m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.25 00:13
261
Ноён солих мөчид...

Хоёр долоо хоногийн турш хөл толгой нь мэдэгдэхгүй бужигнасан улс төрийн нөхцөл байдал эхнээсээ эмхэрч эхлэв. АН-ын гишүүд сөрөг хүчинтэй хамсан ерөнхий сайдаа унагаснаас хойш нэг намын дотоод асуудал засаглалын хямрал үүсгэж магадгүй хэмжээнд хүрсэн билээ. Шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг фракцуудынхаа хямрал нам доторх итгэлцэл, үнэт зүйлийг үгүй хийн, хэмхчиж буйг АН-ын нөлөө бүхий лидерүүдээс эхлээд жирийн гишүүд хүртэл ярьж, халаглаж байсан энэ өдрүүдэд долоо хоногийн зайтай хуралдсан ҮЗХ-ын хоёр хурал асуудлыг эргэн гольдролд нь оруулах алхамыг хийж дөнгөв.

 

Гэхдээ түүний ард одоо ч АН-ын хамгийн хүчтэй бүлэглэл хэвээр байгаа Алтан гадас бий. Тиймээс ч тэр ҮЗХ-ний хурал дээр усандаа байгаа загас шиг л байж, ажил албаа нэр төртэйгээр хүлээлгэн өгөөд, сайн үгсээр үдүүлэн индэрээс буув.

 

Энэ хугацаанд буланд шахагдсан намын даргын шийдвэр, үйлдэлээс ихээхэн зүйл шалтгаалж байсныг хэлэх хэрэгтэй. Намын дарга, ерөнхий сайдыг салгах асуудал дээр бүх талууд албан бусаар ойлголцолд хүрч, УИХ дахь бүлгийн зүгээс “огцруулах” кноп дарсан Р.Амаржаргалыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлснээр Н.Алтанхуягийн гэдэнг хөдөлгөж орхив. Гэнэт л бүх зүйл өөрөөс нь гадуур өрнөөд эхэлсэнд “Мөнхийн генсек” явсан Н.Алтанхуягт хүнд цохилт болсон нь дамжиггүй. Гэхдээ түүний ард одоо ч АН-ын хамгийн хүчтэй бүлэглэл хэвээр байгаа Алтан гадас бий. Тиймээс ч тэр ҮЗХ-ний хурал дээр усандаа байгаа загас шиг л байж, ажил албаа нэр төртэйгээр хүлээлгэн өгөөд, сайн үгсээр үдүүлэн индэрээс буув.

14 жилийн өмнө МҮАН, МСДН зэрэг ардчилалын төлөөх таван намыг нэгтгэсэн улс төрийн түүхэн шийдэлд хүрэхэд Фортуна Н.Батбаяр, Н.Алтанхуяг хоёрын хичээл чармайлт их байсан билээ. Тэд бол энэ намын архитекторчдын нэг. Гэхдээ тэр үеийн ардчилсан намыг одоогийнхтой зүйрлэхийн аргагүй. Шинэ намтай зэрэгцэн байгуулсан Алтан гадас фракцтай хүч чадал, нөлөөлөлийн хүрээгээрээ өрсөлдөхүйц хэд хэдэн бүлэглэл энэ хугацаанд улс төрийн тавцан гарч ирж, байр сууриа бэхжүүлээд байна. Алтан гадасынхныг соцдек угшилтай гэдэг ч өнөөдөр Ардчилалын алтан хараацайнуудын албан бус бүлэглэл болчихоод байгаа билээ. Ардчилалын алтан хараацайнууд цаг хугацааны үнэнд гүйцэгдэж, нас залуу ч улс төрийн туршлага арвин дараа үе нь хаалга тогшилгүй орж ирээд, хойморт суух цаг болсоныг сануулж эхлэв.

УИХ дахь бүлэг дээр Алтан гадасаас бусад фракцууд Р.Амаржаргалыг дэмжин оруулж ирсэн ч ҮЗХ дэх “гадаснууд” Ч.Сайханбилэгийг нэр дэвшигчээр гаргаж чадлаа.

 

“Энхболдын үе”

Аливаа үйлд таацах нас, тохирох цаг гэж бий. Үе солигдох энэ зүй тогтолыг “алтан хараацайнууд” эрх биш анзаарчээ. Н.Алтанхуяг өөрийн хүсэлтээр намын даргаасаа бууж, зургаан жилийн өмнө 20 хүрэхгүй хүний саналаао ялагдсандаа одоо хүртэл шазуур зууж яваа, залуу, эрч хүчтэй гэх имиж бүхий З.Энхболдод тамгаа хүлээлгэж өгөв. Тэгээд зогсохгүй  ҮЗХ-д олонх байгаа “Гадаснууд”-ынхаа хүчинд дулдуйдаж, өөрийн хүнээ гүйцэтгэх засаглалын тэргүүнээр авч үлдэх нүүдлийг хийв. УИХ дахь бүлэг дээр Алтан гадасаас бусад фракцууд Р.Амаржаргалыг дэмжин оруулж ирсэн ч ҮЗХ дэх “гадаснууд” Ч.Сайханбилэгийг нэр дэвшигчээр гаргаж чадлаа.

Олон нийтийн хүлээлт Р.Амаржаргалын талд буй ч залуу үе гэсэн ижиж Ч.Сайханбилэгийн талд байна. Н.Алтанхуяг 1958 оных, Р.Амаржаргал 1961 оных, З.Энхболд 1966 оных, Ч.Сайханбилэг 1969 оных. Эндээс харахад АН-ын шинэ дарга, ерөнхий сайдад нэр дэвшигч хоёр яах аргагүй шинэ үеийнхэн. З.Энхболдын ард сүүлийн хэдэн жил өсгөн өндийлгөж, залуусыг дуудан нэгтгэж ирсэн Ардчилсан хүчний холбоо бий. Энэ хойно ургасан эвэр одоогоор улс төрийн бодитой хүч мэт харагдахгүй ч, нам дотор үе шилжисний дараагаар үүрэг функц нь өсөхийг үгүйсгэхгүй.

Харин Алтан гадастангуудын хувьд өндөрлөгөөс шахагдах мөчөө Ч.Сайханбилэгийг гаргаж ирснээр хойшлуулж дөнгөлөө. Шатраар бол төвд байхын аргагүй болсон ноёноо тэргээр сольж буй нүүдэл. Ямартай ч энэ нүүдлийг хийснээр намын их хурлаас өмнө уужуу амьсгаа авч, дараагийн нүүдлээ бодох сөхөөтэй болж буй. Одоо Ардчилсан намын их хурлын өмнө хөдөө орон нутгаас ирэх төлөөлөгчдийг тодруулах, тэдний дунд өөрийн төлөөлөлөө шургуулах фракцуудын дундах далд тэмцэл эхэлнэ. Үүнийг хэрхэн хийж, нөлөөлөлийн хүрээгээ хэрхэн тодорхойлж чадсанаас АН-ын фракцуудын ирэх хоёр жил гарны хувь заяа шалтгаалах болов уу.

Ямартай ч монголын улс төрийн хамгийн нөлөө бүхий хоёр намын даргаар ижил нэртнүүд ажиллаж байна. Аль алиных нь зорилго төстэй. Намын удирдлагаа бүрэн гартаа авах. Тэдний хүсэлд тээг садаа олон бий. Нийгмийн амьдралд дуу шуугиантайхан эргэн ирсэн У.Хүрэлсүх ба түүний нөхөд, аймгийн намын дарга нарыг чихдэж авцраад, эв нэгдлийн тунхаг батлуулчих чадалтайгаа буй Алтан гадас гээд. Монголын улс төрийн 20 жилийн өнгө төрх өөрчлөгдөж, АН-ын дотоодод хүчтэй хөдөлгөөн, бүр задрал ч үүсэж мэдэх олон үзэгдэлт жүжгийн эхний үзэгдэл хөшгөө хаав.

“Хомсмоолын хүн”-ий гурван даваа

Ардчилалын партизанууд Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарт дургүй. Тэд үүнийгээ “даварсан хомсмоолчид” хэмээн тодорхойлдог. Хуучнаар МХЗЭ, одоогийнхоор МЗХ-ноос угшилтай хоёр найз саарал ордноос гаралгүй, хар багаасаа дарга хийсээр ирсэн цагаан гартнууд болохыг шүүмжлэх хүний цөөнгүй. Харин Ч.Сайханбилэг энэ бүхнийг огоорч, Н.Алтанхуягийн зуурсан бантанг нэг тийш нь цэгцлэлж чадах болов уу. ҮЗХ-ны хурлаас ялж гарч ирснийхээ дараа тэрбээр, “Ерөнхий сайдаар томилогдсоны дараа ард түмэн болон УИХ-ын гишүүдэд мөрийн хөтөлбөрөө танилцуулна. Ерөнхий нэг зүйл бол одоо бид эдийн засгийн хямралтай нүүр тулаад байна. Энэхүү хямралаас хэрхэн гарах вэ гэдэг нь шинээр байгуулагдах засгийн газрын гол чиглэл болно. Тиймээс парламентад суудалтай улс төрийн бүхий л намууд намын болон бүлгийн явцуу эрх ашгаа түр орхиж улс үндэсний нийтлэг эрх ашгийг барьж ажиллах гол зарчим дээр тулж ажиллана” хэмээв.

Түүний өмнө УИХ дахь бүлэгтээ хүлээн зөвшөөрөгдөх, УИХ-д суудалтай намуудтай зөвшилцөх, Ерөнхийлөгчийн дэмжлэгийг авах гэсэн гурван даваа бий. АН-ын гүйцэтгэх зөвлөл, Хяналтын хорооны тайлбараар бол УИХ дахь бүлэг Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах эрхгүй. Гэхдээ Ч.Сайханбилэг УИХ дахь бүлгийнхээ фракцуудтай ойлголцолд хүрч байж л цаашдын алхамаа хийх нөхцөл бүрдэнэ. Намын дарга болоод удаагүй З.Энхболдын таалалаас энэ ойлголцол ихээхэн шалтгаалах болов уу. Тэрбээр сонгогдсоныхоо дараа фракцын эрх ашгийг умартаж ажиллана гэх амлалт өгсөн. Энэ амлалтаас нь харвал Ч.Сайханбилэгийг дэмжиж, асуудлыг гацаанаас гаргах болов уу гэх таамаг байна. Ч.Сайханбилэгийн дараагийн даваа нь улс төрийн намуудтай хэл амаа ололцох. МАХН-тай байгуулсан гэрээ урж хаях нь магадтай болсон энэ цаг үед “Шударга ёс” эвсэлтэй хэрхэн учираа олох нь сонирхол татаж байгаа. УИХ-ын гишүүн Ж.Болорын ам алдсанаар бол МАНАН байгуулах ажлын хэсэг байгуулагдсан гэх. Гэхдээ амралтын өдөр болон эхний өдрүүдэд өрнөх яриа, хэлэлцээрийн төгсгөлд Н.Алтанхуягийн засгийн газрын хуучин бүтэц хадгалагдана үлдэх болов уу гэх таамаглал нь илүү бодьтой юм. Харин Ерөнхйлөгч Ц.Элбэгдоржийн зүгээс Ч.Сайханбилэг сөрөг реакци ирэх нь юу л бол. Ч.Сайханбилэг бол түүний улс төрд татан оруулж, бэлдэж гаргаж ирсэн фигуруудын нэг. Гэхдээ зарчимын хэд хэдэн шаардлага ил тавигдаж, сайдын тохироо нууц хийгдэх нь мэдээж хэрэг. Нэг олзуурхууштай зүйл нь өнгөрсөн хоёр жилийн турш ужгирч, засаглалын хямрал үүсгэтлээ даамжирсан ирсэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын хоорондох толхилцоон эцэс болно. АТГ-ын зүгээс засгийн газрын хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдэд гар дүрэх нь багасаж, монгол төрийн ажил гацаагаа урагшлах нөхцөл бүрдэнэ.

Эсрэгээрээ Р.Амаржаргал ҮЗХ-ноос ялж гарч ирсэн нөхцөлд дээрх гурван давааг хэрхэн давах байсан бол гэдэг нь сонирхолтой. Даван гараад ч эмхэлсэн засаг нь хэр удаан настай байх байсан бол гэдэг дээр хар амлах хүн захаас аван байна.

Дан, давхар нь хосолсон данагар засгийн газар

Ч.Сайханбилэг гурван даваагаа давж, засгийн газраа байгуулдаг юм гэхэд бялууг хэрхэн хуваах нь сонирхолтой. Энд ерөнхийлөгчийн өөрөө бодож олж, зүйж урлаад, өдгөө хэрэггүйг нь ойлгож буцааж тайлуулхаар шавдуулаад буй давхар дээлийн тухай ярих хэрэгтэй. Ч.Сайханбилэгийн хувьд улс төрийн “Ах”-ынхаа ая тал, ард түмний хүлээлтэнд шахагдаж засгийн газрын цөмийг парламентийн гаднаас бүрдүүлэх болов уу. Чухам үүн дээр л Алтангадасынхан гол хороо найруулж, фракцаа хүчирхэгжүүлэхийг хүсэх нь лав. Начны найраанаас ялгаагүй үнэ нь тэнгэрт хадах болсон УИХ-ын гишүүний кнопны үнэ ч чамгүй өсөх дамжиггүй. Нэмээд МАНАНгийн ч бай, будангийн ч бай Засгийн газарт УИХ-аас сайд тодрох нь дамжиггүй. Нам сольж, засаг самарсан “элсний парламенчид” ч зүгээр суухгүй лавтай.

АН-ын дарга З.Энхболд энэ тал дээр, “Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болвол Засгийн газарт нь улс төрийн намуудын дарга нарыг оруулахгүй гэж үзэж байгаа. Учир нь Засийн газар бол гүйцэтгэх засаглалыг шуурхай хэрэгжүүлдэг байгууллага. Тэр дотор олон намын дарга нар оролцоод “Манай нам ингэж үзэж байна” гээд суугаад байж болохгүй юм. Тиймээс одоо байгуулагдах Засгийн газарт намуудын дарга нар орохгүй гэсэн үг” хэмээн хатуу байр суурь илэрхийлсэн.  З.Энхболдын энэ үгнээс засаглал дахь залуусын оролцоог нэмэгдүүлэх хүсэл эрмэлзлэл ханхална. Ирэх долоо хоногт АН-ын дотор бодит хүч болон өсөн өндийж буй залуу үеийг улс төрд эвтэйхэн оруулж ирж, асуудлыг үймээн бужигнаан багатай шийдвэрлэх үйл явц өрнөнө. Өөрөөр хэлбэл улс төрийн өрөг бүхэнд тэрэг солих нүүдэл хийгдэнэ.