m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.24 04:10
79
Л.Хэмилтон дэлхийн хошой аварга боллоо

Автомашины “Формула 1” уралдааны 2014 оны дэлхийн аварга нисэгч өчигдөр болсон сүүлийн гараанаас тодорлоо. Энэ гарааны өмнөх байдлаар “Мерседес” багийн хоёр нисэгчийн нэг нь дэлхийн аварга цол хүртэх нь тодорхой байсан. Их Британийн тамирчин, 2008 оны дэлхийн аварга Льюис Хэмилтон 334 оноотой байсан бол түүний хамтрагч Германы Нико Росберг 17 оноогоор хоцорч байлаа. 17 оноо гэдэг их зөрүү ч төгсгөлийн гараанд нөхөх бүрэн боломжтой байв. Учир нь FIA-гийн зүгээс өрсөлдөөнийг сонирхолтой болгохын тулд сүүлийн гараанд тамирчдын авсан оноог хоёроор үржүүлэн олгохоор болсон билээ. Тиймээс Росберг Абу Дабигийн тойрог замд түрүүлэхэд л гол өрсөлдөгчтэйгөө оноогоор тэнцэх байв. Гэвч жинхэнэ уралдаанд байдал эсрэгээрээ эргэв. Уг нь байрлал тогтоох уралдаанд Росберг өнгөлж, уралдаанд давамгайлах сайхан боломж бүрдсэн. Гэвч Хэмилтон дөнгөж эхний эргэлт дээр л багийн хамтрагчаа гүйцэж түрүүлсэн юм. Чухам энэ дайралт дэлхийн аваргын нэрийг тодорхойлоод өгчихсөн гэж болно.

Гэхдээ барианаас 25 тойргийн өмнө Росберг гуравт хурдалж байв. Хэрэв Хэмилтоны машинд ямар нэг асуудал үүсч замаас гарвал өмнө нь бичигдэх боломж хэвээр гэсэн үг. Гэвч Росберг үүнээс хойш дэндүү удаан байж, бусад нисэгчдэд ээлж дараалан гүйцэгдсээр 13-р байр хүртэл уруудлаа. Харин Хэмилтон итгэлтэй уралдсаар тэргүүн байрт заларч, дэлхийн хошой аваргаар тодорсон юм. Тэрбээр энэ жил 19 гарааны 11-т нь түрүүлж, 384 оноо цуглуулсан. Харин Росберг таван удаа торгон жолоо өргүүлж, 10 удаа аман хүзүүдсэнээр 317 оноо аван удаалжээ. Хоёр нисэгчийнхээ гайхалтай амжилтын ачаар “Мерседес” баг 701 оноотой болж, Зохион бүтээгчдийн цомд хол тасархай түрүүлэв.

ДАШТ-ий дүн

Хэмилтон (Мерседес)            384

Росберг (Мерседес)                317

Риккардо (Ред Булл)               238

Боттас (Уильямс)                    186

Феттель (Ред Булл)                 167

Алонсо (Феррари)                   161

Масса (Уильямс)                     134

Баттон (Макларен)                  126

Хюлькенберг (Форс Индия)   96

Перес (Форс Индия)               59

Магнуссен (Макларен)           55

Райкконен (Феррари)              55

Вернь (Торо Россо)                 22

Грожан (Лотус)                        8

Квят (Торо Россо)                    8

Мальдонадо (Лотус)                2

Бьянки (Маруся)                      2

Зохион бүтээгчдийн цом

Мерседес             701

Ред Булл              405

Уильямс              320

Феррари             216

Макларен          181

Форс-Индия      155

Торо Россо         30

Лотус                 10

Маруся              2