m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.24 05:56
47
МАХН, МҮАН-ын Удирдах зөвлөл маргааш хуралдана гэв

УИХ дахь "Шударга ёс эвсэл"-ийн бүлэг ээлжит хурлаа хийлээ. Бүлгийн хуралдаанаар УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар саналаа нэгтгэсэн бөгөөд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тус эвсэлд хүргүүлсэн Засгийг газрыг хамтран байгуулах тухай саналын талаар хэлэлцжээ.  Энэ талаар бүлгийн ахлагч Н.Батцэрэг мэдээлэл өглөө.

Хүүхэд харах үйлчилгээний тухай, Хамтын тэтгэвэрийн хуулийн төслүүдийн талаар ярилцаж, хуулийн төслийн үзэл санааг нь  дэмжсэн байна. Харин Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөлд зарим нэг засаж залруулах шаардлагатай зүйлс бий тул УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгээр ахлуулсан ажлын хэсэг гарган ажилахаар болжээ.

Мөн тус бүлгийн гишүүд хамтарсан хуулийн төсөл санаачлахаар болсон байна. Энэ талаар бүлгийн ахлагч Н.Батцэрэг "Эхний ээлжинд бид нийслэлийн усан хангамжийг сайжруулах, Туул голоо хамгаалах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулахаар болсон. Мөн өнөөгийн нийгмийн өмнө тулгамдаж буй бас нэгэн асуудал бол хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ. Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд мансууруулах бодис хэрэглэх нь ихэсэж байгаа тул хууль эрх зүйн орчныг чангатгах нь зүйтэй гэж бүлгийн гишүүд үзсэн. Тиймээс хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх УИХ-ын тогтоолын төслийг санаачлахаар боллоо" гэв.

"Шударга ёс эвсэл"-ийн бүлэгт өнөөдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Засгийн газрыг хамтран байгуулах тухай" албан бичиг илгээжээ. Тэд энэ асуудлыг маргааш болох МАХН, МҮАН-ын Удирдах зөвлөлийн хамтарсан хуралдаанаар хэлэлцэхээр тогтжээ.