m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.24 08:27
89
Хүүхэд тань хоолонд муу бол...

Бяцхан үр тань хоол идэж өгөхгүй таныг зовоодог уу? Яажшуухан аргалж байгаад жаахан хоол идүүлэх вэ хэмээн санаа зовж байна уу?

Миний найз хүүхний охин нь 2 ой хүртлээ хөхөө л хөхдөг байлаа. Өөр юу ч иддэггүй, яагаад ч арга эвэнд ордоггүй байсан юм. Кааш идүүлэх гэхээр амаа ангайж өгөхгүй, орхичихоор ширээгээр нэг нялаад хаячихна. Жимс аманд нь хийхээр жаахан байлгаж байснаа нулимчихна. Хоолны ширээний ард суулгах гэхээр зугтаад явчихна. Үлгэр ярингаа идүүлэх гээд ч бүтдэггүй байв.

 Найз маань хамаг аргаа бараад сүүлд нь охиноо тайван орхив: хүсэхгүй байгаа юм бол болино л биз, арай ч өлсөөд үхчихгүй биз гээд. Гэтэл нэг л өдөр охин нь идээд эхэлсэн юм. Өглөөний хоолоо ч, өдрийн хоолоо ч, оройн хоолоо ч алгасалгүй, өөрөө, маш дуртайгаар иддэг болсон.

Би нэг бус удаа харж байсан: манай байрны эмээ нар савтай хоол барьж гарч ирээд ач зээ нараа хооллож байхыг нь. “Манай энэ хоол идэж өгөхгүй хэцүү, ингэж  гадаа байхад нь л идүүлдэг юм” – хэмээн тайлбарлах. Зарим хүмүүс хүүхдээ телевизорын өмнө, хүүхэлдэй үзүүлэнгээ хооллодог, зарим нь тоглож байхад нь гэх мэтээр. Нэг хүү нохойнд их дуртай байсан тул ээж ааваараа нохойн идүүр авахуулж байж түүндээ хоолоо иддэг болж байсан юм даг.

Хэрэв хүүхэд эрүүл саруул байж хоол идэх процессд дургүйгээс хоолоо идэхийг хүсэхгүй байдаг бол доорхи аргуудыг хэрэглэж хоол идэх сонирхлыг нь төрүүлэх гээд үзээрэй.

Халбага – машин

1. Хөөрхөн шүлэг. Хүүхдийн хувьд хооллох үе – хамгийн сонирхолгүй, уйтгартай үе байдаг. Гүйж харайж болохгүй, тоглоход ч түвэгтэй - хайран цаг! Тиймээс энэ үеийг хүүхэддээ сонирхолтой болгож өгөхийг бодоорой. Хүүхдийнхээ дуртай шүлэг, эсвэл хоолны тухай шүлэг зэргийг уншиж өгөх, эсвэл халбагаа машин болгоод гараашандаа орлоо – гарлаа гэх мэтээр тоглож болно.

2. Үлгэр. Би охиноо хооллохдоо хайртай морьных нь тухай түүх зохиож ярьдаг байлаа: нэгэн удаа Шурик морь өглөөнийхөө каашийг идээгүй гэнээ. Тэгээд Маша түүнийг унах гээд ирсэн чинь Шурик ямар ч хүч тэнхээгүй болчихсон байв... гэх мэтээр хоолоо муу иддэг янз бүрийн амьтадтай тохиолдсон явдлуудыг аль болох үнэмшилтэйгээр, сонирхолтой харилцан яриатайгаар ярьж өгч болно. Сонирхол нь хөдөлсөн хүүхдийн ам нь өөрөө л ангайгаад ирдэг.

3. Миний эмээ намайг жаахан байхад хооллохдоо ингэдэг байсан: тавагтай хоолны зургийг цаасан дээр зурна. Котлет, төмсний нухаш... Тэгээд би идсэн хэсгээ будна. Нэг хэсгийг амандаа хийлээ – тэрийгээ зурган дээр будлаа... Ийнхүү хоолоо дуустал идвэл зураг будагдаж дуусна.

4. Хоолоо хийхдээ хүүхдээ оролцуулж, чадах юмыг нь хийлгэх. Өөрөө хийсэн болохоор дараа нь дуртайяа идэх болно.

5. Хоолыг сонирхолтойгоор хэлбэржүүлэх. Төмсөө хэлбэржүүлэгч хутгаар зүсэх, котлетыг амьтны дүрс гаргаж хийх гэх мэтээр.

6. Хоол хийж байхдаа хүүхдийнхээ сонирхлыг өдөөх. “Өнөөдөр ёстой гоё хоол болж байна аа... Өнөөдөр ямар гоё хоол иднэ гэж санана...” гэх мэтээр ярингаа хийвэл хүүхэд тань хоолоо тэсэн ядан хүлээх болно.

7.Тавагтай хоолоо сольж идэх. Хүний хоол илүү амттай санагддаг. Хүүхдийнхээ тавагтай хоолыг өмнөө тавиад өөрийнхийгээ хүүхэддээ тавиад идэх гэж байгаа дүр үзүүлнэ.

8.Хөөрхөн зурагтай аяга таваг хэрэглэх. Дэлгүүрт хүүхдүүдийн дуртай хүүхэлдэйн киноны баатруудын зурагтай таваг төрөл бүрээрээ байдаг. Бяцхан үртэйгээ хамт сонгож авна. Тэгээд хоол идэх процессоо аврах ажиллагаа болгоно. “Винни – Пух хоолонд даруулчихсан байна, түүнийг бушуухан авраарай, хоолоо бушуухан идээрэй. За тэр, чих нь цухайгаад ирлээ, одоо гар нь, хөл нь чөлөөлөгдлөө гэх мэтээр тоглон, хоолыг нь идүүлнэ.

9.Жижигхэн хүүхдүүд соруулаар юм уух дуртай байдаг. Тийм болохоор хоолны шөлийг, шингэн пюре, тараг зэргийг соруулаар идүүлбэл дуртай идэх болно. Миний танил залуугийн хүүхэд гашуу эмийг ч соруулаар бол уучихдаг байсан юм.

Ингэж болохгүй!!!

Хүчээр аманд нь чихэж хооллож болохгүй: хүүхэд хоол идэх процессыг үзэн яддаг болоод улам л хоол идэхдээ дургүй байх болно. Бас “Ээжийнхээ төлөө энэ халбагыг, одоо аавынхаа төлөө идэхгүй бол аав нь гомдоно, ажлаасаа ирэхгүй шүү...” гэх хувилбар хүүхдийн сэтгэл зүйд хүчтэй цохилт болох аюултай!

“Хоолоо идэхгүй бол гадаа гаргахгүй шүү, ТВ үзүүлэхгүй шүү...” гэх мэтийн нээнтэг байж хэрхэвч болохгүй. Хүүхэд чинь аргагүйн эрхэнд, дуртай дургүйгээр хоолоо идлээ ч, ямар ч таашаал авахгүй учраас хоол зохих ёсоор шингэхгүйгээс гадна хоол идэх процесс мөн л сөрөг эмоцитой холбоотой болж үлддэг.

Хүүхдээ хоолоо ширээн дээр асгалаа, каашаа ширээний тавцанд гараараа няллаа гэж битгий загнаарай. Хүүхэд сахилгагүйтсэндээ тэгдэггүй, зүгээр л “ингэвэл юу болдог юм бол” гэж  шалгаж байгаа нь тэр. Түүний хувьд кааш, гоймон, будаа – бүгд урлан бүтээх материал юм. Ийм гоё будгаар / жимсний чанамал/ яагаад зураг зуруулахгүй байгааг жижиг хүүхэд ойлгохгүй гомддог.

Телевизорын өмнө хооллож хэрэггүй. Телевизор үзэнгээ, ялангуяа рекламны үеээр идсэн хоол зөв боловсордоггүй хэмээн эмч нар үглэдэг.

Хүүхдийн харамч занг хөгжүүлж, “Бушуухан идэхгүй бол аав нь идлээ шүү...” гэх мэтийн аргыг хэрэглэж болохгүй. Мөн уралдаж идэх онцгүй: хүүхэд яарахдаа хоолоо дутуу зажилдаг болохоор хоол боловсролтын процесст муугаар нөлөөлнө.