m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.24 09:29
980
Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим 100 жилийг үджээ

Монгол Улсад сонгодог болон цэргийн үлээвэр найрал хөгжим үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын хүрээнд өнөөдөр баярын хурал, хүндэтгэлийн концерт боллоо. Мөн Чингис хааны  талбайд Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын үлээвэр найрал хөгжмийн үзүүлэх тоглолтыг иргэд, олон нийтэд толилууллаа.

Богд хаант Монгол улсын засгийн газрын ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэн 1913 оны аравдугаар сараас 1914 оны нэгдүгээр сар хүртлэх хугацаанд хаант Орос улсад албан ёсны айлчлал хийж, Улсынхаа тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлж олон улсын хэмжээнд баталгаажуулах, зээл тусламж авах гэрээ хэлцэл хийх зорилготой явжээ. Хоёр талын гэрээ хэлцэл амжилттай болсон бөгөөд Хаант Оросын засгийн зараас ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн хүлсэлтийн дагуу 8-10 хүний бүрэлдэхүүнтэй үлээвэр хөгжмийн зэмсэг бэлэг болгосноор манай улсад орчин цагийн үлээвэр хөгжим үүссэн түүхтэй бөгөөд өнөөдөр 100 жилийнхээ түүхэн ойг ийнхүү тэмдэглэж байна. 

Монголын үлээвэр хөгжимчдийн холбооны дэд ерөнхийлөгч Н.Цэрэнсүх

Анх цэргийн үлээвэр хөгжим цэрэг дайчдыг зоригжуулах, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх, төрийн болон цэргийн ёслол хүндэтгэлийн ажиллагаануудад оролцох зэрэг үндсэн үүрэгтэйгээр байгуулагдсан ч сүүлийн үед цэргийн үлээвэр хөгжим шоу хэлбэр лүүгээ түлхүү орсон. Манай Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийнхөн олон улсын үлээвэр хөгжмийн маш олон наадам, уралдаан, тэмцээнд амжилттай оролцож дэлхийд нэлээд дээгүүрт үнэлэгддэг. Монголын хөгжмийн ертөнцөд хөгжмийн нотыг анхлан таниулсан энэхүү чуулгаас төрөн гарсан олон хөгжимчид өнөөдрийг хүртэл монгол орны өнцөг булан бүрт байх соёл урлагийн газруудад ажиллаж байна.

 Хөгжимчин Ахлагч Ц.Амархүү

-Юуны өмнө ойн баярын мэнд хүргье. Анх яаж энэ урлагтай холбогдсон тухайгаа манай уншигчдад сонирхуулах уу?

-Үлээвэр хөгжмөөр анх дунд сургуульд байхдаа хичээллэж хэд хэдэн уралдаан тэмцээнд оролцож  байсан. Тэгээд БХИС-ийн хөгжмийн ангид суралцаж төгсөөд энэ чуулгатаа орж байсан. 

Олон жилийн түүхтэй, амьдаар тоглодог энэ хөгжимтэй амьдралаа холбосноос хойш 14 жилийг үдсэн байна.

-Цэргийн хүн тушаалын дагуу бүхнийг хийдэг. Өвөл зуны ямар ч улиралд энэ том хөгжмийг тоглоход шантарч хэцүү байх үе гардаг уу?

-Хэцүү үе байдаг. Их хүйтэнд гар хуруу бээрэх даарах явдал зөндөө л гарч байсан. Тэгсэн ч бид хүйтэн байна гээд тоглохгүй байх эрх байхгүй болохоор хөгжимдөө архи хийж байгаад л тоглодог. Учир нь тэгэхээр хөгжим хөлддөггүй юм. Гэсэн ч шантарч байгаагүй. Яагаад гэвэл энэ урлагт би өөрөө дуртай учраас.