m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.25 08:51
212
Цэвэршүүлсэн бохир усаа Туул голд нийлүүлдэг байна

Нийслэл, аймгийн бохир ус цэвэрлэх байгууламжуудын цэвэршүүлсэн бохир усанд МХЕГ-аас хяналт шалгалт хийжээ. Хяналт шинжилгээнд аймаг, нийслэлийн  ахуйн бохир ус цэвэрлэх байгууламж 35, шинээр угсрагдаж байгаа гурван цэвэрлэх байгууламж хамрагдсан байна. Аймгуудын цэвэрлэх байгууламжууд бохир усыг 19-77 хувиар цэвэрлэж байгаа аж. Орхон аймгийн цэвэрлэх байгууламж 77 хувь цэвэрлэж байсан бол Хөвсгөл аймгийн хувьд 19 хувийг нь цэвэрлэж байна. 

Хяналт шинжилгээнд хамрагдсан аймгуудын ахуйн бохир ус цэвэрлэх 28 байгууламжийн  10 ба 35.7 хувь нь механик биологи, 18 ба 64.3 хувь нь зөвхөн механик цэвэрлэгээ хийдэг байна. Архангай, Хэнтий, Баян-Өлгий, Ховд, Хөвсгөл, Сүхбаатар, Сэлэнгэ, Өмнөговь, Завхан аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжууд хүчин чадлаасаа илүү бохир усыг цэвэрлэж байна. Аймаг тус бүрээр харуулбал:


           
Бохирын шугам хоолой хувьд ихэнх аймгууд ширэм, хуванцар, PVC хоолой холимог байгаа ба 5-80 жилийн насжилттай байна. Баян-Өлгий, Төв, Орхон, Дорнод, Дархан-Уул аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжууд дотоодын хяналтын лабораторитай гэнэ. Говьсүмбэрээс бусад аймгийн төвийн ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжаас гарч буй цэвэршүүлсэн бохир усанд аймгуудын Ус цаг уур орчны шинжилгээний лабораторид жигнэгдэгч бодис, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, перманганатын исэлдэх чанар, аммонийн азот, фосфор зэрэг үзүүлэлтээр сар бүр шинжилгээ хийдэг байна.
           
Төв цэвэрлэх байгууламжид ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Итали, Франц, зэрэг улсад үйлдвэрлэгдсэн тоног төхөөрөмжүүдийг хольж суурилуулсан нь хоорондоо уялдаа холбоо муутай, эвдрэл гэмтэл ихтэй, эвдэрсэн үед сэлбэг материалын олдоц муутай, мөн тунгаагуур элс баригч  аэротик зэрэг байгууламжуудын төмөр болон бетон эдлэл  зэвэрч хагарч эвдэрч унасан зэрэг нь хүчин чадлыг бууруулах, технологийн горим алдагдах нөхцлийг бүрдүүлж, хэвийн найдвартай ажиллагааг алдагдуулж байгаа ажээ. 
Аймаг орон нутгийн /Булган, Дорноговь, Завхан, Баян-Өлгий, Увс, Говь-сүмбэр зэрэг/ ихэнхи цэвэрлэх байгууламжууд нь 1970-1990 оны үед  анх баригдсан ба  үндсэн болон туслах тоног төхөөрөмж насос, шугам хоолой хаалт арматурууд тэдгээрийн  барилга байгууламжуудын ашиглалтын хугацаа дуусаж хуучирч муудсан, шороон далан суваг шуудуу нь эвдэрч сэтэрч нурсан, техник технологийн хувьд орчин үеийн норм стандартын шаардлагыг хангахгүй хоцрогдсон, бохир усыг шууд буюу зөвхөн механик цэвэрлэгээгээр цэвэрлэн картанд хаяж байгаа юм. 

Аймгуудын цэвэрлэх байгууламжууд бохир усыг 19-77 хувиар цэвэрлэж байгаа аж



Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжууд цэвэршүүлсэн бохир усаа Туул голд нийлүүлдэг.  “Уу” булангаас Төв аймгийн Алтанбулаг сум хүртэл нийт найман цэгээс авсан шинжилгээгээр цэвэршүүлсэн бохир ус нийлж буй Сонгинын гүүрийн ойролцоо исэлдэх чанар, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, химийн хэрэгцээт хүчилтөрөгч, шим бохирдлын үзүүлэлтүүд, гэдэсний бүлгийн савханцрын тоогоор их бохирдолттой ангилалд хамаарч байгаа юм.
Аймгуудад бохир ус цэвэрлэх байгууламжид цэвэршүүлсэн бохир усыг хөрсөнд шингээх байдлаар хаяж байгаа ба аймгуудын цэвэрлэх байгууламжийн ойролцоох хөрсөнд хийсэн нян судлалын шинжилгээгээр 72.7 хувьд их бохирдолттой, 27.2 хувьд дунд зэргийн бохирдолттой ангилалд хамаардаг. 
Аймгуудын ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжид эмнэлэгийн /халдвартын/ бохир усыг урьдчилан цэвэрлэхгүйгээр шууд нийлүүлж байгаа зөрчил илэрчээ. 

Баян-Өлгий, Төв, Орхон, Дорнод, Дархан-Уул аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжууд дотоодын хяналтын лабораторитай гэнэ



Нийслэл болон аймгуудын ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжуудийн цэвэрлэгээний үр дүн хангалтгүй байгаагаас нийслэлд Туул голын усны бохирдолын түвшин нэмэгдэж байгаа ба аймгуудын цэвэрлэх байгууламжаас гарч буй цэвэршүүлсэн бохир усыг хаядаг орчны хөрс гэдэсний бүлгийн нянгаар бохирдсон байгаа нь хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх түвшинд хүрсэн байна.

Ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжид эмнэлэгийн /халдвартын/ бохир усыг урьдчилан цэвэрлэхгүйгээр шууд нийлүүлж байна