m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.26 01:31
60
"Арсенал"-ын шилдэг 11

Дэлхийн хамгийн олон үзэгчтэй Англий Премьер-лигийн шилдэг багуудын нэг болох Лондоны “Арсенал”-ын бүх цаг үеийн гарааны 11 тоглогчийг танилцуулж байна.

ДЭВИД СИМЭН

Тоглосон хугацаа: 1990-2003

Тоглолт: 564

Симэн харьцангуй хожуу буюу 27 настайдаа “Арсенал”-д хөл тавьсан ч анхны улиралдаа аваргалсан юм. Улмаар Грэмийн удирдлагад Английн цом, Лигийн цом, UEFA-гийн цомтой багуудын цомд түрүүлсэн бөгөөд дараа нь А.Венгерийн үед ч клубийнхээ төдийгүй шигшээгийн гол хүн байв. Мэдээж бүхэл бүтэн 13 жилийн хугацаанд алдаа, оноо аль аль нь байлгүй л яахав. Тэр дундаас 1995 оны Цомтой багуудын цомд Испанийн “Сарагоса”-гийн эсрэг тоглолтод хаалганаасаа хэт урагшаа гарсны улмаас эсрэг багийн хавбек Найимын алсын цохилтыг хааж чадаагүй алдаа хамгийн алдартайд тооцогддог. Иймэрхүү алдааг бас 2002 оны ДАШТ-ий шөвгийн наймд Бразилтай тоглоход давтаж байсан удаатай.

Нөөц тоглогч: Боб Уилсон

 

ПЭТ РАЙС

Тоглосон хугацаа: 1967-1980

Тоглолт: 528

Гоол: 13

Өдгөө А.Венгерийн дасгалжуулагчдын штабт багтдаг 60 настай Райс “Арсенал”-д нийтдээ 46 дахь жилдээ хүчин зүтгэж байна. Үүнээс 13 улиралд нь Пэт баруун жигүүрийн хамгаалалтад тоглосон юм. Түүний оргил амжилт нь 1970/71 оны улиралд тохиосон бөгөөд тэрхүү хавар “Канониорууд” түүхэндээ анх удаа лиг, цомын тэмцээнд түрүүлсэн билээ. Улмаар 70-аад оны сүүлчээс Райс багийн ахлагчийн туузыг зүүх болж. 1984 онд тэрбээр зодог тайлж, төрөлх клубтээ дасгалжуулагчаар ажиллах болжээ.

Нөөц тоглогч: Ли Диксон

 

ТОНИ АДАМС

Тоглосон хугацаа: 1983-2002

Тоглолт: 669

Гоол: 48

Тони 14-тэйдээ “Арсенал”-ын хүүхдийн багт, 17-тойдоо нэгдүгээр багт тоглох болж, 21-тэйдээ ахлагчаар томилогдож, 35-тайдаа зодог тайлсан юм. Багтайгаа хамт 10 цом хүртэж, 700 шахам тоглолтод оролцон хагас зуу орчим бөмбөг оруулж байсан түүнээс жин нэмж хурд хүчээ алдсан, архинд донтсон, зодоон цохион хийсэн…гэх мэт дуулианууд тасардаггүй байлаа. Үүнээс болж “Арсенал”-ын удирдлага карьераа өндөрлөхөд нь штабтаа ажиллах санал тавиагүй гэдэг.

Нөөц тоглогч: Стив Боулд

 

ДЭВИД О`ЛИРИ

Тоглосон хугацаа: 1975-1993

Тоглолт: 722

Гоол: 14

“Арсенал”-ын төлөө хамгийн олон тоглолт хийсэн гэдгээрээ түүхэнд мөнхөрсөн тоглогч бол төвийн хамгаалагч Дэвид О`Лири. Ирланд эр бөмбөг бүрийн төлөө тэмцдэг, үнэнч зан чанараараа хөгжөөн дэмжигчдийн хамгийн хайртай тоглогч болж чадсан бөлгөө. 80-аад оны эхээр Итали, Испанийн хэд хэдэн клуб түүнийг урьсан ч Дэвид “Хайбери”-дээ үлдэхээр шийдэж байв.

Нөөц тоглогч: Фрэнк Маклинток

 

НАЙЖЕЛ УИНТЕРБЕРН

Тоглосон хугацаа: 1987-2000

Тоглолт: 584

Гоол: 42

“Арсенал”-ын хана” хэмээн алдаршсан хамгаалалтын шугамын (Лик Диксон-Тони Адамс-Стив Боулд-Найжел Уинтерберн) нэг гишүүн нь Уинтерберн. Тэрбээр бараг л гарын арван хуруунд багтахаар цөөхөн бөмбөг оруулсан ч дандаа уран гоё гоол хийдэг байлаа. Түүнчлэн Найжелийн алсын болон хөндлөн дамжуулалт нь эзнээ олдог байсан төдийгүй өөрөө торгуулийн талбайд нэвтэрчихсэн үед эсрэг багтаа төвөг учруулж чаддаг байв. Венгерийн эринд “Канониорууд” түүхэндээ хоёр дахь дублиэ хийхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн тэрбээр 2000 онд 37 настайдаа “Вест Хэм”-ийг зорьсон билээ.

Нөөц тоглогч: Кенни Сэнс

 

ЖОРЖ АРМСТРОНГ

Тоглосон хугацаа: 1961-1977

Тоглолт: 621

Гоол: 68

Баруун жигүүрийн тэргүүн хагас хамгаалагчийн төлөөх номинацид Армстронг, Рокасл, Парлор, Юнгберг нар ширүүн өрсөлдөх ч илүү олон тоглолт хийснээрээ “Бяцхан Жорж” жин дарах нь. Намхан, бахим, хурдтай, хөдөлмөрч Армстронг 60-аад оны сүүлч 70-аад оны эхэн үеийн буюу “Арсенал”-ын сэргэн мандалтын анхдугаар эринд багийн лидерийн үүргийг гүйцэтгэж байв. 1970/71 оны улирлын төгсгөлд “Тоттенхэм”-тэй хийсэн шийдвэрлэх тоглолтод түүний оновчтой дамжуулалтаар Рэй Кеннеди хожлын гоол хийн “Арсенал” аваргалж байсан удаатай.

Нөөц тоглогч: Дэвид Рокасл

 

ПАТРИК ВИЕЙРА

Тоглосон хугацаа: 1996-2005

Тоглолт: 406

Гоол: 33

Тулгуурын хагас хамгаалагчийн байрлалд үнэндээ Виейрагаас өөр хүнийг нэрлэхэд хэцүү. Тэр маш богинохон хугацаанд Арсены хөлбөмбөгийн голлох хүн нь болж чадсан. Франц тоглогч орчин үеийн хөлбөмбөгт хамгийн нөлөөтэй байрлал хамгаалах чиглэлийн хагас хамгаалагчийн сонгомол жишээ болсон бөгөөд “хар ажил” хийж, богино дамжуулалтаар нөхдөө ханган, хэрэгтэй үед чухал гоол хийдэг байлаа. 2002 онд Тони Адамс зодог тайлахад дасгалжуулагч Венгер Виейраг багийн ахлагчаар томилж байв.

Нөөц тоглогч: Эммануэль Пети

 

ЛИЭМ БРЭЙДИ

Тоглосон хугацаа: 1973-1980

Тоглолт: 307

Гоол: 59

Түүнийг “Хайбери”-д хүчин зүтгэж асан долоон жилийн хугацаанд “Арсенал” цомын тэмцээнд ганц удаа түрүүлж, лигтээ дөрөвдүгээр байрнаас гараагүй ч ирланд тоглогч бэлгэдлийн шигшээд багтах гавьяаг байгуулжээ. Учир нь тус багт хүчин зүтгэж байсан олон тоглогч нь Брэйдиг “Миний мэдэх хамгийн ухаалаг тоглогч” хэмээн үнэлсэн байдаг. Үнэхээр ч Лиэм гэнэтийн, оновчтой дамжуулалтаараа багтаа нэг бус ялалт авчирч байв. 1980 онд “Ювентус” руу явснаар тэгсгээд мартагдсан юм.

Нөөц тоглогч: Сеск Фабрегас

 

КЛИВ БАСТИ

Тоглосон хугацаа:1929-1946

Тоглолт: 396

Гоол: 178

“Арсенал”-ыг лигийн таван цом авч, Английн цомд хоёронтаа түрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн довтлогч. Клубийн түүхэнд оруулсан гоолоороо Ян Райт, Тьерри Анри хоёр л түүний өмнө бичигддэг. Хэрэв ид тоглох үед нь Дэлхийн II дайн болоогүй бол Бастины гоолын тоо 200-г давах нь тодорхой байлаа.

Нөөц тоглогч: Робер Пирес

 

ДЕННИС БЕРГКАМП

Тоглосон хугацаа: 1995-2006

Тоглолт: 423

Гоол: 120

“Нисдэг голланд-2”-ыг мөрөөдлийн багийн бүрэлдэхүүнд багтаахгүй бол жинхэнэ алдас болох биз ээ. Түүний тухай хөлбөмбөг сонирхогчид хангалттай ихийг мэдэх тул азная.

Нөөц тоглогч: Алекс Жеймс

 

ТЬЕРРИ АНРИ

Тоглосон хугацаа: 1999-2007

Тоглолт: 380

Гоол: 226

Хэдийгээр франц довтлогч хөлбөмбөгчний карьераа “Арсенал”-аас эхэлж, энд дуусгаагүй ч үзүүлсэн амжилт нь сүрдэм. Анри болон түүний нөхөд 1999-2007 оны хооронд Английн АШТ, цомд тус бүр хоёронтаа тэргүүлж, “Арсенал”-ыг Английн төдийгүй дэлхийн шилдэг багуудын нэг болгосон билээ. Тэрчлэн Тьерри лигийн мэргэн буучаар нэг бус удаа шалгарч байв.

Нөөц тоглогч: байхгүй