m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.24 05:43
36
Үндэсний зөвлөгөөн болов

Эрүүл мэндийн яаманд болсон үндэсний зөвлөгөөнийг ЗТБХБЯ, ЭМЯ, Хууль сахиулах их сургууль хамтран ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр зохион байгууллаа. 

Зөвлөгөөнөөр “Дэлхийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын гурав дахь илтгэлд Монгол улсаас өгч байгаа үзүүлэлт, түүний хэлэлцүүлэг”, “Осол, гэмтлийн өвчлөл, нас баралтын тоон мэдээ”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бодлого, салбар хоорондын уялдаа холбоо, эрхзүйн орчин”, “Мотоциклоос үүдэлтэй осол гэмтлийн судалгааны дүн” сэдвүүдээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийлээ.

Дэлхий дахинд зам тээврийн ослын улмаас жилд 1,2 сая хүн амь насаа алдаж, 50 сая хүн бэртэж байна. Зам тээврийн ослоор нас барагсдын 90 гаруй хувь нь буурай болон хөгжиж байгаа улс оронд ногдож байгааг Цагдаагийн хурандаа Г.Бадарч илтгэлдээ онцолжээ. 2010 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2011-2020 оныг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын жилүүд” гэж зарласан. Монгол улсын Засгийн газар “Осол, гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх үндэсний хөтөлбөр”-ийг 2009 онд, “Хүүхдийн осол, гэмтлээс сэргийлэх үндэсний стратеги”-ийг (2014-2016) баталсан. Гэвч зам тээврийн ослын улмаас амь насаа алдах, бэртэж гэмтэх тохиолдол жилээс жилд нэмэгдсээр байна. Монгол улсад бүртгэгдсэн осол гэмтлийн тоо баримтаас харахад осол, гэмтэл нь өвчлөлийн тэргүүлэх таван шалтгааны тав дугаарт, нас баралтын гурав дугаарт орж байна. Зөвхөн хүүхдийн осол гэмтлийг авч үзвэл 2008 онд 10000 хүн амд 311,4 байсан бол 2013 онд 313,6 болж өссөн байна. Иймд зам тээврийн ослыг бууруулахад салбар хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, шинэ шатанд гаргах шаардлага тулгарч байна. Өнөөдрийн зөвлөгөөн ч энэхүү учирч буй бэрхшээлийг шийдэхэд тодорхой хувь нэмрээ оруулна гэж оролцогчид үзэж байлаа.