m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.24 07:08
95
Тулааны спортын шилдгүүд нударга зөрүүлнэ

Монголын тулааны шилдэг тамирчдын холбооны таван жилийн ойн нэрэмжит MGL-1 улсын аварга шалгаруулах тэмцээнийг ирэх сарын 6-нд холимог тулаан, кикбоксын төрлөөр зохион байгуулах гэж байна. “АСА” циркт болох энэхүү тэмцээнийг ETV HD телевизээр шууд дамжуулан үзүүлэх ажээ.

Тэмцээний холимог тулааны төрөлд 57 кг-ийн жинд кикбоксын УАШТ-ий мөнгөн медальт А.Ууганбаяр (Шандас дожо) монгол зо тулааны улсын аварга О.Пүрэв (Шандас Дожо)-тэй, 61 кг-д “Royal 2009” мэргэжлийн кикбоксын халз тулааны ялагч Д.Батгэрэл (Шандас дожо) монгол зо УАШТ-ий мөнгөн медальт Д.Пүрэв-Очир (Алтан Шонхор)-той, 66 кг-д гардан тулааны Азийн аварга, Азийн цомын гурван удаагийн аварга С.Сүхболд (Ширэн бээлий) сандо бокс, кикбоксын УАШТ-ий хүрэл медальт Б.Азжавхлан (Бүгэнжюкү дожо)-тай, 70 кг-д MGL-1 халз тулааны удаа дараагийн ялагч Х.Амартүвшин (Ширэн бээлий) сандо бокс болон “Сонсогчийн алдар” тэмцээний хошой алтан медальт Н.Отгонбаатар (Ирвэс)-тай, 77 кг-д залуу тамирчин Х.Мөнгөнбаяр (Ширэн бээлий) залуу тамирчин Д.Батсүмбэрэл (Алтан шонхор)-тэй, 83 кг-д “Сонсогчийн алдар”, монгол зо тулаанд тус хоёр удаа түрүүлж байсан Б.Бүрэнзориг (Зэвсэгт хүчний 084-р анги) сандо бокс, кёкүшинкай каратэгийн улсын аварга Э.Соёлбаатар (Ирвэс)-тай, 93 кг-д “Армийский бой” Азийн нээлттэй цомын тэмцээний мөнгөн медальт Т.Ганбаяр (Шандас дожо) сандо боксын улсын хошой аварга Т.Ариунболд (Ирвэс клуб)-той тус тус тоглоно.

Харин кикбоксын төрөлд 60 кг-ийн жинд монгол зо тулааны хошой аварга У.Үүрийнцолмон (Монгол зо) залуу тамирчин Б.Мөнхболд (Мандал файтинг)-той, 65 кг-д монгол зо тулааны аварга Г.Мөнх-Од (Ширэн бээлий) УАШТ-ий дөрвөн удаагийн мөнгөн медальт А.Мөнхбаатар (Бурхан халдун)-тай тоглох ажээ.