m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.25 00:25
61
“Том” хэмээх төсвийг тольдоход...

Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хугацааг дуусгалгүй огцорч, Засгийн газрын тэргүүн, Сангийн сайдгүй байх үедээ ирэх оны төсвийг хугацаандаа арайхийн хэлэлцэн баталсан. Гэтэл энэхүү төсөв нь улстөрчдийн хэлээд байсан шиг тийм ч мундаг танасан төсөв болоогүй бололтой.

Төсвийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд асан, гавьяат эдийн засагч Д.Бямбасүрэн хэлэхдээ “2015 оны төсвийг дор хаяж нэг их наяд төгрөгөөр хасаж болно. Өнөөдөр Монголын нийгэм, эдийн засгийн байдал хүнд байна. Энэ хүндрэлийг монголчууд өөрсдөө үүрнэ. Тиймээс нийгмийн эмзэг давхаргын амьдралыг доройтуулахгүйгээр, төр хэмнэлтийн горимд шилжих хэрэгтэй” гэсэн юм. Гэтэл хэмнэлтийн горимд шилжих биш харин ч 7.6 их наядаар төсөвлөчихсөн байдаг. Мөн орлогыг 7.2 их наядаар нэмэгдүүлчихлээ. Бүр энэ оны тодотгосон төсвийн орлого их наяд төгрөгөөр тасарсан байхад шүү дээ. Түүнчлэн урсгал зардлыг танах тал дээр зохицуулалт, хяналтыг сайн хийж чадаагүйн дээр хөрөнгө оруулалтын зардлыг их хэмжээгээр таналаа.

2015 оны төсвийг дор хаяж нэг их наяд төгрөгөөр хасаж болно

Мөн өнгөрсөн хоёр жилд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ 30 гаруй хувиар өсч, инфляци тэр хэмжээгээр гүнзгийрсэн. Энэ бүхэн нь муу төсөв баталснаас үүдэлтэй. Уг нь өндөр хөгжилтэй эсвэл хөгжингүй аль ч улсуудад төсвөө батлахдаа нийт зардалд дээд хязгаар тогтоох, орлогын төлөвлөлтийг эдийн засгийн мөчлөгтэй уялдуулж, санхүүгийн програмчлалын параметрүүдээр бодитой хийх, ирээдүйд төлөх бүх төрлийн өр төлбөрийг бүрэн тусгаж өрийг санхүүжүүлэх эх үүсвэрийг жил бүрийн төсвөөс тогтсон төлөвлөгөөний дагуу бүрдүүлдэг гэх. Гэтэл энэ нь манайд хэрэгжих нь бүү хэл харин ч төсөв батлах үйл явцад ашиг сонирхлын үүднээс хандаад байх шиг. Ерөнхий сайд, Сангийн сайдгүй баталсан төсөвтөө шинэ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дахин тодотгол хийх гэнэ.

Монгол Улсын энэ оны эхний 10 сарын байдлаар төлбөрийн тэнцэл 231 тэрбум төгрөгийн алдагдалтай явж байна. Дээрээс нь 2016 онд төлөх ёстой 580 сая ам.долларын бондын өр, 2018 онд төлөх ёстой 1.5 тэрбум зэрэг Чингис, Самурай бондын өрийг барагдуулах төгрөгийн эх үүсвэр одоогоор алга. Мөн 2013-2014 онд орлогын төлөвлөлтийг 16-17 хувиар өсгөнө хэмээн төсөвлөсөн хэрнээ бодит байдал дээр дөнгөж 3.0 хувиар л өссөн үзүүлэлт гарсан. Түүнчлэн өмнө нь 33 сая тонн нүүрс экспортолно гэж төлөвлөөд жилийн эцэст 20 хүрэхгүй сая тонныг хилээр гаргасан байсан. Үүнээс харахад манай эрх баригчид дэндүү өөдрөгөөр төсөвлөөд байх шиг.

Өнгөрсөн хоёр жилд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ 30 гаруй хувиар өсч, инфляци тэр хэмжээгээр гүнзгийрсэн

Дээрх хүснэгтээс үзэхэд, ирэх оны төсвөөс 1.2-1.3 их наядыг танаж болно хэмээн эдийн засагчид, шинжээчид үзээд буй. Гэхдээ ядаж төсвийн төлөвлөлтийг энэ хэмжээгээр танахгүй юмаа гэхэд ядаж л 2015 оны төсөөллийг 2014 оны төсвийн орлогоос хэтрүүлэхгүй байх хэрэгтэй. Ийм байхад ирэх жил бид орлогын өсөлтийг 17 хувьд хүргэнэ гэдэг биелшгүй зүйл болоод байна. Гэтэл зарлагын өсөлтийг 18 хувьд тооцсон байдаг. Ядаж л зардлыг 6.0 хувиар танаад өгвөл 167 тэрбум төгрөгөөр ашигтай, бүр цаашлаад 10 хувиар танаж өгвөл Монгол Улсын төлбөрийн тэнцэл 428 тэрбум төгрөгийн ашигтай гарах гээд байдаг. Бас нийт төсвийн зардал дотроо урсгал зардал их, харин хөрөнгийн зардал бага байгаа аж. Эрүүл мэнд, боловсрол гэх мэт салбарын зардлаас бусад урсгал зардлуудаас танах шаардлагатай байгаа.

Үүнээс гадна төсөвт нүүрсний тэнцвэржүүлсэн үнийг нэлээд өндрөөр тооцсон байсан. Дэлхийн зах зээлд коксжих нүүрсний үнэ өдөр ирэх тутам буурч байгаа өнөө үед манай улс төлөвлөсөн үнээр нүүрсээ хилээр гаргана гэвэл бас л бүтэшгүй. Ялангуяа манай улсын нүүрсний том импортлогч орон болох БНХАУ-ын өнгөрсөн сард Монгол Улсаас импортлох коксжих нүүрсний үнэ өнгөрсөн оны мөн үеэс 35 хувиар буурсан байсан.

Жижиг дунд үйлдвэрлэгчдийн нуруун дээр ачаа нэмэхээс цаашгүй бөгөөд нийгмийн эмзэг бүлгийхэн, төрд ажиллаж буй иргэдийн амьдралын дарамт нэмэгдэж байна гэсэн үг

Түүнчлэн татварыг нэмэгдүүлэх замаар орлогыг бүрдүүлнэ гэж ярьж байна. Энэ нь жижиг дунд үйлдвэрлэгчдийн нуруун дээр ачаа нэмэхээс цаашгүй бөгөөд нийгмийн эмзэг бүлгийхэн, төрд ажиллаж буй иргэдийн амьдралын дарамт нэмэгдэж байна гэсэн үг. Тэгсэн хэрнээ цалин тэтгэвэр, тэтгэмжийг боломжийн хэрээр нэмэгдүүлнэ гэж яриад буй. Үүнээс харахад л ирэх оны төсөв хэр их хөөсөрч болох төсөв гэдэг нь харагдаж байгаа юм.