайхан хэдийнээс мэддэг болчихсон. Өөрөөр хэлбэл, эм-измд Монгол нэгэнт автчихжээ

Энэ төрийг хар. Эрхэм гишүүд гэх 76 ноолорсон нөхрийг үз. Засгийн газар, агентлаг, яам тамгын газрын түшмэд байна. Улстөрд хүч үзэхээр шулуудсан, намын байрын үүд сахисан өч төчнөөн паразитууд. Уг нь тэдний эрд нь ч, эмд нь ч төрийн хар хүний ноён нуруу байх учиртай. Гэвч тийм зангаргийг тэднээс хүсэх нь дэндүү ихийг шаардсан хэрэг болно. Яагаад гэж үү.

Энэ 76 нь парламентад суудалтай хэдэн намаа дамжаад гүйчихнэ. Д.Арвингаар эхэлсэн нам ийм гүйдэл Д.Батцогтоор үргэлжилсэн. Өмнөх парламентуудад ч ийм явдал болж л байсан.

Нэг нь нөгөөгөө араас нь “хутга”-лна. Түгжилдэх гээд сайхан хоч өгчихсөн. Ийм явдлыг өөгшүүлээд ч байгаа юм шиг. Хов жив ярина. Чуулганы хуралдаан гэж яг үнэндээ хэдэн авгай “хов базаж” байгаатай л адилхан. Манай нам тэгсэн, танай нам тэгээгүй. Манайх хийсэн, танайх хийгээгүй ... гээд л. Үүнээс ч дор, ярихад хэл эвлэмгүй үг яриа их болно.

“Хор” найруулна. Үнэндээ найруулдаг хор нь албан тушаалын хуваарилалтын тохиролцоо. Сүүлийн парламентыг бүрдүүлсэн намууд, арай олон суудал авсан АН мэт нь ийм юмаа нуухаа больчихсон. Ард түмний нүдэн дээр албан ёсны юм шиг л хийж буй.

Мөнгө төгрөгөнд шунана. Төсөл, тендер тэдний туйлын зорилго. Хувийн компани нь хөлжин томорч, түмний төсөв барагддаг зүй тогтол тэдний бүтээл.

Албан тушаалд дурлана. Сайд болно, агентлаг удирдана гэж нам дагасан хүн болгон ярина. Урт цагааны алт мөнгөний хэдэн дархныг “Би чадна-чууд” хэмээн ланжгарууд нь нэрлэдэг шиг сайд, дарга болох дуртай “Би чадна”-чууд аль ч намаас зуу зуугаараа гарч ирж мэднэ.

Урвана, тэрсэлнэ. Нам гэж нийлнэ, хүссэн нь олдохгүй бол фракц гээд сална. Эсрэг намынхантайгаа нийлээд байгуулсан төрөө унагана. Ичих ч үгүй өөрөө дарга болно. Дараа нь давраад сайд болох гэж үзнэ.

Төрийг хутгана. Өөр зорилго байхгүй. Зорилго байхгүй болохоор өөр юу ч хийхгүй. Харин сонгуульд ялагдвал жагсаал зохион байгуулна. Үймээн дэгдээнэ. Эсвэл элдэв луйвар хийнэ. Хотын газрыг зарна. Эрүүгийн хэрэгт шалгуулна. Шоронд орох шахна. Байдал эвгүйтэхээр аль ч хамаагүй намд хадаг бариад очно.

Зарим нь нэг ч хууль санаачлахгүй.  Тийм мэдлэг ч байхгүй. Бас хүсэх ч үгүй. Насаараа наймаа хийсэн хүмүүст хууль санаачилна гэдэг тээр тэндэх юу шиг санагдана.

“Их засаг”-ийн үед бол бүгд алуулах ялтай.  Ерөөс Чингис хаан эр хүнд илэрсэн эм шинжийг үздэггүй байж. Чингисийн есөн өрлөгөөс ганц нь л эзнийхээ сэтгэлийг гонсойлгодог байсан гэдэг. Ухаант Чуу мэргэн нь дайн байлдаантай тулгарвал ихэд айдаг. Эзнээ ч хаяад зугтдаг тул түүнээс болгоомжилдог байсан гэх. Хулчгар зан эр хүнд тохирохгүй гэдэг философи л доо. Харин эр хүний зоригонд, шударга шулуухан занд ганц Чингис хаан ч бус монголчууд төдийгөөс өдий хүртэл хайрлаж ирсэн юм.

Торой бандид монголчууд учиргүй хайртай. Шүтдэг. Яг үнэндээ мань хүн чинь зүгээр л нэг  малын хулгайч шүү дээ. Гэхдээ тэр эр хүн учраас хайрлаж байгаа юм. Халуунд халж хүйтэнд хөрч чаддаг. Зовлон ойлгодог, жаргалд дурладаггүй. Эр хүнээрээ л дууссан.

Хувьсгалт дайны баатрууд болох жанжин Лхагвасүрэн, алаг морьт Дандар баатарт бас л хайртай.

Зовлонт хорвоог өөрийнхөөрөө туулсан Б.Ренчин, Р.Чойном, О.Дашбалбар, С.Зориг.. нарын олон эр  хүнд монголчууд бас л хайртай. Дурссаар байдаг, тэднийг. Бас халхын сайхан аваргууд байна, Буур Жамъян, Бээжин, Дамдин, Хадбаатар.. гээд.

Ч.Лодойдамба гуайн алдарт “Тунгалаг тамир” романд Эрдэнийн дүрийг “...Ханхар дөрвөлжин мөрөндөө утаа болсон цахиур буу хөндлөн үүрч, даахирсан бүдүүн хар гэзгээ дарайсан хуучин хөх ямбуу алчуураар шуужээ. Шороонд буурал болсон өтгөн хар хөмсгөн доорхи том гэгчийн дүрлэгэр нүд нь удаан цавчилж, хөлс дааварласан хүрэн нүүрэнд нь урт замын алжаал илэрч, гүн бодолд автагдан хүрлийхийг харвал ядарсан буюу уурласан алин болох нь мэдэгдэмгүй ажээ” гэж тодотгосон нь байна. Амьдралд хал үзэж яваа эр хүний л төрх. Бас Цахиур Төмөрийн алдар цууд хүрсэн шалтгааныг “...Морины сайныг харуут таньдаг, санаа нь сүү шиг чадал нь хархул шиг эр дээ. Долоо хоногийн өлийг дуулж байгаад давдаг хүн, далан өртөө газрыг дөрөөн дээрээ туулдаг эр” гэх зэргээр Төмөрийг шагшин магтжээ...” гэжээ.

Өнөөдрийн эрчүүдийн бие бялдрын хувьд ч нэг эм-изм болчихосн.  Алхаа гишгээ нь нэг л биш. Араас нь харвал эмэгтэй гэж андуурахаар. Тэр байтугай нүүрэндээ энгэсэг тавьж, хумсаа янзлуулдаг болж байна гэнэ. Сонирхол нь хүртэл өөр болчихсон. Уг нь монгол эрчүүд чинь одоогийнхоор бол барилддаг байрын бие бялдартай байсан юм. Бүдүүн тоймын гэхээсээ бүл гэрийнхээ хүнд хүчрийг хийхэд зориулагдсан нь тэр. Адуутай ноцолдоно. Мод түлээ, хашаа саравч... гээд эрчүүдийн нормт ажил ирийгээстэй. Өнөөдөр гэхдээ эрчүүд бүгдэрээ уяхан туяхан болчихоогүй л байна. Бөхчүүд сйахан бярнууд байна. Гэхдээ л тэд харахад бахим бүдүүн ч бас л эм-измд нэрвэгдчихсэн.  Барилдахаараа яаж ийгээд амархан унагахыг бодно. “Үхлийн барьц” авдаг дүрэм хүртэл гаргачихсан. Цол авах гэж бөөн найраа хийнэ. Мөнгө өгөлцөнө, авалцана. Сэргээш хэрэглэнэ. Бөхийн өргөөгөө булаацалдана. Мөнгөтэй болохоороо улстөрч болно гээд гүйчихнэ. Муухай хэрэлдэнэ. Бөхчүүд лав монгол эрчүүдийн бахархал байхаа болиод хэдэн ч жил болж байнав.

Ерөөс монгол эр хүнийг есөн эрдэнэ, есөн шинжээ, таван тамсаг, таван ухаантай байх учиртай гэж үздэг байж. Дараалуулбал, 1. Үл эцэхийн хуурын дуутай... 2. Зуурдын биш чадалтай... 3. Холч ухаантай... 4. Ухааны зоригтой... 5. Галбир төгс... 6. Амьдралаа мэддэг... 7. Ариун сэтгэлтэй... 8. Төгс бус эрдэмтэй... 9. Үнэнч шударга... гэжээ.  

Гэвч энэ бүгдийг нэгэн эрд цогцлооно гэж байхгүй ч байж магад. Гэхдээ эр хүн хамгийн гол ганц чанараа л хадгалж явах учиртай. Тэр нь хаа ч хугардаггүй ноён нуруу. Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа... гэдэг дэмий нэг үг ч биш. Чухамдаа ноён нурууг л хэлээд байгаа хэрэг.

Энэ ноён нуруу эрчүүд байгаа газар бүрт дүнийж байх учиртай. Эрчүүдгүй газар гэж үгүй. Тийм болохоор монгол нутгийн хаа ч ноён нуруу архайлдаж байх ёстой сон.

Эрчүүд хаачив... Уг нь эр хүн байж л байна. Хүйсийг нь тэмтрэн тоолбол тоо ёсоороо, толгой бүтэн байгаа. Харин ноён нуруугаа хуга татчихсан эрчүүд тооны олонхийг бөглөж буй гэх

Эм-изм төрд халдчихсан. Монголын төрд монголчууд итгэхээ больж байна. Энэ эмгэнэл. Дэлхий бол бүүр итгэхээ больсон. Хөрөнгө оруулагчид дайжиж, хонхойтол ухуулсан газар нутагтайгаа л бид үлдэж байна. Өчигдөр гар барьж тохиролцоод өнөөдөр ажлаа эхлэх гээд ирэхэд шал өөр түшмэл суучихсан “Юу билээ...” гээд сууж байдаг “аальгүй” төртэй улс манайхаас өөр байдаг ч юм , үгүй ч юм уу. Төрийн ноён нурууг хугалсан том ялыг ард түмэн тэднээс хэзээ нэг цагт асууж л таарна. Уг нь Монголын төр олонд нэртэй явж иржээ. Шанзав Бадамдоржоос өөр шарваж явсан түшмэл ховортой улс байж.

Төрийн төлөө өөрийгөө зольж, яхийтал тэмцэж ирсэн зоригийг хилийн цаадахууд биширдэг байсан юм гэнэ лээ. Зоосны нүхээр махаа тастчуулан цувиулж, удам судраа “үнсгүй” болтол хөнөөлгөж суусан дээдэс минь юу бодож байсан бол. Өнөөдөр ийм болно гэж зүүдлээгүй нь лавтай. Бие нь үгүй болсон ч ноён нуруу нь тэвхийгээд үлдсэн, тэдний.

Саяхан даа, наяад оны үед Хэнтийн Батноровт Хар Цэдэв гэж сум, нэгдлийн дарга байлаа. Ширүүн дориун ч гэж жигтэйхэн. Өрөөнд нь өдөржин “тэнгэр” ниргэнэ. Цэдэв даргыг сумын захиргааны цагаан байшин руу ороход захиргаагаараа навтасхийдэг. Эмээж байгаа нь тэр. Өчигдөр өгсөн үүргээ өнөөдөр шалгах болохоор тэгдэг хэрэг. Архи уусан байгууллагын даргыг аав шиг нь загнаж бараг л суран бүсдэнэ. Цэдэв даргын ногоон 69 хүртэл өөрийг нь дуурайчихсан шиг. Даргагүй давхиж явах нь хүртэл сүрдмээр. Гэхдээ Цэдэв дарга дарангуйлагч байгаагүй. Тэр хэнээс ч, бүр төсвөөс ч шөлний хонь, шил архи хэрэглэж байгаагүй гэдэг. Төрийн төлөө л төрсөн хүн байж.  Төрийн хар хүн гэж нэг их сайхан тодорхойлолт ч юм уу, албан тушаалын нэр ч юм уу байдаг. Тийм л хүн байсан юм. Одоогийнхонд үлгэр мэт сонсогдож магад. Гэхдээ өмнөх үе маань ингэж л ажиллаж байж гэж ойлговол болох. Нуруутай, шийртэй тийм л эрчүүд төрийн бүх шатанд ажиллаж байжээ.

Нэгэнт төрд баахан “хугархай ноён нуруу”-нууд шавчихсан болохоор нийгэмд энэ халдвараа тараах нь тодорхой. Хамгийн олон эрчүүдтэй хууль хүчний байгуулагынхан хүртэл эм-измээр өвчилчихсөн. “Хуулиас өөр даргагүй” цагдаа, тагнуул, АТГ, бас шүүх, прокурорынхон гэж бас л ийм өвчтэй. 2012 оноос хойш цагдаагийн байгууллагад хямрал нүүрлэж дотроо сайдын, даргын гэсэн хоёр тал болоод байлдчихсан. Эцэстээ цагдаагийн дарга Билэгтийг халлаа. Нөгөөх нь шүүхэдлээ. Шүүхээс “Билэгтийн зөв. Ажилд нь ав” гэж шийдлээ гэнэ. Сөрөх тагнуулын газрын даргаа барьж аваад хорьж хорьж таван жил хорих ялаар шийтгэчихэв. Тагнуулынхан дээгүүрээ нэлээн будилаантай. Дарга нь казинодож байгаад паппарацидуулчихсан. Тэр зураг нь интернэтээр цацагдаж, олны хүртээл болсон. Дараа нь “Ажлаа хийгээд явж байхад чинь...” гэж гоморхож байх шиг. АТГ-ынхан мөн л зүгээргүй. Даалгавар захиалга биелүүлдэг гэх хоч нь улам бүр наалдаж, албан бус нэр нь ч болж магадгүй болоод байгаа. Энэ бол ерөнхий байдал. Харин энэ байгууллагуудын дотоодод эм-изм жинхэнэ хүчээ авч байгаа аж. Сүүлд байгуулсан Тахарын алба гэж хэрэгтэй ч юм шиг, хэрэггүй ч юм шиг газар. Бас л бөөн зөрчилдөөн. Энэ мэтээр төрийн бүх албанд эм-изм халдварлачихсан.

Монголын төр нэг иймэрхүү холион бантан болсон эм-изм дэлгэрүүлсээр. Уг нь эр нь эрээрээ, эм нь эмээрээ үлдэх учиртай. Эс тэгвээс өдий хүртэл уламжилж ирсэн “эршүүд” түүхээрээ ч бахархах эрхгүй болох вий. Ийм царайтай биднийг хэн дэлхийн талыг эзэлж явсан Чингис хааны удам гэх юм бэ?