m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.24 06:09
51
Н.Батцэрэг: МАН Засагт орвол хоёр талын байгуулсан гэрээ дуусгавар болно

“Шударга ёс эвсэл”-ийн бүлэгт өнөөдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс “Засгийн газрын хамтран байгуулах тухай” албан бичиг иржээ. Энэ талаар бүлгийн дарга Н.Батцэрэгээс дараах тодруулгыг авлаа.

-Эвслийг бүрдүүлдэг хоёр намын удирдах зөвлөл маргааш хуралдана. Ямар асуудлууд хэлэлцэх бол?

-2012 оны сонгуулийн дүнгээр хамтарсан Засгийн газар байгуулахад “Шударга ёс” эвсэл АН-ын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Тэгэхээр энэ гэрээ цаашаа үргэлжлээд гэрээний хүрээнд хамтраад ажиллах юмуу, гэрээ дуусгавар болоод шинэ нөхцөлд хамтрах тухай асуудал яригдах уу гэдэг чухал асуудал. Тиймээс АН-ын удирдлагууд, бүлгийн удирдлагуудтай яриа хэлцэлд орно. Тэрний дараа Засгийн газрын аль бүтцэд хэнийг томилж ажиллуулах вэ гэдгийг ярина.

-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг парламентад суудалтай намуудтай хамтран ажиллах саналыг хүргүүлсэн байна. МАН хамтарсан Засаг байгуулвал танай нам яах вэ?

-Бүх намуудад албан бичиг хүргүүлсэн юм байна. Хэрвээ МАН орохгүй гэж шийдвэл одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бидний хоорондын хамтын ажиллагааны гэрээнд зарим талаараа нэмэлт оруулж болно. Ерөнхийдөө гэрээ цаашаа үргэлжлээд явна. Хэрвээ МАН орно гэж шийдвэл хоёр талын байгуулсан гэрээ дуусгавар болно. Гэрээ дуусгавар болно гэдэг нь улс төрийн шинэ нөхцөл байдал үүснэ. Засгийн газарт ямар нөхцөлтэй орох вэ, шинэ гэрээг гурван тал, дөрвөн талт байх уу, зөвхөн АН-тай байгуулах уу гэдгийг одоо хариулах боломжгүй байна.

-Өмнөх Засгийн газрын үед таныг Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшүүлж байсан. Одоо шинэ Ерөнхий сайд Засгаа бүрдүүлэх гэж байна. Шинэ Засаг  дан дээлтэй байхыг Ерөнхийлөгч шаардаж байгаа. Тэгэхээр өмнө бүрэлдэхүүн хэвээрээ ороод ирвэл та гишүүнээсээ татгалзаад сайд болох уу?

-Сайдад миний нэрийг дахин өргөн барих эсэх нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Засагт хамтрах эсвлийн удирдах зөвлөл, бүлгийн гишүүд энэ талаар санал солилцох байх. Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд яаж харж байгаагаас шалтгаална.

-Хүүхэд харах үйлчилгээ хамтын тэтгэврийн тухай хууль хэзээнээс хэрэгжих вэ. Төсөвт тодотгол хийхээс хамаарах уу?

-Төсвийн тодотголыг ирэх оны эхний улиралд багтааж хийх хэрэгтэй. 2015 оны төсөв хэмнэлтийн горимд шилжсэн, хугацаандаа батлагдсан ч эдийн засгийн тогтортой талаас нь аваад үзэхээр учир дутагдалтай байгаа. Энэ мэт хүлээгдэж байгаа чухал хуулиуд яах аргагүй төсөв дээр холбогдож байж энэ асуудал яригдана.