m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.25 08:49
43
С.Карякин: Ананд Карлсенд сэтгэлзүйгээр ялагдчихлаа

Сочи хотноо болсон шатрын дэлхийн аварга цолын төлөөх халз тоглолт Норвегийн их мастер Магнус Карлсены ялалтаар өндөрлөсөн билээ. Энэтхэгийн шатарч зургадугаар тавилд өрсөлдөгчөө хожиж, халз тулааныг тэргүүлэх боломж байсан ч хоёр хүү авах нүүдлийг хараагүйгээр барахгүй өөрөө ялагдал хүлээснээр энэхүү дуэлийн хувь заяа үндсэндээ шийдэгдсэн гэхэд болно.

Халз тоглолтыг анхааралтай ажигласан ОХУ-ын их мастер Сергей Карякин ТАСС-д өгсөн ярилцлагадаа “Энэ өрсөлдөөнд Магнус ялах нь эхнээсээ ойлгомжтой байсан. Тэр Сочид дэлхийн аваргын хувиар ирсэн учраас халз тулааны фаворит нь байлаа. Анандын хувьд сүүлийн хоёр өрөгт давуу байдалтай байсан ч ердөө л 0.5 оноо авсан. Өөрөөр хэлбэл тэр сэтгэлзүйгээр ялагдчихлаа. Гэхдээ Виши агуу шатарчин гэдгээ нотолсон. Намайг жаахан хүүхэд байхад л буюу 2002 онд түүнийг “Үхэж буй хун” гэж хочилдог байлаа. Гэвч тэр формоо өдийг болтол хадгалж, дэлхийн шилдэг найман шатарчны дундаас товойн гарч аваргын төлөө тоглох эрхийг авсан нь гайхмаар. Хэдий тийм ч Ананд ахиад дэлхийн аварга болж чадахгүй байх” өгүүлжээ.