m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.25 02:16
34
Нийгмийн даатгалын багц хуульд өөрчлөлт оруулахыг чуулганаар хэлэлцэнэ

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан Төрийн ордны "А” танхимд эхэллээ. Тус хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Байнгын хорооны хуралдаанд хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ танилцуулж байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 4-т ”Асрамжийн газар асруулж буй тэтгэвэр авагчид урьд тогтоогдсон тэтгэврийнх 30 хувийг олгож болно” гэж заасан нь агуулгын хувьд тус хууль болон Нийгмийн халамжийн тухай хуультай зөрчилдөж байгаа юм. Иймд Нийгмийн даатгалын тухай болон бусад хууль тогтоомжтой уялдуулах зорилгоор хуулийн энэ хэсгийг хүчингүй болгохоор хуулийн төсөлд санал орууллаа.  Хуулийн төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засагт аливаа сөрөг үр дагавар гарахгүй бөгөөд дараах эерэг үр дагавар бий болно.

Үүнд, Улсын хэмжээнд дөрвөн мянга орчим бүтэн өнчин хүүхэд байдаг. Эдгээр хүүхдэд олгох тэжээгчээ алдсаны тэтгэврийн хэмжээ нэмэгдэж,  хүүхдийн нийгмийн баталгаа нь сайжирна.

Мөн тэтгэврийн даатгалын сангаас тэжээгчээ алдсаны тэтгэвэр авдаг 0-19 насны 11 мянга орчим хүүхэд байдаг. Үүнээс хоёр асран хамгаалагч буюу аав, ээж нь даатгуулагч байсан бүтэн өнчин хүүхдийн тоо 200 орчим хүүхэд байна. Эдгээр хүүхдүүдийн тэтгэврийн нэмэгдэлд сард дундажаар 15 сая орчим төгрөг шаардагдана.

Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авахдаа эмнэлгийн хуудас авснаас хойш хүндэтгэх шалтгаантай бол зургаан долоо хоногийн  дотор өргөдөл гаргах, баримт бичгийг бүрдүүлэн өгөхөөр заасныг зургаан сарын дотор болгон өөрчилсөнөөр тэтгэмж авахтай холбоотой иргэдийн гомдол байхгүй болж, амаржсаны дараах орлого буурах үеийн нийгмийн баталгаа нь хангагдана.

Асрамжийн газарт асруулж тэтгэвэр авагчийн тэтгэврийг нь бүрэн олгож, Нийгмийн даатгалын тухай болон бусад хууль тогтоомжтой зөрчилдөх асуудлыг шийдвэрлэгдэнэ хэмээн хуулийн төсөл санаачлагч хэллээ.

Ингээд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэх гишүүн гарсангүй. Нийгмийн даатгалын тухай багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэхийг гишүүд дэмжлээ.