m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.24 08:31
50
Бид хамтдаа сэргийлж чадна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 01-ний өдрийг дэлхий дахинд ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах өдөр болгон тэмдэглэж, бүх нийтээрээ дуу хоолойгоо нэгтгэн энэхүү аюулт өвчний эсрэг тэмцэх төрөл бүрийн үйл ажиллагаануудыг зохиодог уламжлалтай билээ. Монгол улсад энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яамнаас удирдамж батлан гаргаж, ХДХВ/ДОХ-ын чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудын төлөөллүүддээс бүрдсэн ажлын хэсэг байгуулснаар Нэгдсэн нэг төлөвлөгөөн дор хамтран ажиллаж байна.

Уг ажлын хэсгийг ХДХВ/ДОХ-оос сэргийлэх чиглэлээр ажилладаг “YouthLEAD” Үндэсний Сүлжээ зохицуулан ажиллаж байгаа бөгөөд 2014 онд “Бид хамтдаа сэргийлж чадна” уриан дор ХДХВ/ДОХ-ын шинэ тохиолдлыг тэглэх дэлхий нийтийн зорилгод нэгдээд байна.  Монгол улсад ХДХВ-ын анхны тохиолдол 1992 онд бүртгэгдэж байсан бөгөөд энэ сарын байдлаар нийт 179 тохиолдол бүртгэгдээд байгаа билээ.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ДОХ/БЗДХ-ын тандан судалгааны албанаас гаргасан судалгаагаар тус халдвараар дөрвөн хүн нас барж, нийт тохиолдлын 98,3 хувь нь бэлгийн замаар дамжсан үзүүлэлт гарчээ.  Мөн Монгол улс ДОХ/ХДХВ-ын тархалтаараа дэлхийд дээгүүр бичигддэг ОХУ болон БНХАУ-тай хиллэдэг тул халдварын өндөр эрсдэлт бүс нутгийн тоонд ордог. Тиймээс ХДХВ/ДОХ-ын асуудалд манай улс онцгой анхаарал хандуулан байгууллага, олон нийт, хувь хүн бүр дор бүрнээ энэ талын мэдлэг мэдээллээр хангагдаж байх нь нэн чухал болоод байна.