m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.26 04:21
41
Л.Эрдэнчимэг: 80 мянган хүүхэд боловсрол эзэмших боломж нээгдэнэ

Өргөн баригдсан цагаасаа хойш хоёр жилийн нүүрийг үзээд буй Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы маргаашийн хуралдаанаар хэлэлцэхээр товлогдоод буй. Тэгвэл эл хуулийн төслийг анхлан санаачлагч УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өнөөдөр дэлгэхэнгүй мэдээлэл өглөө.

Улсын хэмжээнд өнгөрсөн оны байдлаар 2-5 насны гурван хүүхэд тутмын нэг нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байна. Угтаа бол сургуулийн өмнөх насны боловсролыг хүүхэд бүрт олгох учиртай. Гэтэл манай улсын өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, нөөц бололцооноос хамаарч одоогийн мөрдөж буй хуулийн хүрээнд 2-5 насны бүх хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулах боломжгүй байгаа билээ. Тиймээс энэхүү нөхцөл байдлыг үндэслэн Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг боловсруулсан хэмээн хуулийн төсөл санаачлагч хэллээ.

Мөн УИХ дахь намын бүлгүүдээс болон гишүүдийн зүгээс гарч байгаа санал, шүүмжлэлд хүүхэд харах үйлчилгээний төвийн стандартыг яаж хангаж байгаа болон аюулгүй байдлыг хэрхэн хангах асуудлыг байнга хөндөж байгаа. Хүн амын бодлого, нийгмийн хамгааллын яамны харьяанд аймаг, нийслэл, дүүрэгт салбар, хэлтэстэй Хүүхдийн төлөө газар үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн орон нутагт ажиллаж байгаа Хүүхэд, гэр бүлийн газар хүүхэд харах үйлчилгээг хариуцаж стандартыг бий болгон, хяналтаа тавиад явна. Түүнчлэн Мэргэжлийн хяналтын газар давхар хяналт тавихын зэрэгцээ тухайн хороо, багийн нийгмийн ажилтан хяналт тавьж, өрхийн эмнэлгүүд хамтарч ажиллана. Хамгийн гол нь эцэг, эхийн хяналт чухал гэдгийг хуулийн төсөлд оруулж өгсөн. Ингэснээр эцэг, эхчүүд тухайн Хүүхэд харах төв дээр эцэг, эхийн зөвлөл байгуулж тодорхой хяналт тавих боломж бүрдэх юм. Гадаадын олон улс оронд хүүхэд харах үйлчилгээгээр сургуулийн өмнөх насны хүүхдийн асуудлыг шийддэг гэлээ.