m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.25 02:47
107
Зодуур даадаг Цээмаа


    Хүүхэд байхдаа бэлчирийн үзүүрийн энгэрт хамт өвөлждөг байсан“Улаан Ренчин”ахад үнэн голоосоо дургүй байлаа. Улаан гэж хочилсон шалтгаан нь тэр өдөр болгон архи уудаг, уухаараа эхнэр Цээмаагаа адгийн үгээр доромжилж нүүр нүдгүй балбана. Авч суухын өмнө арван хурууг чинь алтаар дүүргэнэ гэж амладаг байсан ч авааль болгосныхоо дараа араншингаа харуулах нь тэр. Нутгийн хөгшчүүл хааяа цай ууж хууч хөөрөнгөө “Ээ дээ энэ улаан Ренчингийн хөвгүүдтэй л охиноо суулгахгүй юм шүү, манай Цээмаа ч үнэхээр муухан эрээс дөнгүүр зодуур даах юм даа” гэж халагладаг байв.
Цээмаа эгч үнэхээр ноомой хүлцэнгүй нэгэн байв. Тэр хичнээн зодуулж доромжлуулсан ч хоол унд хийх, хүүхдүүддээ дээл хувцас оёж өгөх, мал муулах, адуунд явах гээд бүсгүй хүнээс эхлээд бүстэй хүний хийж болох бүх ажлыг хийнэ.Хөхүүн өвлийн тэр нэг шуурганаар адуунд яваад хуруугаа хөлдөөчихөөд ирэхэд нь улаан Ренчин уруулыг нь сэт цохиж байсныг би одоо ч мартдаггүй юм.
 Өнөөдөр Монголын нийгэмд Цээмаа шиг амьдарч байгаа субъект бол хувийн хэвшил, бизнесийн байгууллагууд юм. Улаан Ренчин шиг улс төр,зодуурын Засаг, татвар, мэргэжлийн хяналт, яам тамгын газар, хэлтэс, янз бүрийн зохицуулах хорооны нүдүүрэнд 20 гаруй жил дарлуулж яваа“Цээмаануудаа” одоо хайрлах хэрэгтэй. Үгүй бол хожимдоно тэр дахиж хэзээ ч босохгүй байж мэднэ. Цээмаа эгчийн бие муудвал Ренчингийнх гэдэг айл сүйрэхтэй адил хувийн хэвшил уналтанд орвол улс орон мөхөлд хүрнэ. Өнөөдөр Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 78%, улсын нийт ажиллах хүчний 70%, боловсруулах үйлдвэрт 91%, Хөдөө аж ахуйд 100%, барилгын 93%, татварын орлогын 30%-ийг хувийн хэвшил бүрдүүлж байна.Одоогийн байдлаар Татварын ерөнхий газарт бүртгэгдсэнээр 92,000 компани үйл ажиллагаа явуулж буй. Үүнээс дөнгөж 34600 нь байнгын ажиллагаатай байж татвараа тогтмол төлдөг. Яг үнэндээ энэ хэд л хүмүүсийг ажилтай байлгаж, цалинжуулж, шинэ техник технологи нэвтрүүлж, улс орны бүх ачааг үүрч яваа.
Албан тушаалтнууд тэдний урсгасан хөлсөөр том хар машин, тороор хүрээлсэн хаусанд амьдарч байгаа гэдгээ ухаарах цаг хэзээ вэ?

Саяхан татварын хэлтсийн Ренчингүүд хөөрхий муу Цээмааг "сайн" зодсоныхоо төлөө өөрсдийгөө 2,5 тэрбум төгрөгөөр урамшуулсан баримт дэлгэгдсэн. 

Саяхан татварын хэлтсийн Ренчингүүд хөөрхий муу Цээмааг “сайн” зодсоныхоо төлөө өөрсдийгөө 2,5 тэрбум төгрөгөөр урамшуулсан баримт дэлгэгдсэн. Цахим ертөнц гээч нээлттэй нийгмийн буянаар тэрхүү мөнгийг эргэн төлүүлэх шийдвэр гарлаа. Харин Ренчингүүд урамшууллын мөнгөөрөө“уугаад” дуусгачихсан бол яана аа? Дахиад л Цээмаагаа зодож мөнгө олохоос өөр гарц үлдээгүй болов уу хэмээн айж сууна.Тэдний нударга, чөдөр, тушаа дэндүү хүчтэй. Шалгана, шаардана, хаана, бооно, хориглоно, зогсооно, торгоно, мэдэгдэнэ заримдаа бүр хүчиндэнэ. Гэхдээ энэ юу ч биш. Чиглэл чиглэлийнх нь дүрэм журмыг нарийвчлан судалбал бүр ч “игзаар” хөдөлгөм заалтууд бий. Ийм хүчтэй чөдөр тушааг гартаа атгаж суугаа болоод ч тэр үү манай төрийн түшээд их ямбатай. “Төрийн ажил хэцүү, төрд хэцүү ажил хийхээр ирсэн, би түмний төлөө өөрийгөө золиосолж яваа” ч гэх шиг романтик халилт хийнэ. Би дахиад хэлье хамгийн хүнд ажлыг төрийнхөн биш хувийнхан нугалж яваа. Улс төрчдийн популизм, урагшгүй хууль, утопи дүрэм журманд дарлуулж дуусаагүй байтал энгийн иргэд нэмж нүд үзүүрлэнэ. Хөрөнгөтнийг ад үздэг хуучин нийгмийн үзэл санаа одоо хүртэл үнэртсээр л байна. Балаг бүтээж байгааг нь биш баялаг бүтээж байгааг нь, улсаа зарж байгааг нь биш хөлсөө зарж байгаа нэгнээ дэмжиж хайрлах цаг болсон. Сүүлийн хоёр жилд манай улсын хувийн хувьсгалын өр хоёр дахин нэмэгдлээ. Тун удахгүй бид өрийн дарамт, эдийн засгийн хямралыг өшөө хүчтэй нэгжээр мэдрэх болно.Энэ бүхнээс гарах хамгийн том аврал бол хувийн хэвшилээ дэмжсэн шиг дэмжиж түшсэн шиг түших. Дэмжинэ гээд заавал гар бие оролцоод хүрз бариад гүйгээд байх хэрэггүй. Зүгээр л чөдөр тушаа болсон дүрэм журмаа тайлж өгөөд тэдний нэгдэн нийлж, үндэстэн дамнасан том корпораци, олигархиуд болох таатай орчинг нь бүрдүүлээд өг. Өөр юу ч хэрэггүй. Тэдэнд ухаан, ур чадвар, урагшаа тэмүүлье гэсэн хүсэл мөрөөдөл бүгд байгаа ахиж битгий оролц. Тэд өөрсдөө хариуцлагаа үүрээд мөнгөө босгоод улс орны хөгжлийг өргөөд өгчихнө санаа зовох ч хэрэггүй.Бид сүүлийн 25 жил дарга нарыг хайрлаж, шүтэж, дэмжиж үзлээ. Нэмэргүй юм байна гэдгийг ч ойлголоо. Одоо харин хувийн хэвшилээ шүтэж хайрлах цаг болсон юм биш үү? Хувийн хэвшилийг хайрлая аа Монголчууд аа

Нийтлэлч, Б.Мөнхцэлмэг