m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.24 05:56
74
Монгол бахархал, омогшилд дуудсан-Тэнгэрийн хүү

УДЭТ түүхэн жүжгийн сараа эхлүүлсэн нь Монгол бахархлын өдөртэй давхцаж олныг баясгав. “Тэнгэрийн хүү” Гэгээн музагийн хамаг шагналыг хамж, тэр жилдээ дуулиан тарьж байсан бүтээл. Аргагүй ч юм. Түүхэн үйл явдлаас сэдэвлэн бичсэн “Тэнгэрийн хүү”-г үзээд ямар сэтгэгдэл төрснөө уншигч тантай хуваалцъя гэж шийдлээ.

Уран бүтээлд тухайн үеийн орчныг харуулахын тулд тайз засалт хамгаас чухал. Үүнийг театрынхан юу эс андахав. МЭӨ 200-аад онд очсон мэт орчин үзэгчдийг угтсан. Түүхэн үйл явдлыг хэн хүнгүй мэдэх учир үйл явдлыг эс дурьдаад үзэгчдийн сэтгэл зүй, юу бодуулж, ямар сэтгэгдэл төрүүлснийг онцлох нь зүйн хэрэг болов уу. Мэдээж жүжигчдийн ур чадвар, найруулагчийн чадамж сайн байсныг хэлье.

Танхим дүүрэн суугаа үзэгчид дараа нь юу болох бол, энэ үгний дараа Модунь юу ямар шийдвэр гаргах бол хэмээн нүд салгалгүй ширтэн, чих тавин сонсож байв.

Хоёр жилийн өмнө театрт очиход хүн цөөтэй, үзэгчид энд тэнд утсаараа тоглож, элдэв зүйл идэн жүжгээ дуусгаж байсан. Харин одоо өөр болжээ. Танхим дүүрэн суугаа үзэгчид дараа нь юу болох бол, энэ үгний дараа Модунь юу ямар шийдвэр гаргах бол хэмээн нүд салгалгүй ширтэн, чих тавин сонсож байв. Хамгийн бахархууштай нь үзэгчдийн ихэнх нь өсвөр насныхан.

Эх орон газар шорооныхоо төлөө аав, ээж, хайртай хатнаа хүртэл алдаж буй Модуний шийдэл бүрт  алга ташин, суудлаасаа өндөлзөн сууна тэд. Юутай сайхан. Тэд хар муу санаа суугаагүй, хэн нэгэнтэй нийлж ашиг хонжоо тооцож үзээгүй  сэтгэл зүрх нь ариухан, Монголын ирээдүй шүү дээ.  Монгол бахархлын баярын өдөр тэд энэ жүжгийг сонгон их хааны түүхээ мэдэхийг хичээн, эх орон газар шорооныхоо үнэ цэнийг ухаарч буйд би хамгаас их баярлаж, талархан суулаа. Алга нижигнүүлэн таших залуус нүдэндээ доголон нулимастай, нүүрэндээ мишээлтэй, харцанд Монголоо гэх омгшил бадарч буйг хараад баярлахгүй хэн байх билээ. Театрын хойморт зочлон тухлан суусан мөч алжаалыг тайлж, урам, эрч хүч хайрлалаа. Нэгэн зүйл сэтгэлийн мухарт уяатай үлдсэнээ бичихгүй өнгөрч болохгүй нь.

Хамгийн бахархууштай нь үзэгчдийн ихэнх нь өсвөр насныхан. Эх орон газар шорооныхоо төлөө аав, ээж, хайртай хатнаа хүртэл алдаж буй Модуний шийдэл бүрт тэд алга ташин, суудлаасаа өндөлзөн сууна тэд.

Төр түшилцэж яваа хүмүүс театраар нэг зочлоод эх түүхээ эргэн санаж, эх орон газар шороо ямар үнэтэйг ухааран, “Тэнгэрийн хүү”-г үзээсэй. УИХ-ын гишүүд дотор өөрийгөө тэнгэрийн хүмүүн хэмээн өргөмжлөгсөд олон. Тийм байхын тулд ямар байх ёстойг жүжгээ үзвэл нэг ухаарах болов уу.

 УДЭТ-ын хамт олны өмнө гүнээ мэхийн хүндэтгэн буйг хүлээн авна уу.