m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.25 02:01
98
Калибек Кобландин: Иргэний харьяалалтай холбоотой Засгийн газар хоорондын гэрээнүүд хийнэ

Манай улстай хамгийн ойр, сайн харилцаатай улсын нэг нь Бүгд Найрамдах Казахстан улс. Одоогийн байдлаар 100 мянга гаруй казак иргэн Монголд ажиллаж, амьдардаг юм. Түүнчлэн казах үндэстний уугуул соёл иргэншлийг хадгалж чадсан ганц улс байдаг нь Монгол гэдэг. Энэ мэт сайн харилцаатайг тодотгох олон зүйл бидний хооронд бий. 20 гаруй сая хүн амтай, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын нэг болохоор зорьж буй Казахстан улстай Монгол улс ямар харилцаатай байгаа талаар тус улсаас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Калибек Ибрагимович Кобландинтай ярилцлаа.

-Жил бүрийн арванхоёрдугаар сарын 16-нд Казахстан улсын Тусгаар тогтнолын баяр тохиодог. Удахгүй болох баярын мэндийг хүргэж ярилцлагаа эхэлье?

-Баярлалаа. Юуны өмнө улсаа төлөөлөн сууж байгаа Элчин сайдын хувьд өнөөгийн Казахстан хэрхэн хөгжиж буй талаар танай сониноор думжуулан Монголын уншигчдад товчхон мэдээлэл өгөх хэрэгтэй болов уу.

Казахстан Улс эдүгээ тусгаар тогтносон, эдийн засгийн хүчин чадалтай, олон улсын тавцанд оновчтой бодлого баримталдаг, энхийг эрхэмлэгч улс орнуудын нэг болж чадлаа. Мөн 2050 он хүртэлх хөгжлийн стратеги хөтөлбөрөө батлаж, дэлхийн хамгийн өндөр хөгжсөн 30 улсын эгнээнд орохыг төлөвлөж байна. Ард түмэн маань улсын үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарт ололт амжилтад хүрэхийн төлөө хөдөлмөрлөж яваа. Мөн гадаад бодлогын хувьд бүх улс оронтой найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд ихээхэн анхаарч байна. Цаашид олон улсын тавцанд Казахстан нь дэлхийн аюулгүй байдлыг хангах хөтөлбөрт өөрийн хувь нэмрээ оруулах зорилгоор 2017-2018 онд НҮБ-ын Аюулгүй байдлын Зөвлөлийн Байнгын бус гишүүнээр элсэхийг төлөвлөж байгаа.

-Монгол, Казахстан улс дипломат харилцаатай болоод 22 жил болжээ. Харьцангуй бага хугацаа ч энэ хооронд хийж бүтээсэн ажлууд олон гэж гадаад харилцааны салбарынхан хэлдэг юм билээ?

-1992 оны нэгдүгээр сарын 22-нд Бүгд Найрамдах Казахстан улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаатай болсон түүхтэй. Удалгүй 1993 оны аравдугаар сард Бүгд Найрамдах Казахстан улсын Ерөнхийлөгч Н.Назарбаевын хийсэн анхны төрийн айлчлал нь хоёр улсын хоорондын харилцааны үндсийг тавьсан гэж болно. Айлчлалын үр дүнгээр хоёр улсын удирдлагууд “Бүгд Найрамдах Казахстан улс, Монгол Улс хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Гэрээ”-г үзэглэсэн юм. 1997 оны тавдугаар сард Улаанбаатар хотод Бүгд Найрамдах Казахстан улсын дипломат төлөөлөгчийн газрыг нээсэн бөгөөд 2007 оны нэгдүгээр сард Элчин сайдын яам болгон өөрчилсөн байдаг. Энэ нь хэдий бага хугацаа ч хоёр улс чамгүй олон салбарт амжилттай хамтран ажиллаж байна.

-Тэр дундаа эдийн засгийн салбарыг онцлох байх. Хоёр улс 2009 онд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаатай болсон шүү дээ?

-Хоёр улс эдийн засгийн салбарт хамтрах бүрэн нөөц бололцоо бий. Өнгөрсөн тавдугаар сард Улаанбаатар хотноо Монгол-Казахстаны Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг зохион байгуулсан. Хуралдааны үеэр хоёр улсын хоорондын худалдаа, эдийн засгийн, соёл, хүмүүнлэгийн харилцааг өргөжүүлэх тухай асуудлуудыг хэлэлцэж тодорхой арга хэмжээ авахаар ярьж чадсан. Тухайлбал, Казахстан, Монголын хоорондын одоогийн худалдааны эргэлтийн хэмжээ тийм сайн биш байна. Хоёр талын худалдааны хүчин чадалд нийцэхгүй байгаа. Тодруулбал, Монголын статистикийн мэдээллээс харахад өнгөрсөн онд хоёр улсын хоорондын нийт худалдааны эргэлт 34 сая ам.доллар болсон бол 2014 оны есдүгээр сарын байдлаар худалдааны эргэлт 26 сая ам.доллар болж буурсан. Тиймээс худалдааны эргэлтийн хэмжээг сайжруулах чиглэлээр тодорхой ажлуудыг санаачлан хийхээр ярьж байна.

-Манай улсад оруулж байгаа хөрөнгийнхөө хэмжээгээр Казахстан нь 35-д жагсдаг гэсэн албан бус мэдээлэл бий. Мөн манайд Казахстаны хөрөнгө оруулалттай 34 компани байдаг гэсэн. Цаашид хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд юуг анхаарах хэрэгтэй гэж бодож байна вэ?

-Монголд Казахстантай хамтарсан компаниудын талаар янз бүрийн тоо бий. Гэхдээ тэдний ихэнх нь жижиг худалдаа эрхэлдэг. Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдүүлэх тухай хууль батлагдах хэрэгтэй байна. Ингэснээр хоёр улсын хооронд Дунд хугацааны эдийн засгийн хөтөлбөр гарсны дараа, худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой гэж харж байгаа. Үүнтэй холбогдуулан, 2017 онд Астана хотод зохион байгуулагдах “ЭКСПО-2017” олон улсын үзэсгэлэнд Монголын төлөөлөгчид оролцох нь хоёр улсын хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжилд том хувь нэмэр оруулах болно.

-Казахстан, Монгол Улс газарзүйн байршилд их ойрхон хэрнээ хоёр орны эдийн засаг, худалдааны хэмжээ төдийлөн санасан хэмжээнд хүрэхгүй байна. Энд юу саад болж байна. Казахстаны бизнесийнхэн манайд хөрөнгө оруулах сонирхол хэр байдаг вэ?

-Монголын тал Казахстаны цөмийн эрчим хүч, ашигт малтмалын ордуудыг ашигтай ашиглах, улаан буудай, газрын тосны бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх тал дээр хамтран ажиллах сонирхолтой байгаа гэдгээ илэрхийлсэн. Мөн тэдгээрийг тээвэрлэх боломжуудыг өргөжүүлэх, бүтээн байгуулалтыг хөгжүүлэх, байгаль орчноо хамгаалах чиглэлээр ч хамтран ажиллахад бэлэн байна. Тухайлбал, цөлжилттэй газар нутагт заг тарих зэрэг ажлуудын туршлагыг солилцох сонирхол бий. Түүнчлэн Казахстан улсын сонирхлыг Монголын уул уурхайн үйлдвэрлэл тэр дундаа Эрдэнэтийн зэсийн уурхай зэрэг бүтээгдэхүүнүүд ихэд татаж байна. Хөдөө аж ахуйн салбарын хувьд мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур бэлтгэх үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, зам барих, барилгын салбарт ч өргөн боломжууд байна.

-Эдийн засгийн салбараас гадна хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг зохицуулж буй 40 орчим гэрээ, хэлэлцээр үйлчилдэг. Цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр ямар гэрээ, хэлэлцээр хийх бол?

-1991 оноос өнөөг хүртэл хоёр улсын хооронд 40 гаруй хоёр талын гэрээ, хэлэлцээрүүдийг байгуулсан байдаг. Цаашид хоёр улсын  иргэний харьяаллаас гарах, орох дүрэм, журам, ялтан шилжүүлэх, боловсролын байгууллагуудын бичиг баримтуудыг өөр хоорондоо таних тухай Засгийн газар хоорондын гэрээнүүд хийхээр бэлтгэж байна. Өнгөрсөн есдүгээр сард Астана хотод хоёр улсын Гадаад харилцааны яамдын Консулын зөвлөлдөх уулзалт болсон. Уулзалтын үеэр хоёр улсын иргэдийн эрх ашгийг хамгаалах, бичиг баримт бүрдүүлэлт зэрэг асуудал  хэлэлцсэн.

-Манай улс соёл боловсролын салбараар олон улстай түлхүү холбогддог. Монгол Казахстан улсын хувьд хэрхэн хамтарч байна вэ?

-Энэ салбарт хийж байгаа ажил нь хоёр орны харилцаанд томоохон орон зайг эзэлдэг. Казахстан, Монголын хооронд соёл, боловсролын салбарын хамтын ажиллагааны 10 гаруй гэрээ, хэлэлцээр байгуулагдсан. Засгийн газар хоорондын боловсролын салбарт байгуулсан гэрээний дагуу жил бүр хоёр улсын их дээд сургуулиудын оюутан солилцоог зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд Казахстаны их дээд сургуулиудад Монголын найман иргэн бакалавр, магистрын зэргээр сурч байна. Харин Казахстаны талаас ХААИС-д 13 магистрант сурч байна. Казахстан болон Монголын Боловсролын яамдууд 2001 онд Баян-Өлгий аймагт Дорнод Казахстаны улсын их сургуулийн салбар сургуулийг нээсэн. Монголд жил бүр Казахстан, Монголын хамтарсан этно-археологийн экспедици ажилладаг. Тэд эртний Түрэгийн үеийн соёлын хөшөө дурсгалууд, казахуудын түүх, соёлын судалгааг хийдэг юм. Казахстан болон Монгол Улсад зохион байгуулагддаг эрдэм шинжилгээний бага хурал, урлаг, соёл, спортын арга хэмжээнд талууд идэвхтэй оролцсоор ирсэн. Тухайлбал, энэ жил Казахстанд болсон Азийн дугуйчдын уралдаанд Монгол тамирчид, харин Улаанбаатарт зохиогдсон Азийн барилдааны наадамд Казахстаны тамирчид оролцсоныг дурдаж болно.

-Хэдэн жилийн өмнө Улаанбаатар хотод Казахстан улсын соёлын төв нээгдэж байсан. Энэ төв үйл ажиллагаагаа явуулж байгаа юу?

-Өмнө нь Улаанбаатарт Казахын соёлын төв үйл ажиллагаа явуулдаг байсан. Гэвч тус төв нь санхүүгийн асуудалтай холбогдолтой хаагдсан юм. Харин одоо Элчин сайдын яам Монгол Улс дахь казах ахан дүүс, нийгмийн байгууллагуудтай хамтран Казахын соёлын төвийн үйл ажиллагааг сэргээх асуудал яригдаж байна. Ер нь цаашид Казахын соёлын төв үйл ажиллагаагаа явуулна гэдэгт итгэлтэй байгаа.

-Дэлхийн 38 улс оронд казах үндэстэн байдаг. Эдгээрээс казах үндэстний уугуул, соёл иргэншлийг хадгалж чадсан нь ганцхан Монгол. Цаашид манай төр засгаас казах үндэстний талаар ямар бодлого баримтлаасай гэж үздэг бэ?

-Дэлхий дахинд казахууд Хятад, Европ, Турк, Орос, Төв Азийн улсууд болон Монголд амьдардаг. Монголд одоогийн байдлаар 100 мянга гаруй казах иргэн  амьдарч байгаа. Тэдний ихэнх нь Баруун аймгуудад буюу Баян-Өлгий, Ховдод амьдардаг. Монголын казахуудад казахын нэн эртний ёс заншил, аж амьдралын байдал, бүргэдээр ан хийх, уран зохиол, гар урлал зэрэг нь хадгалагдан үлдсэн. Энэ нь Казахстан болон дэлхийн шинжлэх ухааны анхаарлыг ихээхэн татаж байна. 90-ээд оны үед Казахстанд Монголоос 60-80 мянга гаруй казах иргэн нүүж очсон байдаг. Гэхдээ зарим нь эргээд ирсэн. Казахстан улсад нүүж очсон иргэдэд хуулийн дагуу иргэншил өгч, улсаас мөнгөн тусламж үзүүлэх, сургуульд сурах, ажилд ороход тодорхой хэмжээний туслалцаа үзүүлдэг байсан. Энэ ажил цаашид ч үргэлжилнэ гэж бодож байна. Монголд ажиллаж, амьдарч байгаа казахууд, Монгол Улсын иргэний хувьд бусад ястан үндэстнүүдтэй тэгш эрхтэй, эв найрамдалтай, найрсаг аж төрж байна. Казахууд их амьдардаг газар нутагт казах хэл дээр сургалт явуулдаг сургуулиуд байдаг нь Монголын төр засгаас явуулж буй оновчтой бодлогын үр дүн гэж боддог. Цаашид казах иргэдийн талаар явуулж буй бодлого үргэлжлээсэй гэж хүсч байна.

-Казахстан ОХУ, Беларусьтай хамтарч Евразийн эдийн засгийн холбоо байгуулсан. Уг холбоонд орсон нь танай улсын хувьд ямар ач холбогдолтой бэ?

-Ирэх оны нэгдүгээр сараас эхлэн Казахстан, Беларусь болон ОХУ-ын байгуулсан Евразийн Эдийн засгийн Холбоо үйл ажиллагаагаа эхлэнэ. Тодруулбал, тус Холбоонд Армен, мөн жилийн эцэст Киргизстан нэгдэх сонирхолтой байгаа. Холбооны үндсэн зорилго нь дэлхийн интегралчлалийн үзэл санааг дэмжиж, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх юм. Холбооны гишүүдийн хооронд гаалийн татвар чөлөөлөгдөж, улс хоорондын эдийн засгийн болон нийгмийн хилүүд нээгдэх юм. Мөн бараа бүтээгдэхүүн, капитал, ажил үйлчилгээ, хүмүүсийн харилцааны хөгжлийн зам өргөжинө гэж үзэж болно. Үүнтэй холбоотой, Монгол Улсын ОХУ-тай нийгэм, худалдаа, эдийн засгийн харилцаа холбоог өргөжүүлэн хөгжүүлэх тухай гэрээг үндэслэн, Монгол Улс Евразийн эдийн засгийн холбооны ажилд сонирхлоо илэрхийлнэ гэдэгт найдаж байна. Ер нь Казахстан болон Монгол Улсын хөгжлийн ирээдүй асар их. Энэ дашрамд нэг зүйлийг тодотгон хэлмээр байна. Бүгд Найрамдах Казахстан улсын Ерөнхийлөгч Н.Назарбаев “XXI зуун Еврази тивийн сэргэн мандалтын үе болно. Нар Казахстаны тал нутагт мөн Монголын тал нутагт ч мандана. Казахууд бол Монголын нийгмийн нэгээхэн амьд хэсэг бөгөөд манай улсуудыг холбогч гүүр юм” гэж нэгэнтээ хэлсэн байдаг. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хөдөлмөрч ард түмэн, байгалиас заяасан асар их нөөц баялаг төгс орнууд байна. Монгол, Казахстанд хөгжил дэвшлийн сайхан ирээдүй буй. Энэ ирээдүйн төлөө хамтаараа урагшилцгаая” гэсэн үгс нь нөхөрсөг хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг тодорхойлох үндсэн буюу чухал хүчин зүйл болж байгааг хэлье.