m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.25 02:33
35
Даатгалаа сар, жилээр нь төлөх тухай хуулийн төсөл дэмжигдлээ

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Яг одоо Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж буй бөгөөд тус өөрчлөлт нь даатгуулагч шимтгэлээ сар, улирал, жилээр төлж болох тухай юм. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол тэргүүтэй 15 гишүүн санаачлан өргөн мэдүүлсэн билээ.

Монгол Улсын эдийн засаг, хүн амын хөдөлмөр эрхлэлтэд мал аж ахуй томоохон байр суурь эзэлж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувийг мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн байгаа бол нийт өрхийн 20 орчим хувь нь зөвхөн мал аж ахуйн орлогоор амьжиргаагаа залгуулж байгаа малчин өрх байна. Нийгмийн даатгалын байгууллагаас гаргаж буй мэдээллээр 25 мянган малчин буюу нийт малчдын зургаа орчим хувь нь Нийгмийн даатгалын шимтгэл төлж байна. Иймд малчдын нийгмийн даатгалд хамрагдах хүрээг нэмэгдүүлэх зорилгоор шимтгэл төлөх хугацааг тэдний эрхэлж буй үйлдвэрлэлийн онцлогтой уялдуулан уян хатан зохицуулах шаардлага зүй ёсоор гарч байна.  Тиймээс  Нийгмийн даатгалын тухай хуульд уламжлалт мал аж ахуй эрхэлж буй иргэн нийгмийн даатгалын шимтгэлийг сар, улирал, жилээр төлж болохыг шууд тусгах нь зүйтэй хэмээн хуулийн төсөл санаачлагч Д.Оюунхорол хэлэв.

Ингээд Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэхийг гишүүдийн олонхи дэмжлээ. Үүгээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.