m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.24 04:29
46
С.Ганбаатар: Засгийн газрыг мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлэх ёстой

УИХ дахь бие даагч гишүүдийн зөвлөлөөс даваа гариг бүрт Монгол хүний төлөө уулзалт хийж, тухайн долоо хоногт хийх ажлаа танилцуулдаг билээ. Үүний дагуу өнөөдөр УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар мэдээлэл хийлээ.

Энэ долоо хоногт бие даагч гишүүдийн зөвлөлөөс санаачилж өргөн барьсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. С.Ганбаатар гишүүн өргөн барьснаас хойш 583 хоногийн дараа уг хуулийн төслийг хэлэлцэж байна гэсэн юм. Уг хуулийн төслөөс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл мөн энэ долоо хоногт хэлэлцэгдэх бөгөөд бие даагч гишүүд зарчмын ганц нэг зөрүүтэй саналууд байгаа хэдий ч хоёр хуулийн төслийг нийлүүлээд хэлэлцэж баталвал олон зуун хүүхдийн ирээдүй шийдэгдэнэ гэдгийг хэллээ.

Мөн энэ долоо хоногт  УИХ дахь бие даагч гишүүд Дэлхийн банк болон олон улсын бусад байгууллагуудаас олгодог төслийн зээлүүд хэр үр дүнтэй байдаг талаар судалж үр дүнг нь олон нийтэд танилцуулна гэсэн юм. Тухайлбал, Дэлхийн банкнаас олгодог Тогтвортой амьжиргаа-3, Боловсролын чанарын шинэчлэл, Цахим эрүүл мэнд төслийн санхүүжилтийн хэлэлцээр зэрэг төслүүд хэр үр дүнтэй байдаг, төслийн хүрээнд манай улсад ажилладаг гадаад ажилчид хэдэн төгрөгнийн цалин авдаг зэрэг асуудлуудыг судлах ажээ. С.Ганбаатар гишүүний хэлснээр энэхүү төслийн хөрөнгүүд нь бэлнээр орж ирдэггүй бөгөөд зээлийг нь ирээдүйд бидний үр хүүхэд төлөх учраас ийнхүү анхаарч байгаа аж. Ирэх лхагва гарагт уг төслийн зээлүүдийн талаар байнгын хороодоор хэлэлцүүлэх бөгөөд үүнээс өмнө бие даагчдын зөвлөлөөс өөрсдийн анализыг хийж олон нийтэд тараах ажээ.

Үүнээс гадна ирэх лхагва гарагт Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Орон нутгийн хөгжлийн санд хийсэн аудитын шалгалтын үр дүнг хэлэлцэх аж. Уг аудитын шалгалтаар зарим аймаг, сум, дүүргүүдэд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан зөрчил нилээд илэрсэн байна. Тийм учраас Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр дээрх алдаатай орон нутгийн байгууллагуудын холбогдох удирдлагуудыг оролцуулж хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ. Мөн энэ хэлэлцүүлгийн үеэр Засгийн газрын сангуудад хийсэн шалгалтын үр дүнгийн талаар ярилцах ажээ.

УИХ дахь нам, эвслийн бүлгүүд болон бие даагч гишүүдийн анхаарлын төвд байгаа асуудал бол  Засгийн газрын бүтцийн асуудал юм. Энэ талаар бие даагч гишүүдээс тодруулахад Засгийн газрыг мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа гэсэн юм. Өөрөөр хэлбэл, салбарын сайд нь мэргэжилтэнийхээ үгэнд орж  дагахааргүй, салбараа мэддэг хүн байх ёстой аж.