m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.25 01:49
46
Ц.Шинэбаяр: Олон түмэнд таалагдахгүй, Оюутолгойд таалагддаг Ерөнхий сайдтай байвал хэрэггүй

Хамуг Монгол Хөдөлмөрийн намын дарга Ц.Шинэбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ерөнхий сайдыг томилох асуудал удтал гацсаны эцэст шийдэгдлээ. Энэ талаарх парламентад суудалгүй намууд болон таны хувийн байр суурийг сонирхоё?

-Монголын төрд сүүлийн үед маш буруу жишиг бий болчихлоо. Тухайлбал, Ерөнхий сайд аль нэг компанийг төлөөлж юм уу, тодорхой бүлэглэлийн тусгай даалгавартайгаар, тэдний өмнө үүрэг авч байж томилогддог. Энэ буруу жишгийн хоёр дахь нь гарч ирлээ. Өмнө нь С.Баяр Оюутолгойн гэрээг батлуулна, Тавантолгойн гэрээг тодорхой хүмүүст шийдэж өгнө, төмөр замын лицензийг компаниудад өгнө гэсэн үүрэг даалгавартайгаар бүлэглэлүүдийн өмнө үүрэг хүлээж Ерөнхий сайд болж байсан. Тэрийгээ биелүүлчихээд өвчин туссан гэж ажлаа хүлээлгэж өгчихөөд гадаадад амьдрахаар явсан шүү дээ. Ч.Сайханбилэгийн хувьд үүний хоёр дахь хувилбар. Нэгт, Оюутолгойн гэрээний хоёр дахь санхүүжилтийн зээлийг олгуулъя гэж байна. Хоёрт, тамгаа гардаж аваад хэлсэн үгэндээ авлигыг таслан зогсооё гэж ганц үг ганхийсэнгүй. Өмнөх булхай луйврыг тэр чигт нь мартая, сөхөх ч шаардлагагүй урагшаа хараад явъя гэсэн байдлаар үг хэллээ. Гуравдахь аюултай юм нь өмнө нь ч  хийж  байсан Говь-Алтай аймаг дахь асуудал байна.  Нэг хүнээр өргөдөл өгүүлж шүүхээр маш хурдан шийдүүлэн ИТХ, Засаг даргыг нь өөрчлүүлээд  Говь-Алтай аймгийн  дархан цаазат Талын мэлтэс уулын алтны үндсэн ордыг ашиглах ажлыг явуулж байсан. Одоо тийм л даалгавартай ирж байна. Ч.Сайханбилэг ямар сонгууль хүртэл ажиллаж чадах биш, даалгавраа биелүүлчихээд Н.Алтанхуягийн араас явах ийм л Ерөнхий сайдыг томилж байна шүү дээ. Улстөрийн маш том  алдаатай бөгөөд ноцтой үр дагавар бүхий шийдвэрийг УИХ гаргачихаад байна.

Ерөнхий сайд аль нэг компанийг төлөөлж юм уу, тодорхой бүлэглэлийн тусгай даалгавартайгаар, тэдний өмнө үүрэг авч байж томилогддог буруу жишиг Монголын төрд бий болчихлоо

-Засгийн газрын гишүүдийг томилох тухайд та юу хэлэх вэ?

-Танхим бүрдүүлэх асуудал Ерөнхий сайдыг сонгоход ирц бүрдүүлсэн 44 хүнд эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй байдлаар шийдэж таарах биз. Үүний цаана улс орны эрх ашиг бодогдохгүй, кноп авахын тулд байнгын хороо, чуулганы ирц бүрдүүлсэнтэй адил ажиллана уу гэхээс хямралаас яаж хурдан гаргах вэ гэдэг асуудал байхгүй. Угаасаа зорилго нь өөр юмаар явчихсан учраас гялайж гялтайх  юм харагдахгүй байна гэж үзэж байгаа. 

-Ерөнхийлөгч сайд нарыг дан дээлтэй байх ёстой гэж ухаалаг төрийн хүрээнд санал дэвшүүлсэн. Зарим ньодоо өөрчилье гэсэн бол олонх нь  2016 оноос эхлүүлье гэснийг тэр хүртэл тэнэг байх хэрэг үү гэжшүүмжлэх хүн ч байна?

-Асуудлын гол  дан, давхар дээлэнд байгаа юм  биш. Хариуцлагатай, шударга, ёс зүйтэй хүн л сайд байх ёстой. Энэ УИХ дотор үндсэндээ тийм хүн байхгүй учраас Ерөнхийлөгч  авлигатай тэмцээд дийлэхгүй арга ядсандаа  тэгж хэлсэн хэрэг. Тэр бол арга ядсан хүний л арга. Дан дээлтэй болгож нэг удаа ч болов хуурах гэсэн Ерөнхийлөгчийн башир арга. Тэгэхдээ дан дээлтэйнүүд нь авлига авахгүй, шударга, ёс зүйтэй, өмнөх авлигуудыг бүгдийг буцаан төрийн  санд оруулж авчрах тийм хүнийг гаргаж ирж чадах уу, үгүй юу. Чадахгүй бол дан дээлтэй авлигачаар яах юм бэ. Өмнө нь давхар дээлтэй авлигач байсан, одоо дан дээлтэй авлигач гараад ирвэл яах вэ. Дээл дандаад байна гээд давхарлаад байвал яах вэ. Тийм баталгаа байна уу, үгүй юу. Асуудлын гол нь энэ.

-Энэ засагт МАН хамтрахгүй гэж мэдэгдээд байгаа. Гэхдээ гэдийж байгаад гэнэт орох юм биш үү, МАНАНүүсвэл яах вэ гэсэн болгоомжлол нийгэмд нэлээдгүй  байна?

-МАН өнгөрсөн хоёр жилд сөрөг хүчний үүргээ туйлын хангалтгүй биелүүлсэн. Харин энэ удаа парламентад суудалгүй намууд удаа дараа шахаж шаардсан нь Ардын намыг сэрээсэн. Сэрээд гайгүй ажиллая гэж байх шиг байна.

 Дан дээлтэйнүүд нь авлига авахгүй өмнөх авлигуудыг бүгдийг буцаан төрийн санд оруулж авчрах тийм хүнийг гаргаж ирж чадах уу, үгүй юу. Чадахгүй бол дан дээлтэй авлигачаар яах юм бэ. Өмнө нь давхар дээлтэй авлигач байсан, одоо дан дээлтэй авлигач гараад ирвэл яах вэ. Дээл дандаад байна гээд давхарлаад байвал яах вэ. Тийм баталгаа байна уу, үгүй юу. Асуудлын гол нь энэ

-Гэхдээ МАН засагт орохгүй гэж байгаа нь зүгээр л урихгүй байна гэсэн тунирхал биш үү?

-Парламентад олон суудалтай нам байж тийм өчүүхэн зүйлээр хөөцөлдөж горьдож байгаа бол ичгэвтэр.

-Ойрын үед  манай улс эдийн засгаа сэргээх боломж, тийм гарцыг та юу гэж харж байна?

-АН төрөөр яаж тоглодгийн жишээг  сая Төсвийн хууль батлахад харлаа. Төсвөө батлаад долоо ч хонолгүй тодотгол хийе гэж байна. Одоо төсвийн тодотголыг дахиад нэг сар хэлэлцэх нь байна шүү дээ. Нэгдүгээр хэлэлцүүлэг, хоёр, гурав, дөрөв гэхчлэн АН дахь фракц хоорондын зөрчлийг УИХ руу оруулж ирж үр дүнгүй хийрхэх гэж байна. Тэрнээс  найдвартай зүйл  гарахгүй.

-Яавал хямралаас гарах вэ?

-Өмнөх алдааг засч байж л хямралыг давна. Төрөөс хулгай луйвар хийсэн хүмүүсийн хулгайлсан мөнгийг буцааж оруулж ирж эдийн засгаа цэгцлэх болохоос хулгайлсан хүн хулгайн мөнгөтэйгээ байж байг гэж байгаа цагт Ч.Сайханбилэгээс сайхан юм гарахгүй.

-Засаг бүрдээд хамгийн түрүүнд энийг л хийгээсэй гэж та хэлж байна уу?

-Тийм. Яг эндээс  ажлаа эхлэх ёстой.

-Парламентад суудалгүй намуудын идэвх сүүлийн үед суларсан юм шиг. Цаг үеийн асуудлаар уулзажсанал солилцож байгаа юу?

-Бид амьд бас эв нэгдэлтэй байгаа. Бидний хооронд ямар ч зөрчил байхгүй харин ч улам нягтарч нэгдэж байна. Өнөөдөр уулзаж хэвлэлийн хурал хийхээр ярьсан. Ч.Сайханбилэгт анхааруулах зүйлүүдээ хэлж өгнө.

-Ямар асуудлуудаар?

-Дээр миний ярьсан болон бусад намын байр суурийг нэгтгэж сануулга өгнө. Та ийм зүйлүүдийг хийж болохгүй шүү гэдгийг тодорхой гаргаж тавина. Бидний анхааруулгыг зөрчөөд эхэлбэл Ч.Сайханбилэгтэй хатуу тэмцэнэ. Өөрөө чуулганы хуралдаанд хүмүүсийн асуултад хариулахдаа хэлж байна лээ “Олон түмэнд таалагдах эсэх нь хамаагүй” гэж. Олон түмэнд таалагдахгүй, Оюутолгойд таалагддаг Ерөнхий сайдтай байвал хэрэггүй шүү дээ. Бидэнд олон түмэндээ таалагддаг Ерөнхий сайд л  хэрэгтэй.

-Сүүлийн үед улстөрийн намууд ч, улстөрчид ч хариуцлага, алдаа дутагдал ярихаар бид биш Үндсэнхуулиас боллоо. Хууль алдаатай учраас бидний улстөрийн  тоглолт буруу болсон  гэцгээх юм. Энэ талаар?

-Алдаа Үндсэн хуульд биш түүнийг өөрчилсөн нөхдүүдэд  байгаа юм. Үндсэн хуулийг өөрчилсөн хүмүүс тодорхой шүү дээ. 1999 онд АН-ынхан байсан, тэд өөрчилсөн. Дахиад 2000 онд өөрчилсөн, тэрийг Ардын намын тухайн үеийн удирдлага хийсэн. Үндсэн хууль гай болоод байгаа бол тэрийг өөрчилсөн хүмүүс Монголд үнэхээр том гай тарьсан. Одоо манай Ерөнхийлөгч л гэхэд л Үндсэн хуулийг өөрчлөхөд оролцсон хүний нэг. Үндсэн хууль гайтай бол миний гайнаас боллоо гэдгээ хэлэх хэрэгтэй. Түүний дараа Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай ярих ёстой. Би мөн ч их гайтай хүн шүү, надаас болж төр хямарч байгаа шүү  гэдгээ эхлээд хүлээн зөвшөөрөх учиртай. Үндсэн хуульд өөрчлөлт хийсэн хүмүүс бүгд тэр алдаагаа зарлаад уучлалтаа гуйчих. Түүний дараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах юм уу, шинэчлэх үү гэдэг асуудлыг яримаар байна.

-Эцэст нь нэг асуулт байна. Улс орноо хөгжүүлэх, өөд нь татахын тулд бид яах ёстой вэ?  

-Улс орны эдийн засгийг өөд нь татахад яг үнэндээ тийм ч хэцүү асуудлууд байхгүй. Үндсэндээ төрд ажиллаж байгаа хүмүүс л хариуцлагатай байх ёстой юм. Буцаад хариуцлага тооцдог байх учиртай. Шударга ёсыг эрхэмлэж, хоёргүй сэтгэлээр, монголчуудын хэлдэгчлэн төрийн хүн чөмгөө дундартал зүтгэдэг байвал нэг их том бэрхшээл байхгүй. Даанч тэд тийм байж чадахгүйд л учир байгаа юм.