m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.25 04:02
45
Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төсөл өргөн барив

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өнөөдөр Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.

     Өнөөдрийн байдлаар манай улсад согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий спиртийн долоо, архины 57, шар айрагны 19, дарсны 10, нийт 93 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.

  Эндээс үзэхэд согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн тоо хэт олон байгаагаас зах зээл дэх архины нийлүүлэлт, далд сурталчилгаа ихэсч, хүн амын архины хэрэглээг нэмэгдүүлэх, чанарын шаардлага хангахгүй архи үйлдвэрлэх үндэс болж байна хэмээн хууль санаачлагч үзжээ. 

Тиймээс хуулийн төсөлд согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах, үйлчлэхэд тавих хяналттай холбогдсон харилцааг зохицуулахаар заасан бөгөөд согтууруулах ундааны спиртийн агууламжийн хэмжээг харгалзан ялгамжтайгаар тогтооно. Тухайлбал, өндөр агууламжтай согтууруулах ундаанд 18 хувиас аас дээш спирт агуулсан, спиртийн сул агууламжтайд 18 хувиас доош спирт агуулсан согтууруулах ундааг хамааруулах ба худалдаалах, үйлчлэх тусгай зөвшөөрөл нь ялгамжтай байх аж.  Мөн өндөр агууламжтай согтууруулах ундааг зөвхөн дагнасан цэгээр худалдаалах бөгөөд хоёр мянган хүн ам тутамд нэгээс ихгүй байхаар тооцоолжээ. Харин тухайн цэгт тавигдах шаардлагыг өндөрсгөж, цагийн хязгаарлалт тогтоох юм байна. 

Түүнчлэн үйлдвэрлэх, импортлох тусгай зөвшөөрлийг Засгийн газар, худалдах, үйлчлэх тусгай зөвшөөрлийг сум, дүүргийн Засаг дарга нар олгох юм байна.  Гэхдээ худалдах тусгай зөвшөөрлийг орчны бүсэд оршин суугч иргэдийн 50-иас доошгүй хувийн саналыг үндэслэн хүчингүй болгох бол үйлчлэх тусгай зөвшөөрлийг орчны бүсэд оршин суугчдын 90 хувиас доошгүй иргэд дэмжсэн саналыг үндэслэн олгохоор хуулийн төсөлд тусгажээ. 

Тусгай зөвшөөрлийг олгох тэмдэгтийн хураамжийг үнэ нэмэгдэх бөгөөд ингэснээр төсвийн орлого нэмэгдэнэ гэж үзсэн байна.