m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.25 05:59
47
Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барив

УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр УИХ-ын гишүүн, Хуульзүйн сайдын үүргийг гүйцэтгэгч Х.Тэмүүжин “Галт зэвсгийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг өргөн барив.

УИХ-аас 2001 онд баталсан Галт зэвсгийн тухай хууль нь зэвсэгт хүчин, бусад цэрэг, цагдаа, тагнуул, хорих байгууллагын эзэмшилд байгаа байлдааны зориулалттай галт зэвсгээс бусад галт зэвсгийг өмчлөх, эзэмших, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулж байгаа бөгөөд уг хуульд гурван удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна.

Галт зэвсгийн тухай хуульд сумны эргэлттэй холбоотой зохицуулалт байхгүй, галт зэвсгийн хэв загварыг өөрчлөх, үйлдвэрийн бус аргаар хийж бэлтгэсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын хэм хэмжээ байхгүй байна. Иймд хариуцлагын хэмжээг нэмэгдүүлэх, иргэд аж ахуйн нэгжийн өмчилж болох галт зэвсгийн техникийн үзүүлэлт тодорхойлолтыг байлдааны зориулалттай галт зэвсгээс ялгаатай тогтоох шаардлагатай. Үүнд хууль зүйн сайд тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааг бүрэн хариуцаж, хяналт тавьдаг байх хэрэгтэй.

Мөн  буудлага спортын чиглэлээр сургалт, тэмцээнд оролцоход галт зэвсэг, сумны эрэлт хэрэгцээ их байгаа хэдий ч улсын хилээр оруулах асуудал хүндрэлтэй байгаа зэрэг зохицуулалтыг хуульчлах шаардлагатай байгаа болохыг хууль санаачлагч онцлов.

Хуулийн төслийг боловсруулахад галт зэвсгээр үйлдэж буй гэмт хэргийн тоо ихсэж байгаа, улсын хилээр оруулж ирэх явдал ихэссэн, галт зэвсэгтэй холбоотой мэдээ баримтыг нэгтгэх байгууллага тодорхой бус, галт зэвсгийг хадгалах, авч явах, борлуулах зэрэг зохицуулалт нь тодорхой бус, хариуцлагын хэм хэмжээ сул, галт зэвсэгтэй адилтгах хүнийг хөнөөх чадвартай хэрэгслийн талаарх зохицуулалт байхгүй зэргийг судлан үзсэний үндсэн дээр Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах нь зүйтэй гэж үзсэн байна.