m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.24 04:55
41
Ц.Даваасүрэн: Шинэ Засгийн газарт одоогийн бүтцээрээ ажиллах шаардлага үүсчихээд байна

Бие даагч гишүүдийн зөвлөлөөс энэ долоо хоногт УИХ-ын чуулган болон байнгын байнгын хороодоор хэлэлцэх асуудалд байр суриа нэгтгэж энэ талаараа мэдээлэл хийдэг уламжлалтай.  Үүний дагуу өнөөдөр УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс дараах тодруулгыг авлаа.

-Бие даагчид Засгийн газарт сөрөг хүчин болон гэж мэдэгдсэн, тэгэхээр Засгийн газарт орж ажиллахгүй гэж ойлгох уу?

-Бүх намууд нэгдэж МАНАН үүсгэсэн тохиололд хяналтын чиг үүрэг нь алдагдчихна. Тийм учраас тэр хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж сөрөг хүчин байя гэсэн юм. Бид МАНАН-ын эсрэг хяналтаа хийнэ гэсэн байр суурьтай хэвээрээ байгаа.

-Гэхдээ Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болохыг дэмжсэн шүү дээ?

-Засгийн газрын асуудалд цаг алдаж болохгүй учраас бид Ерөнхий сайдад хэнийг ч нэр дэвшсэн байсан дэмжинэ гэдгээ хэлсэн шүү дээ.

-Бие даагч гишүүд шинэ Засгийн газрын бүтцийг яаж харж байгаа вэ. Үндсэн чиг үүргийг яамдыг ямар байлгах бол. Зарим гишүүд Эдийн засгийн хөгжлийн яамыг буцааж сэргээх нь зүйтэй гэж ярьж байна?

-Эдийн засгийн хөгжлийн яам бол яах аргагүй чухал. Өнөөдрийн энэ эдийн засгийн хямралт байдлын гол углуурга байгууллага нь тэнд байгаа. Эдийн засгийн дунд хугацааны бодлого төлөвлөлт байхгүйгээс болж төсвийн хөрөнгө оруулалт үр ашиггүй, үрэлгэн болж байгаа юм. Тэгэхээр Эдийн засгийн хөгжлийн яамтай болно гэвэл бид дэмжинэ. Харин үүнээс өөр бусад яамдын тоог нэмэх хэрэггүй байх гэж бодож байна. Аль болох цомхон байхыг л дэмжинэ.

-Шинээр байгуулах Засгийн газрын бүтцийг өөрчилвөл төсөвт тодотгол орох шаардлага үүсэх байх?

-Өнөөдөр шинээр байгуулагдсан гурван яам ямар ч санхүүжилт,  төсөвгүй болчихоод үйл ажиллагаа нь зогсох хэмжээнд хүрчихээд байна. Нэг зүйлийг хэлэхэд, одоогийн байгаа Засгийн газрын бүтцийн нэг яам, нэг агентлагийг л хөдөлгөх юм бол бидний баталсан 2015 оны төсвийг тодотгох шаардлагатай болно. Тийм учраас шинээр байгуулагдаж байгаа Засгийн газарт одоогийн байгаа бүтцээрээ л ажиллах шаардлага үүсчихээд байгаа юм. Хэрэв бүтцээ өөрчлөх л юм бол төсвөө тодотгох шаардлага үүснэ.