m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.24 05:43
51
“СЯНШАН” олон улсын бага хуралд оролцлоо

БНХАУ-ын Цэргийн шинжлэх ухааны академийн харьяа Цэргийн шинжлэх ухааны нийгэмлэгээс зохион байгуулж буй тав дахь удаагийн “Сяншан” олон улсын бага хуралд энэ сарын 21-22-ны  өдөр Бээжин хотноо боллоо.  Уг хуралд манай улсаас Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Энэхүү бага хуралд Ази, номхон далайн бүс нутгийн улс орнуудын БХЯ, цэргийн удирдах дээд байгууллагын төлөөлөл, олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан, Хятадын цэрэг, улс төрийн өндөр албан тушаалтан, эрдэмтэн судлаачид оролцож байгаа бөгөөд бүс нутгийн аюулгүй байдлын орчин, далай тэнгисийн аюулгүй байдал, терроризмтэй тэмцэх хамтын ажиллагаа зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна.

Энэ удаагийн хуралд зөвхөн эрдэмтэн судлаачид төдийгүй төрийн өндөр дээд албан тушаалтнууд оролцож байгаагаараа онцлог болжээ.

 БНХАУ-ын Төрийн зөвлөх, Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Чан Ванцюань “Хятадын Зэвсэгт хүчин болон Ази, Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдал” сэдвээр илтгэл тавьж, хурлын ажиллагааг нээсэн байна.

Түүнчлэн Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Жанжин штабын орлогч дарга, дэслэгч генерал Ван Гуань Жүн, манай төлөөлөгчидтэй уулзаж, бүс нутгийн аюулгүй байдал, орчны өөрчлөлт зэрэг сэдвээр санал солилцсон байна.