m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.25 04:08
147
Хүнсээ таньж, зохистой хэрэглэж сурцгаая

Ер нь амьд организм бүхэн гадаад орчноос хэрэгцээтэй зүйлээ авч оронд нь дотоодод нь илүүдсэн үлдэгдэл зүйлсээ гадагш гаргах байдлаар харилцан солилцож байдаг. Үүнийг бодисын солилцоо гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл бодисын солилцооны үр дүнд химийн янз бүрийн урвал явагдаж дулаан ялгарах төдийгүй химийн шинэ нэгдлүүд үүсч, буцаж задрах зэрэг олон үйл хөдөлгөөн явагдана.


Энэ нь амьд бие махбодын онцлог юм. Хүн бүрийн бие махбодын онцлог шинж, нас хүйс, цусны бүлэг, оршин суугаа газар нутаг, цаг агаар, хөдөлмөр эрхлэлт, уламжлалт ёс заншил  зэрэг олон хүчин зүйлээс  хамаарч хүмүүсийн тэжээлийн бодисуудын хэрэгцээ өөр өөр байдаг.  Тийм болохоор насанд хүрсэн хэн боловч өөртөө ямар хоол хүнс, хооллолтын ямар дэглэм тохирох вэ гэдгийг мэдэж авч, хэрэгжүүлж чадвал жинхэнэ зөв зохистой хооллолт болно. Мэдээж үүний тулд олон талын мэдлэг, мэдээлэл авч, өөрийгөө тогтмол боловсруулах шаардлагатай болдог. Нэг үгээр хэлбэл өнөө үед хүнсээ таньж сонгон зөв боловсруулж зохистой хэрэглэж сурах нь хамгийн чухал болж байна.


 

Хоол хүнс нь хүний организмын физиологийн нэн чухал хэрэгцээ юм. Хүний бие организм маш нарийн динамик тэнцвэр бүхий 60 их наяд (триллион) эд эсээс бүтдэг тухай Японы нэрт эмч, судлаач Хироми Шинья бичжээ. Эдгээрээс хором тутам хэдэн зуун мянган эд эс үхэж, мөн төдий хэмжээний эд эс урган төлжиж байдаг. Гагцхүү хүн амьдралынхаа туршид алдсан энерги, эд эсийн нөхөн хангалтаа зөвхөн хоол тэжээлээр дамжуулан гадаад орчноос нөхөж авдаг. Өөрөөр хэлбэл хүний эд эсийг бүтээгч “барилгын үндсэн материал” нь хоол, хүнс мөн.  Иймд зарцуулсан энерги, алдагдсан эд эсээ гүйцэд нөхөж чадахуйц илчлэг агуулсан хоол тэжээл хэрэглэх шаардлагатай.

Чухамхүү ингэж гэмээнэ хүн биеийн эсэргүүцлээ нэмэгдүүлж, өвчин эмгэгээс хамгаалах нөхцлийг бий болгон эрүүл энх аж төрж, бие бялдарын хувьд чийрэг, эрч хүчтэй, сэтгэл санааны талаар баяр баясгалантай, бас гоо үзэсгэлэнтэй байж чадна.

Дэлхийн  улс орнууд хүн амынхаа эрүүл мэндийг сахин хамгаалахад чиглэсэн  зөв зохистой хооллолтыг хангах төрийн бодлогынхоо үзэл баримтлалыг тодорхойлж, үүнийгээ хуульчлан баталгаажуулж байна. Тэгэхдээ хооллолтын уламжлал, эрүүл мэндээ дэмжин хамгаалдаг дадлыг харгалздаг учраас эрүүл хооллолтын хандлага нь Ази, Европ, Америк тивийн орнуудад ялгаатай. Азийн орнуудад хувь хүний бие махбодийн онцлогийг харгалзсан энергийн харилцан үйлчлэлийн онолыг баримталдаг бол, Европ, Америкт хүнсний бүтээгдэхүүний зохицуулах үйлчлэлийг урьдчилан төсөөлж, шинэ бүтээгдэхүүн буй болгодог бөгөөд   чиг хандлага нь эцсийн эцэст хувь хүний эрүүл мэндийг дэмжин хамгаалах нэг л зорилгод чиглэгдэж байна.
Өдгөө дэлхий нийтийн хүнс хоолны хэрэглээнд “Зөв хооллолт”, “Зохистой хооллолт”, “Тэнцвэржүүлсэн зохистой хооллолт” гэсэн нэг утга агуулгатай номнол бий болж өндөр хөгжилтэй орнуудын хүн ам ийм зарчмаар хооллохыг эрхэмлэх болжээ.  Нөгөө талаар  эрүүл хүнс тэжээл, зохицуулах үйлчлэлтэй хүнс, экологийн цэвэр хүнс, органик хүнс, биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэх мэт шинэ ойлголтууд бий болж энэ чиглэлээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчийн зах зээлд тогтвортой үйл ажиллагаа явуулдаг олон улсын томоохон компаниуд бий болж байна. Үүний нэг нь 1980 оноос хойш зөв зохистой, тэнцвэржүүлсэн хооллолтын чиглэлээр  тогтвортой үйл ажиллагаа явуулж дэлхийн 90 гаруй улс орон, түүний дотор манай улсад  нээлттэй, хууль дүрмийн дагуу бүтээгдэхүүнээ борлуулдаг Herbalife компани юм.

Миний бие хүнс, хоол судлаачийн хувьд монгол хүний хоол хүнс, хэрэглээний боловсрол, соёлын түвшинг дээшлүүлэх зорилгоор хүнс, хоолны бие организмд үзүүлдэг эерэг болон сөрөг нөлөө, хоол хүнсээ боловсруулж, тохируулан хэрэглэх,  зөв хооллолтын дэглэмийн талаар  цуврал нийтлэл бичиж уншигч олонтойгоо санал бодлоо солилцож байгаа билээ.  Иймд хүнс тэжээл судлалын шинжлэх ухааны нотолгоонд үндэслэсэн шинэ нэрийн бүтээгдэхүүний талаар уншигч олондоо мэргэжлийн үүднээс зөв ойлголт өгөхийг эрмэлздэг бөгөөд аливаа сурталчилгааны зориулалтаар бус, зөвхөн баттай баримт, нотолгоонд тулгуурлан хүн амын хүнс тэжээлийн боловсролыг дээшлүүлэхэд зориулан  бичдэг гэдгээ өчье.
Эцэст нь,  хоол гэдэг бол зөвхөн өөрийгөө цатгах гэж л иддэг хүнс бус бүхэл бүтэн соёл бөгөөд хоол хүнсээ хэрхэн сонгож хооллолтын ямар дэглэм сахих нь  таны хувийн шийдэл боловч шинжлэх ухаан технологийн эрин үед хоол хүнсний талаар  олон талын мэдлэг, мэдээлэл авч, өөрийгөө тогтмол боловсруулах шаардлагатай юм. Нэг үгээр хэлбэл өнөө үед хүнсээ таньж сонгон зөв боловсруулж зохистой хэрэглэж сурах нь хамгийн чухал болж байна.

“Хүн идэж ундлахын тулд амьдардаггүй, харин амьдрахын тулд идэж ундалж байдаг”, “Хүн хөгшрөлтөөс биш, харин өвчнөөс болж үхдэг” гэсэн эртний мэргэдийн сургаал, их зохиолч Д. Нацагдоржийн “Жаргалыг хүсвэл эрүүлийг хүс” гэсэн онч мэргэн үгийг ямагт санаж явцгаая.